Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын инфляц хүлээлтээс давсан нь ямар үр дагавар дагуулах вэ

АНУ-ын Хөдөлмөрийн яам мягмар гарагт /2026.11.10/ аравдугаар сарын инфляцын мэдээллийг нийтэлсэн юм. Тодруулбал, аравдугаар сард АНУ-д хэрэглээний үнийн индекс 0.4 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засагчдын таамаглаж байсан 0.3 хувиас өндөр үзүүлэлт болсон юм.

Хөдөлмөрийн яам аравдугаар сард инфляцын түвшнийг жилийн дүнгээр гаргаагүй байна. Учир нь өнгөрсөн жилийн аравдугаар сард АНУ-ын засгийн газар санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон байсан юм. Инфляц жилийн дүнгээр гараагүй ч гэсэн эдийн засагчид өнгөрсөн жилийн аравдугаар сартай харьцуулахад инфляц 4 хувь орчим өссөн байх магадлалтай гэж тооцоолжээ. Есдүгээр сард АНУ-д инфляц жилийн дүнгээр 3.7 хувь байсан юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцын түвшнийг 2 хувь орчимд барих зорилготой ажилладаг.

Аравдугаар сарын мэдээлэл нийтлэгдсэнээр АНУ-ын инфляцын түвшин гурван сар дараалж эдийн засагчдын таамагласан дүнгээс өндөр хэмжээнд гарлаа. Инфляцын түвшин таамагласнаас өндөр гарч буй нь АНУ болон дэлхийд ямар үр дагавар авчрахыг авч үзэцгээе.

АНУ бодлогын хүү өсгөх магадлал өндөр боллоо

Инфляц гурав дахь сардаа дараалж таамагласан түвшнээс өндөр гарсан тул Холбооны нөөцийн сан арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь ойлгомжтой асуудал боллоо гэж шинжээчид үзэж байна. Мягмар гарагт /2026.11.10/ Хөдөлмөрийн яам мэдэгдэл гаргахаас өмнө Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Кристофер Уоллер мэдэгдэл хийхдээ ирэх сард 0.5 хувиар бодлогын хүүг өсгөх саналыг дэмжинэ гэжээ. Холбооны нөөцийн сан ихэнхдээ 0.25 хувиар бодлогын хүүг нэмдэг юм.

Уоллер Английн банкны зохион байгуулсан хуралд оролцох үедээ “Үнийн өсөлт өргөн хүрээг хамарч байгаад би онцгой санаа зовж байна” гэж хэлжээ. Инфляц таамагласнаас өндөр түвшинд гарсан талаарх мэдээнд АНУ-ын зах зээл түргэн хариу үйлдэл үзүүлж, хоёр болон арван жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн байна.

Тодруулбал арван жилийн бондын өгөөж өсөж таван хувийн босгыг давжээ. Энэ бондын өгөөжийн түвшин орон сууц, машин, кредит картын зээлийн хүүг тогтооход чухал нөлөөтэй байдаг. Хоёр жилийн хугацаатай бондын өгөөж 2025 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн том нэг өдрийн өсөлтөө үзүүлсэн байна. Бондын өгөөж өснө гэдэг нь хөрөнгө оруулагчид тухайн бондыг зарж, эрэлт нь буурч байгааг харуулдаг.

Дэлхийд үүсэх дам нөлөө

Инфляцын түвшин өндөр гарснаар ам.долларын ханш чангарч, АНУ бодлогын хүүгээ өсгөх нь бусад орнуудад нөлөөлнө. Уоллер бодлогын хүүг дорвитой нэмэх талаар ярьсны дараа дэлхий даяар бондын өгөөж өсөж, валютуудын ханш суларчээ. Тодруулбал Япон болон Австралийн арван жилийн хугацаатай бондын өгөөж өссөн байна. Мөн дэлхийн томоохон валютуудын эсрэг ам.долларын ханшийг харуулдаг долларын индекс өсжээ. Тус индекс нь ам.долларын ханшийг евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцар франкийн ханштай харьцуулдаг юм.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмснээр хөрөнгө оруулагч нар валютаа ам.доллар болгон арилжих нь нэмэгддэг тул хөгжиж буй орнуудын бонд болон хөрөнгийн зах зээлээс капитал гарах урсгал нэмэгддэг. Мөн ам.доллароор нэрлэсэн бондын эргэн төлөлтийн хэмжээ өсөх сөрөг үр дагавар ажиглагдах төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN, Reuters, Business Recorder

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button