НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ФОТО: Нийслэлчүүд титэм вирустэй ингэж ТЭМЦЭЖ байна

Монгол улсад Франц иргэнээс шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан, Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хот руу орох болон гарах хөдөлгөөнийг /2020.03.16/-ны 07:00 цаг хүртэл хаасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн сэтгэл зүй нэг хэсэг хүчтэй үймэрч, томоохон хүнсний дэлгүүрүүдээс хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцлөх, УОК-ын шийдвэрийг үл харгалзан шатахуун түгээгүүрийн гадаа урт дараалал үүсгэн түлшний саваа дүүргэх гэх мэт үзэгдлүүд гарч байсныг бид өмнөх мэдээллээр хүргэж байсан.

Харин энэ удаагийн мэдээллээр Нийслэлчүүд коронавирусийн халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалж буй тухай сошиалд тавигдсан зургуудаар түүвэрлэн фото мэдээллийг бэлтгэснээ уламжилж байна. Тус давалгаанд үйлчилгээний байгууллагуудаас эхлүүлээд олны танил алдартай уран бүтээлчид ч мөн нэгдсэнийг дуулгахад таатай байна.

Хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх иргэд өөрт буй гарын доорх материал болох гялгар уут ашиглан хамгаалалт хийн өмссөн нь маш онцлог байв. Учир нь ингэснээр халдвартай иргэний шүлсийг нүүр рүү ҮСРЭХЭЭС бүрэн хамгаалж чадах юм. Тус зургууд сошиалд тавигдсанаар сайшаах иргэд олон байсан ч, эсрэгээрээ үгүйсгэх үзэгдэл ч мөн байсаар байв.

Үйлчилгээний байгууллага тэр дундаа хувиараа болон байгууллагын шугамаар такси үйлчилгээ үзүүлдэг зарим газруудын хэрэгжүүлсэн санаа шинэлэг байв. Хаа хаанаа өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг ханган, иргэний үүргээ ухамсарлаж буйд нь талархах хүмүүс үүнийг зурагжуулж сошиалд дэлгэжээ.

Аюулгүй байдлаа бодож төлбөрийн асуудлыг бэлнээр бус ингэж шийдсэн нь үнэхээр онцлог байв. Бусад такси үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, байгууллагууд ч мөн шууд бэлэн мөнгөний худалдаа бус үүнийг хэрэгжүүлбэл ухаалаг санагдсанаа нуух юун. Хамгийн гол нь гар гараасаа мөнгө солилцохгүй, хүрэлцэх шаардлагагүй гэж бодохоор илүү аюулгүй юм.

Хорио цээрийн хугацаанд иргэдэд үйлчилгээ үзүүлж буй аж ахуй нэгжүүдийн хувьд ариун цэврийг сайтар сахиж, нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэглэлийг ч мөн зүүсэн харагдав. Ялангуяа тэдгээр газрууд иргэдэд үйлчлэхээс өмнө халууныг нь хэмжиж, гар болон гутлын улыг ариутгаж байсан нь иргэдээс өндөр үнэлгээг авчээ.

Харин иргэдийн хувьд гэртээ хувийн хамгаалалтын буланг хүртэл гаргаж өгсөн нь сэтгэл хөдөлгөв. Тэд нэг буландаа гар ариутгагч, нэг удаагийн бээлий, амны хаалт, цаасан алчуур зэргийг бэлдэж тавьжээ.

Олны танил алдартнуудын хувьд ч гэсэн дор бүрнээ хамгаалах хэрэгслийг зүүж, ард иргэдээ тус давалгаанд уриалж буй нь тааламжтай санагдав.

Та бүхэндээ /2020.03.31/-ны өдөр хүртэл мөрдөгдөх Улсын онцгой комиссын ээлжит шийдвэрийг эргэн сануулъя

  1. Монгол улс болон ОХУ, БНКУ, БНТУ хоорондын хоёр талын хувиарт нислэгийг /2020.03.11-ны 12:00 цагаас 2020.03.28/-ныг дуустал зогсооно.
  2. Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг /2020.03.11-ний өдрийн 20:00 цагаас 2020.03.31/-ны өдөр хүртэл зогсоох
  3. /2020.03.30/-ны дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгах
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button