Шөнийн цэнгээний газар, Ресторан, зочид буудал, амралтын газрууд ирэх оноос нэг хувийн татвар төлнө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг баталжээ. Шийдвэрийн хүрээнд шөнийн цэнгээний газар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар үйлчилгээнд ногдуулдаг хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг хувь болгохоор төлөвлөсөн байна.
Харин автомашин угаалгын үйлчилгээний хувьд усны хэрэглээнээс хамаарч татварын хувь хэмжээг ялгаатай тогтоохоор тусгажээ. Тодруулбал, саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд нэг хувь, цэвэр ус ашигладаг үйлчилгээнд хоёр хувийн албан татвар ногдуулах аж. Ингэснээр цэвэр ус ашигладаг автомашин угаалгын газруудын татварын хувь хэмжээ хэвээр үлдэх юм.
Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл болон согтууруулах ундаанд ногдуулж буй хоёр хувийн албан татварыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэжээ.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.