42 муур, зургаан нохойтойгоо сэтгэлээрээ ойлголцдог Д.Мөнхөө эмээ

Хүн бүрийн амьдралд хайрлаж, халамжлах хэн нэгэн бий. Харин 78 настай Д.Мөнхөө эмээгийн хувьд тэр хайр 42 муур, зургаан нохой, бас өдөр бүр хооллохоор ирдэг 20 орчим тагтаанд зориулагджээ. Түүний амьтдыг хайрлах сэтгэл арваад жилийн өмнө гудамжнаас олсон ганц муурнаас эхэлсэн бөгөөд хамгийн анх тэжээж авсан Алгаа муураа өдгөө 13 дахь жилдээ асарч байна.
Нутгаасаа 20-хон настайдаа гарч Улаанбаатарт ирж насаараа эмнэлэгт асрагч хийсэн тэрбээр тэтгэвэрт гарсан хойноо ч асрах ажлаа орхиогүй. Гагцхүү энэ удаа хүний бус, гудамжинд эзэнгүй тэнүүчилж, өлсөж даарч яваа амьтдын төлөө амьдралынхаа нэгээхэн хэсгийг зориулжээ.
Гудамжинд өлссөн муур, нохойтой таарахад халаасанд нь хэдэн төгрөг байвал хуушуур, талх авч өгнө. Талхны булан ч болов тэдний өлөн ходоодыг хуурч, амьд явахад нь нэмэр болно гэж боддог биз. Харин турж эцсэн, өвдөж зовсон амьтан таарвал зүгээр өнгөрч чаддаггүй. Гэртээ авчирч, хооллож тэнхрүүлсээр өөрийн хүүхэд шиг хайрлан асардаг нь өдгөө түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Түүний амьтдыг хайрлах сэтгэл ганц муурнаас эхэлжээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа гудамжнаас бяцхан муур олж авч тэжээсэн нь удалгүй 14 болж, цаашлаад 42 хүрсэн байна. Одоо тэрбээр муур, нохойгоо өөрийн хүүхдүүд хэмээн өхөөрдөн дууддаг. Амьтад нь ярьж чаддаггүй болохоос хүнтэй адил айж, ичдэг, өлсөж, цангадаг, сэтгэл нь өвддөг гэдэгт итгэдэг.
-Ганц муурнаас эхэлсэн арван жилийн түүх-
Д.Мөнхөө гуай анх гудамжнаас олж авсан муураа Алгаа хэмээн нэрлэжээ. Одоо 13 настай Алагаа муурнуудынх нь хамгийн ахмад нь юм. Зулзага байхад нь хүүхдүүд бариад тоглоод явж байгаатай таарч, өрөвдөөд авч үлдсэн нь энэ аж.
Түүнээс хойш гудамжнаас болон хүмүүсийн авчирч өгсөн муурнууд нэг нэгээр нэмэгдсээр өнөөдрийн 42 муур цуларсан аж.
“Муур тэжээх гоё шүү дээ. Энерги сайхантай. Сэтгэлээ дагаад ч тэр үү эрүүл саруул ч байгаа юм шиг, бие хөнгөн шингэн ч байгаа юм шиг санагддаг. Хоёр, гурван жилийн өмнө янз бүрийн аймаар өвчин гараад ирлээ шүү дээ. Бүгдийг нь эрүүл саруул давсан. Би муур, нохойны минь хүч байх аа л гэж боддог юм” хэмээн тэрбээр инээмсэглэн ярина.
Түүний хувьд амьтан тэжээх гэдэг зүгээр нэг хооллож, байрлуулахын нэр биш. Амьд амьтан бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй, зовлон жаргалтай гэж боддог учраас гудамжинд өлсөж, даарч явааг нь хараад сэтгэл нь өвддөг гэнэ.
“Амьтад чинь ярьдаггүй л болохоос бүгдээрээ зүрх сэтгэлтэй. Сэтгэл санаа нь зовно, айна, ичнэ, өлсөнө, цангана. Бүх юмаараа хүнтэй л адилхан, ярьж хэлэхгүй л болохоос” гэж хэлсэн нь түүний амьтдад хандах хандлагыг илтгэнэ.
-Халаасанд мөнгө л байвал хуушуур, талхны булан ч болов авч өгнө-
Д.Мөнхөө гуай Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул. Тэрбээр 20-хон настайдаа нутгаасаа Улаанбаатар хотод гав ганцаараа иржээ. Эмээ, өвөө нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, үлдсэн хэдэн хонь, гурван тэмээгээ орхиод хотыг зорьсон нь тэр. Хожим хүнтэй сууж, насаараа эмнэлэгт асрагч хийж ажилласан байна.
Хүний өвчин зовлонг ойроос харж, өвдсөн нэгнийг асарч ирсэн амьдрал нь түүнийг бусдын зовлонг мэдэрдэг, өрөвч нэгэн болгосон ч байж мэднэ. Тэтгэвэрт гарсныхаа дараа ч түүний өдөр тутмын амьдрал асаргаа, халамжаар дүүрэн хэвээр үлджээ. Гагцхүү энэ удаа асарч буй хүмүүс нь ярьж чаддаггүй амьтад.
Гудамжинд өлсөж, цангаж яваа муур, нохойтой таарахад халаасанд нь хэдэн төгрөг байвал талх, хуушуур ч болов авч өгнө. Харин турж эцсэн, бие нь муудсан амьтан байвал гэртээ авчирч тэнхрүүлдэг. Зарим нь нэг, хоёр сарын дараа эрүүл саруул болж, тэнхэрдэг гэнэ.
Анх хоёр нохойтой байсан бол өвлийн хүйтэнд хөлдөх шахсан хэдэн гөлгийг энд тэндээс олж авсаар зургаа болгосон байна. Одоо бүгд эрүүл саруул, өөрийн гэсэн үүр, оромжтой ч тэдгээрт илүү сайн өвлийг давах дулаан үүр хэрэгтэй байгаа аж.
42 муур, зургаан нохойг асарна гэдэг багагүй ажил. Тэднийх тусдаа муурын байртай, мөн сарайд нь амьтад нарлаж хэвтэх орчин бүрджээ. Доор нь дэвсгэр дэвсэж, өглөө орой тогтмол хооллоно. Үүний дараа байр, орчныг нь цэвэрлэнэ. Олон амьтан нэг дор байхад дэвсгэр нь дорхноо заваардаг тул өдөр бүр анхаарах шаардлагатай.
Муурнууддаа зориулалтын хоол өгөхийн зэрэгцээ элэг, уушги, бөөр, зүрхийг чанаж бэлтгэдэг. Жижиглэж хэрчсэн махан хоолоо долоо хоногт нэг, хоёр удаа өгнө. Нохойд зориулалтын хоолыг нь авч, чанаж, шөлтэй нь өгдөг аж.
Гэхдээ ийм олон амьтны хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээг ганцаараа зохицуулах амаргүй. Аз болоход түүний амьтдыг хайрлах сэтгэлийг ойлгож, тусалдаг хүмүүс цөөнгүй. Зарим нь зориулалтын хоол, зарим нь дэвсгэр, хэрэгцээт зүйлс авчирч өгнө. Мөн боломжтой хүмүүс мөнгөн тусламж үзүүлдэг бөгөөд тэр мөнгөөрөө буцаагаад амьтдынхаа хоолыг авдаг байна.
“Түмэн олон хүмүүс минь ёстой зөндөө хоол авчирдаг. Зориулалтын хоол, нохойн хоол, элдэв бусын дэвсгэр гээд олон хүн их тусалдаг. Ард түмэндээ маш их талархаж, баярлаж байгаа” хэмээн тэрбээр ярив.
Үйлдвэрийнх, гудамжных гэж ялгахгүй
“Эмээ нь үйлдвэрийн, үйлдвэрийн биш гэж ялгадаггүй. Амьтан л бол амьтан шүү дээ. Заавал үйлдвэрийн гээд яах вэ. Улсууд үйлдвэрийн нохой, үйлдвэрийн муур гэж ярьдаг. Миний хувьд муур л бол муур, нохой л бол нохой. Амьтан л юм чинь” хэмээн хэлэв.
Тэрбээр муурнуудынхаа зан ааш, хөдөлгөөнийг ч андахгүй. Олон жилийн өмнө хөлөө гэмтээсэн тул муурнууд нь хөлийг нь их барааддаг гэнэ. Нуруу нь өвдөхөд ард нь наалдаж хэвтэх, толгой орчимд нь ирж тухлах нь ч бий. Муурнууд хүний өвдсөн газрыг мэдэрдэг гэх яриаг өөрийн ажиглалтаар батлах мэт инээмсэглэнэ.

Өглөө бүр бурхандаа мөргөж, үр хүүхэд, түмэн олноо даатган, цай сүүгээ өргөдөг заншилтай. Тэр үед нь хорь орчим тагтаа ирж, шар будаа иддэг болжээ. Өөрийг нь гадаа гарч ирэхийг тагтаанууд аль хэдийн мэддэг болсон гэнэ. Ийнхүү нэгэн хашаанд 42 муур, зургаан нохой, хорь орчим тагтаа багтаж, өдөр бүрийнх нь амьдралын нэг хэсэг болжээ.
"Амьтдад туслахыг хүсдэг ч хандсан бүгдийг нь авч тэжээж чадахгүй байна"
Д.Мөнхөө гуайн тухай мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш “Facebook”-ээр түүнтэй холбогдож, гудамжинд олсон муураа авч өгөхийг хүссэн хүмүүс олон болжээ. Гэвч тэрбээр одоохондоо дахин амьтан авах боломжгүй гэдгээ учирлана.
Учир нь одоо байгаа амьтдаа ч дулаан, цэвэр орчинд байлгахын тулд нэлээд хүч хөдөлмөр гаргадаг. Байр нь жижигхэн, өвөлдөө хүйтэн. Түүнчлэн гаднаас шинэ муур авчрахад бусадтайгаа дасах гэж багагүй хугацаа шаарддаг байна.
“Эд нар чинь хоорондоо дасчихсан. Гаднаас ирсэн муурыг долоогоос арав хоног хонуулаад наашаа оруулахаар аймаар хэцүү. Жаахан турж эхэлнэ, айж ичнэ. Бид нарын дунд огт танихгүй хүмүүсийг оруулаад ирвэл ямар байх вэ, тэгдэг юм” гэж тайлбарлав.
Түүний хамгийн их санаа зовдог зүйлсийн нэг нь нохдынх нь дулаан байр. Доор нь дэвссэн зүйлсээ ноход нь тарааж, хаячихдаг тул өвлийн хүйтэнд дулаахан, зориулалтын үүр хэрэгтэй байгаа аж. Тиймээс олон нийтээс нохдод нь дулаан үүр бэлэглэж туслахыг хүсэж байна.
Мөн сар бүр амьтдын хоолонд багагүй мөнгө зарцуулдаг. Муур, нохой олон учраас нэг уут хоол удаан хүрэлцдэггүй. Нохойн хоол ч хурдан дуусна. Боломжтой үедээ шар будаа, гоймон нэмж хоолыг нь хүрэлцүүлэхийг хичээдэг гэнэ.
Тэрбээр амьтдаа хайрладаг шигээ бусдыг ч амьтанд энэрэнгүй хандаасай гэж хүсдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд муурыг тоглоом мэт үзэж, хүссэнээрээ барьж, оролддог явдалд эмзэглэдэг.
“Хүүхдэдээ тоглоом аваад өгчихгүй юу. Амьтнаар хүүхэд тоглоно гэж юу байх вэ дээ” гэж хүүхдүүдэд амьтныг хайрлаж, бас хүндэлж сурахыг захидаг.
Д.Мөнхөө гуай 78 насандаа 42 муур, зургаан нохой тэжээж, өдөр бүр хорь орчим тагтааг хооллож байна. Тэрбээр өөрийгөө баатар гэж боддоггүй. Зүгээр л өлсөж, даарч, зовж яваа амьтныг хараад өрөвддөг, боломж байвал туслахыг хүсдэг жирийн нэгэн. Харин түүний энэ энгийн сэтгэл олон амьтны хувьд амьд үлдэх боломж, дулаан орон гэр нь болжээ.




























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.