НИЙГЭМНийгэм мэдээ

“Оросоос шатахуун авчирч, Ард түмний колонк байгуулна” гэсэн М.Орхонтуул үгнээсээ буцаж, иргэдийг тохуурхав

"Үнэн худлын дэнс" нэвтрүүлгийн хөтлөгч, иргэн М.Орхонтуул энэ намраас эхлэн шатахууны асуудлаар идэвхтэй "шүгэл үлээж" ирсэн. Тэрбээр энгийн АИ-92 автобензины чанар шалгах багаж бариад ШТС-уудаар хүртэл явсан ч "но" илрүүлж чадаагүй арга мухардсан. Тэгвэл энэ удаад "Ард түмний колонк байгуулна" хэмээн иргэдээс хандив цуглуулж, ОХУ-ыг зорьсон юм байх.

Түүний энэ санаачилгыг 6000 иргэн дэмжиж ₮168 гаруй сая төгрөгийн хандив цугласан гэх. Энэ тухай М.Орхонтуул "Надад ард түмний хандивын мөнгө, итгэл найдвараас өөр зүйл байхгүй. Иргэдээс зургаан хоногийн дотор ₮109 сая цугласан. Зарим нэг хүмүүс намайг луйварчин гэж харааж байна. Би ард түмний колонк байгуулж чадахгүй бол авсан мөнгө бүгдийг нь буцаагаад өгнө. Бүх зүйл шилэн байгаа. Надад зүгээр л итгээд байж бай. Гэхдээ би ажлаа яаж бүтээх тухай дэлгэрэнгүй ярихгүй. Боломж харагдсан учраас л энэ ажил руу зориглосон. Иргэдийн сүүлийн найдвар нь би учраас энэ төлөө зүтгэнэ. Хандив өгсөн хүмүүс хувьцаа эзэмшигч болж зарим нь хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн чанартай, хямд үнээр иргэдэд үйлчилнэ" хэмээн ярьсан.

Тэгснээ өчигдрөөс гэнэт "Энэ ажил бүтэлгүйтлээ гэхэд би хүмүүсийн мөнгийг буцааж өгөх боломжгүй. Харин хэдүүлээ орон нутагт ядуу зүдүү амьдардаг хүмүүст энэ мөнгөөрөө байшин барьж өгье" хэмээн ярьсан бичлэг нь нийгмийн сүлжээнд хүмүүсийн бухимдал, эргэлзээг өрдөөд буй юм.

Тэгвэл салбарын сайд Г.Дамдинням энэ талаар "Монгол Улс чинь хуультай. Хууль мөрдүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагууд нь хийнэ байх" гэв. Дэлхий нийтээрээ шатахууны асуудал хүнд өнөө үед Монгол Улс Засгийн газрын хэмжээнд удаа дараагийн гэрээ хэлэлцээр хийж байж Оросоос шатахуунаа таслахгүйхэн авч буй. Ийм нөхцөлд "ард түмний хандивын ₮168 сая, итгэл найдвараас өөр зүйлгүй" нэг иргэн бие даагаад хамгийн хямд үнээр шатахуун импортолно гэдэг "үлгэр" гэлтэй.

ОХУ-ын дотоод нөхцөл байдал өөрөө хүнд байна. Тухайлбал, Москва бүс дэх шатахуун түгээх станцын хамгийн том сүлжээнүүдийн нэг болох Трассагийн үйл ажиллагааг Засгийн газар нь авах болсон. Үүнтэй холбогдуулан тус компани үйл ажиллагаагаа зогсоосон. Москва бүс дэх Трассагийн 57 шатахуун түгээх станцыг ажиллуулж байсан “EuroTrans” компани есдүгээр сард бондын төлбөрөө төлж чадалгүй дампуурлаа зарласан. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны салбарын "аварга" гэгдэх Роснефть шатахуун түгээх станцууддаа хязгаарлалт тогтоож эхэлсэн. Зарим бүс нутагт хот доторх Роснефтийн станцуудад нэг удаа дээд тал нь 30 литр бензин авах хязгаарлалт тогтоогоод байгаа.

Нөхцөл байдал ийм хүнд байхад энгийн нэг иргэн ШТС байгуулах боломжгүй юм. Наанадаж түүнд тусгай зөвшөөрөл хэрэгтэй. ОХУ-аас түлш, шатахуун оруулж ирэх ажил маш төвөгтэй. Цухас дурдвал хамгийн түрүүнд Улаанбаатар хотод ШТС-уудаа барих ажил. Иргэдийн хандивын ₮168 саяар нэг ШТС ч барьж хүрэхгүй. Цаашлаад Цистерн захиалах, барьцаа төлөх, тээвэр зууч, ОХУ-тай нийлүүлэлтийн гэрээ гэх мэт ажлуудыг "нугалах" хэцүү. Тэр тусмаа хоосон итгэл найдвараас өөр зүйлгүй иргэнд.

Мэдээж Монгол Улсын иргэн чөлөөтэй сэтгэж, бизнес хийж, сайн дурын үндсэн дээр иргэдээс хандив цуглуулах нь түүний эрхийн асуудал байж болох. Харин түүнд итгэж хандив өгсөн 6000 гаруй иргэн буцаагаад мөнгөө нэхвэл асуудал үүсэх эрсдэлтэй. Иргэн М.Орхонтуул өөр дээрээ "гал" авч донсолгоотой энэ цаг үед шатахууны зах зээл рүү орж буй нь анхаарал татаж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button