"Я.Содбаатарын хүн" гэгддэг Т.Жамбалцэрэнг Өвөрхангайн Засаг даргаар томилохын тулд Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлөв үү

Өвөрхангай аймгийн дараагийн Засаг даргын томилгоотой холбоотой улс төрийн үйл явцын өрнөл үргэлжилж байна. Тус аймгийн Засаг дарга асан О.Пүрэвдорж аравдугаар сарын 29-ний өдөр албан ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд түүний орлогч М.Батзориг одоогоор Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа юм.
Түүний оронд Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэнг томилохоор яригдаж байсан бол одооноос ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Жамбалцэрэнгийн нэр яригдаж эхэллээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд түүнийг Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар сонгож, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын "гарын хүн" гэгддэг Т.Жамбалцэрэн нь Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа ч аймгийн Засаг даргад нэр нь яригдаж байсан ч тухайн үед өөрөө зөвшөөрөөгүй гэх мэдээлэл бий.
Тэрбээр МУИС-ийг нийгэм судлалын багш мэргэжлээр төгсөж, МАН-ын улс төрийн ажилтан, Өвөрхангай аймгийн Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын туслах, зөвлөхөөр ажиллаж байсан учраас түүнийг "Я.Содбаатарын хүн" гэх тодорхойлолт дагалддаг. Т.Жамбалцэрэнгийн төрийн албаны карьер 2016 оны сонгуулийн дараа ХХААХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, улмаар Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллан, тус албан тушаалд томилогдсон байна.
Т.Жамбалцэрэн өөр ажилд шилжихтэй холбоотойгоор өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Т.Жамбалцэрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэг ч анхаарал татаж байна.
Т.Жамбалцэрэнгийн ХОМ
- Өөрийн орлого 103 сая,
- Гэр бүлийн орлого 73 сая төгрөг
- Нийт 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууц, барилга байгууламж,
- 38 сая төгрөгийн Suzuki Jimny автомашин,
- 82 сая төгрөгийн мал буюу 37 адуу, 10 сая төгрөгийн газар,
- 85 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл,
- 100 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Транс Партнерс” ХХК, “Ачлалт хүү” ХХК, “Минерал ресоурс менежмент” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-тээ дурдсан байна. Түүнчлэн “Минерал ресоурс менежмент” ХХК, “Очир дайрга” ХХК, “Аурум ресоурс” ХХК, “Ачлалт хүү” ХХК-д хувь эзэмшдэг гэх мэдээлэл байгаа бөгөөд эдгээр компаниудын зарим нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд хайгуулын лиценз эзэмшдэг аж. Ийнхүү 2027, 2028 оны сонгуулийн өмнө орон нутгийн намын бүтцэд өөрчлөлт, томилгооны өрнөл идэвхжиж буй энэ үед Т.Жамбалцэрэн Өвөрхангай аймгийн МАН-ын хороог удирдаж, Засаг даргад нэр дэвшихээр боллоо.
Харин түүнийг Ерөнхий сайд томилох эсэх, аймгийн удирдлагын дараагийн шийдвэр хэрхэн гарах нь анхаарал татаж байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.