Алдуул малаа им, тамгаар нь сураглаад олчихдог монголчууд 158 иргэнээ эрэн сурвалжлаад ч олохгүй байна

Нүүдэлчин монголчууд хоттой хонь, зэлтэй үхэр, дэлтэй адуу малаас нь ганц нэгхэн дутахад л андахгүй бүртгэж, араас нь хэдэн өдөр хоногоор эрэл сурал болж байгаад олоод авдаг гярхай ард түмэн.
Харин сүүлийн үед бүхэл бүтэн хүн алга болчхоод, газрын гаваар орсон мэт сураггүй байгааг энгийн статистик мэдээ шиг л хүлээж авдаг болтлоо нийгмээрээ дөжирсөн гэлтэй.
Цагдаагийн байгууллагаас 2026 он гарсаар алга болсон 3765 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 3607 иргэнийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бол одоогийн байдлаар 49 эмэгтэй, 10 эрэгтэйг эрэн сурвалжилж байна. Өмнөх жилүүдийнхтэй нэгтгэвэл, нийт 158 иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн үг. Сүүлийн хоёр сард гэхэд л дөрвөн хүн сураггүй болоод буй билээ.
-Есдүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн нутагт мод бэлтгэхээр очсон Түнэл сумын иргэн А Цадигийн рашаан руу рашаан уухаар явган гараад сураггүй болсон.
-Аравдугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын малчин, 26 настай Б.Ариунаа малдаа явахаар гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байна.
-Аравдугаар сарын 3-нд Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Г.Шижиртуяа гэрээсээ гараад сураггүй болсныг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж буй.
-Хамгийн сүүлд гэхэд аравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Еmerald” хотхон дахь гэрээсээ гараад сураггүй болсон дуучин Ц.Ариунгоог өнөө хэр олоогүй байна.
Нийгмийн сүлжээгээр ч, CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрийн кассын дэлгэцээр ч “Төдөн сарын төдний өдөр тийм хувцастай гэрээсээ гараад сураггүй алга болсон, эрэн хайж байна” гэдэг зар тасралтгүй хөвөрч байхад бид нэр, дүрийг нь тогтоон харж, холбоо барих утасны дугаарыг нь анзаардаг бил үү.
Хэн нэгний хайртай үр хүүхэд, халамжит ээж, аав, ах, эгч, дүүс сураггүй алга болно гэдэг хэчнээн өр өвдөм зүйл билээ. Амьдын хагацалд тарчилж яваа эрхэм дотнын хүмүүс нь “Амьд, үхсэнийг нь ядаж мэдэх сэн” гээд зүрхээ зүсэж суугаа. Алдуул малаа хүртэл айл саахалт, нутаг хошууныхнаасаа нас, зүс, шүд, им, тамгаар нь хөөсөөр байгаад сураг гаргадаг хэрнээ бие биенээсээ алсарч хотожсон, хүйтэн хөндий өнөөгийн нийгэмд манайхны хэд нь алга болсон хүний тухай мэдээлэлд сонор хандаж, сэтгэл гаргадаг бол.
Үнэхээр тэр алга болсон гэгдэх хүмүүс бидний дунд явж байлаа гэхэд таниад, ар гэр рүү нь биш юм гэхэд цагдаагийнхан руу холбоо барьж мэдээлэл өгөхөөс зайлсхийх хайхрамжгүй нь хэд бол.
“Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх нь цагдаагийн байгууллагын үүрэг шүү дээ” хэмээн өөрсдөөсөө түлхэж холдуулах нь бусдын өмнөөс хариуцлага хүлээхгүй, сэтгэлд амар байж болох ч гэлээ нэг нэгэндээ элэг дотно өөриймсөг хандах хүний нийгмийн ёс, хүн чанарын үүднээс бодвол өөртөө оноож үүрч болох үүрэг мөн буюу. Алга болсон иргэдийг олоход цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлэхийн төлөө сэтгэл дэвсдэг байя!
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.