НИЙГЭМНийгэм мэдээ

Усны онцгой хамгаалалтын бүсэд “Акуа гарден”-д газар олгосон нь хууль бус гэж УДШ шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aкуа Гарден" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны наймдугаар сард гарсан. Уг шийдвэр тус оны долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв.

Нураах шийдвэр гараад гурван жил, Нийслэл захирамж гаргаад дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Одоог хүртэл тус хороололтой холбоотой асуудал цэгцрээгүй, байр худалдан авсан хүмүүс хямдруулж зарах, эсхүл шүүхийн шийдвэр эцэслэгдтэл хүлээх шаардлагатай нүүр тулаад байсан юм.

Тэгвэл өчигдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэж Усны онцгой хамгаалалтын бүсэд “Акуа гарден”-д газар олгосон Хотын даргын захирамж хууль бус гэж УДШ шийдвэрлэлээ

Тодруулбал, УДШ-ийн Хяналтын шатны шүүх хуралдаанаараа “Акуа гарден” гэх тодотголтой “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т тус тус холбогдох хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг

1) 29444 м.кв газрыг үйлчилгээ,

2) 79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,

3) 2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “... Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох  үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button