ЭРҮҮЛ МЭНД

СЭТГЭЛ ЗҮЙЧ: Дархлаагаа дэмжих үр дүнтэй аргуудын нэг нь хайртай хүмүүстэйгээ хамт байх

Монголд COVID-19” халдвар илэрч, улс орон даяар сандралдаж байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд хуурамч мэдээлэл тархаж иргэдийн сэтгэл санааг үймүүлэн, айлгаж байна. Энэ хүнд үеийг хэрхэн даван туулах, сэтгэл зүйгээ бэлдэх талаар Сэтгэл зүйч Д.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛД БҮҮ АВТ

-Монголд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ үед иргэд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх нь хамгийн зөв гаргалгаа вэ?

- Юуны түрүүнд тайван бай гэж хэлэхээс өмнө яагаад тайван байх тухай ойлголтыг өгөх нь чухал. Өөрийгөө тайван байлгана гэдэг нь яг одоогийн нөхцөлд баталгаат бус мэдээлэл, бусдын сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хэлнэ. Сэтгэл зүйн хувьд тайван байснаар дархлаа сулархаас сэргийлж, асуудалд бодитоор хандах боломжийг олгодог. Халдвар тээж ирсэн иргэнийг буруутгаж үзэн ядсанаар халдвар байхгүй болчихгүй. Тухайн хүний хувьд хариуцлагагүй байдал гаргасан нь үнэн боловч яг одооноос эхлээд нөхцөл байдал бидний гарт шилжсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн айсан, сандарсан, бухимдсан үедээ ихэвчлэн буруу шийдвэрүүдийг гаргадаг учир өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ бухимдуулах, айлгахгүй байхыг зөвлөе.

-Тэгвэл иргэд хэрхэн худал мэдээлэлд автахгүй  байж, хүнд үеийг даван туулах вэ?

-Хувь хүний сэтгэл зүйн байдал ямар байх нь тухайн иргэний мэдрэмж цаашлаад мэдлэгтэй нь холбоотой гэж үздэг. Мэдлэггүй байснаар сэтгэл зүйн байдал тогтворгүй болж, айн сандрах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автах нь хялбар. Иймд бид одооноос энэ өвчний талаарх бодит мэдээлэлд тулгуурлах нь зүйтэй. “COVID-19” халдварын талаарх дөрвөөс доошгүй эх сурвалжийн мэдээллийг харьцуулж харахыг зөвлөж байна. Нэг иргэний мэдээлэлгүй, мэдлэггүй байдлаас үүдсэн тааламжгүй сэтгэгдэл хамгийн багадаа арван хүнд хүрч, дунджаар гурвынх сэтгэл хөдлөл яг түүнийх шиг болдог. Тиймээс та өөртөө болон бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэх зүйлсээс аль болох зайлхийж, дуртай зүйлсдээ илүү төвлөр. Иргэд сэтгэл зүйгээ тогтвортой байлгаснаар өөрийн болон гэр бүлийнхнийхээ дархлааг хамгаалж байгаа хэрэг юм.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ЧАНАРТАЙ ХООЛ, ХАНГАЛТТАЙ УНТАХ НЬ ДАРХЛААГ ДЭМЖИХ ГОЛ ЗҮЙЛС

-Сэтгэл зүйн байдал тухайн хүний дархлаанд нөлөөлдөг  гэж ойлголоо. Ер нь иргэд хэрхэн дархлаагаа дэмжих нь зүйтэй вэ?

-Хүний дархлааг дэмждэг хамгийн гол зүйлс бол дасгал хөдөлгөөн, чанартай хооллох, хангалттай унтаж амрах юм. Мэдээж сэтгэл зүйн байдал нь дархлаанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Бид хэдий чинээ инээж, таатай байдлыг мэдэрнэ төдий чинээ “Эндорфин” дааврыг ялгаруулж аз жаргалыг мэдэрнэ. Эцэг эх, үр хүүхэддээ гаргах цагаа илүү ихээр нэмэгдүүлж, тэдэндээ хайр халамжаа хэдий чинээ их зориулна төдий чинээ таны “Окситоцин” буюу хайрын даавар ялгарч таныг аз жаргалтай байгааг мэдрүүлэх болно. Хайртай хүмүүстэйгээ хамт байх нь дархлаагаа дэмжих үр дүнтэй аргуудын нэг нь.

-Хөл хорио тогтоосны улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, гэртээ цагийг өнгөрөөж байгаа. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд гэртээ удаан хугацаагаар байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар зөвлөгөө өгнө үү?

-Хүүхдүүд тоглоом, амттанаас бус эцэг эхийнхээ хайр халамжаас аз жаргалыг мэдэрдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэднийг сонсож, ойлгож чадвал хүүхдүүд буруу зуршилд автах , эцэг эхтэйгээ үл ойлголцолд өртөх нь бага байдаг. Бага наснаас нь хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж сургавал тэдэнтэй ойлголцоход илүү хялбар болдог. Хэдий чинээ ярилцаж тэднийг сонсож чадна хүүхдээ эрсдлээс хамгаалж чадах ба тэдний өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлнэ. Эцэг, эхчүүд нь ажилдаа явсан хойгуур хүүхдүүд гэртээ ганцаараа цагийг өнгөрөөж буй нь цөөнгүй. Иймд эцэг, эхчүүд урьд өмнөхөөсөө илүү цагийг хүүхдэдээ зориулж, ярилцаж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button