"МАК" яагаад С.Мөнхчулуунтай “дайн” зарлав
“Монголын Алт МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, ээж Д.Хулан, Шадар сайд Н.Номтойбаяр тэргүүтэй МАК-ийнхан цөм Дундговийн Засаг дарга С.Мөнхчулуун руу чиглэсэн байр сууриудыг илэрхийлж эхэллээ. Шалтгаан нь, С.Мөнхчулуун ирэх сонгуульд УИХ-ын гишүүн асан Сү.Батболдын хүү, Шадар сайд Н.Номтойбаярын хүргэн Баттүшигтэй өрсөлдөхтэй холбоотой гэгдэж байна.
С.Мөнхчулуун руу чиглэсэн байр сууриуд:
“Монголын Алт МАК” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн: Говьд цэвэр ус бол эрүүл мэнд, ирээдүйн асуудал. Усанд агуулагдах хүнд элементүүдийг бууруулж, иргэдэд аюулгүй ундны ус хүргэх “Энх-Ус” төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Гэтэл Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хамтын ажиллагааны гэрээ байгуулахын оронд мөнгийг Орон нутгийн хөгжлийн санд шууд төвлөрүүлэхийг шаардаж байна. Бид иргэдэд цэвэр ус хүргэхийг зорьж байхад тэд санд мөнгө төвлөрүүлэхийг урьтал болгож байна. Эрүүл Монголын ирээдүй чухал уу, улс төрийн эрх ашиг чухал уу
Харин МАК-ийн тэргүүн хатагтай Д.Хулан: Хамтран ажиллах саналд хариу өгөөгүй, хөтөлбөрийг дэмжээгүй, гацаадаг атлаа бидний санаачлан, санхүүжүүлж буй “Энх-Мэнд” хөтөлбөрийн нээлтэд Засаг дарга ирж тууз хайчилж, үг айлдах бололтой. Иргэдийн төлөөх бодит ажлыг дэмжих хариуцлага нээлтийн тайзан дээр бус, шийдвэр гаргах ширээний ард эхлэх ёстой. Хөрөнгө оруулж, ажлын байр бий болгон, татвараа төлж буй хувийн хэвшилтэй хамтран ажиллах учиртай орон нутгийн удирдлага хувийн хэвшлийнхээ үйл ажиллагаанд хөдлөх бүрийд тээг, бүтээх бүрийд саад болж ирлээ. Үүнийг баруунд улаан туузны бодлого гэдэг
Шадар сайд Н.Номтойбаяр: Дундговьд 2.3 тэрбумаар өвс бэлдээд ашиглалгүй устгасан
Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун дээрх байр сууриудад хариулт өглөө. Тэрбээр “Бэлчээр талхлалгүй замаараа тээврээ хийх шаардлагыг МАК-д тавьсан, Б.Баттүшиг Дундговь аймгаас нэр дэвших зорилгоор намайг зайлуулах санаачилга гаргаж байгаа.
Дундговьд 2.3 тэрбумаар өвс бэлдээд ашиглалгүй устгасан гэх мэдээллийн тухайд Шадар сайд аймаг андуурсан, эсвэл сайд ташаа мэдээлэл авсан байна. Манай аймаг 2025 онд нэг ч төгрөгөөр өвс бэлдэлгүй 1.5 тэрбум төгрөгийн төсөв хэмнэсэн. Бид 2025 онд зүүн гурван аймагт гарсан гал түймэртэй холбоотой "1 өрх 1 хонь" хандивын аян явуулж, 3000 хонь хандивласан. Үүний үр дүнд тус гурван аймгаас үнэ төлбөргүй хандивын өвс авч, ард иргэддээ өгөхийг нь өгөөд, үлдэгдлийг нь Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумдын нөөцийн агуулахад хадгалж байгаа. Мөнгө мөртэй шүү дээ, өвс худалдаж авч уу, үгүй юу гэдгийг данснаас харахад мэдэгдэнэ" хэмээсэн байна.
Үүнээс гадна Аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг АИТХ-ын хурлаар авч хэлэлцээд амжжээ. Энэ үеэр АИТХ-ын төлөөлөгчдөд нөлөөлж 20-20 сая төгрөг тараасан байж болзошгүй тухай маргаан ч дэгдлээ. Ямартай ч Дундговийн төлөөлөгчид С.Мөнхчулууныг хангалттай сайн ажилласан хэмээн үзэж цаашид дэмжиж ажиллана, огцруулах шаардлагагүй хэмээн үзжээ.
С.Мөнхчулууны хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ
- Өөрийн орлого: 96 сая
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 361 сая
- Нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 2: 1.6 тэрбум
- Жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 - 1: 250 сая
- Адуу 10: 50 сая
- Эзэмших хоёр газартай: 40 сая
- Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйл: 100 сая
- Хадгаламж: 321 сая
- Авлага: 1.7 тэрбум
Ажилласан байдал нь,
- 2009-2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
- 2010-2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
- 2012-2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
- 2016-2020 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
- 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
- 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
- 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
- 2017 - 2020 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ТУЗ-ийн дарга
- 2022 - 2023 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газар -ын дарга
- 2023 оноос Эрдэнэс Монгол ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитороор
- 2024 оны 11 сараас Дундговь аймаг ийн Засаг даргаар ажиллаж байна.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.