ЭРҮҮЛ МЭНД

Эрсдэлтэй бүсээс ирэх иргэд ээ, тусгаарлагдах байраа голж, элдэв ааш үзүүлэхгүй байхыг хүсье

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс, Засггийн газраас БНСУ, Япон, Европын улсуудад байгаа эрсдэлт бүлгийн монгол иргэдийг эх орондоо авчрахаар болсон. Тэднийг  өнөөдрөөс эхлэн зөөвөрлөх бөгөөд “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэнэ.

УОК-оос гаднаас ирэх иргэдийг тусгаарлах байрны зардал болох 560 мянган төгрөгийг нисэхээсээ өмнө холбогдох дансанд шилжүүлэх шаардлагыг тавьж буй. Иргэдийг газардах үед нь ар гэрийнхэн нь тосохгүй.  Ачаа тээшийг нь ариутгасан нөхцөлд 14 хоног хадгална. Тусгаарлах байранд 14 хоносны дараа ачаа тээшийг нь олгож, гэртээ очих зөвшөөрөл  олгох юм. Товчхондоо төрөөс тавьж шаардлага ийм энгийн.

“Даган биелүүл, мөрд, тэгээд гэртээ харь” гэсэн цомхон шаардлага тавьж байна. Гадны орнуудаас ирж буй иргэд эхнээсээ “Тусгаарлагдах байрны зардал нь өндөр юм байна”, “Их зардлаар ингэж иргэдээ шулж болохгүй”, “Байрны рочин нөхцөл муу гэсэн, яана аа” гэх зэргээр ирэхээсээ өмнө эсэргүүцлээ илэрхийлээд эхэлсэн сурагтай.

Гамшиг, тахалын үед аль орон таван одтой зочид буудлаа дэлгэдэггүй. Том заал, сургуулийн дотуур байр зэргээ л ашигладаг. Ийм нөхцөлд гэртээ байгаа шиг тарвалзаж болохгүй мэдээж ч нийтийн эрх ашигийн төлөө хувь даван гарч, дасан зохицох учиртай юм. Нэг ёсны хувь хүний үүрэг билээ, үглэхгүй гоншихгүйгээр хэцүү үеийг даван гарах нь.

Тэгээд ч  цар тахалын үед ямар орон гаднаас  иргэдээ татаж байна. Өндөр хөгжилтэй, технологийн шийдэл нь хөгжчихсөн, эдийн засгийн хувьд хүчирхэг орнууд хэрхэн иргэддээ хэрхэн хандаж байна гэдгийг хар. Европын холбооны улсууд бүхэлдээ сандарч, Итали эдгэх боломжгүй хөгшин иргэдээ эмчлэхгүй байх санал боловсруулж байна. АНУ-д эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь чанга тул өвдсөн бол асар их зардлыг иргэд хувиасаа гаргаж байх жишээтэй.

Ийм үед засаг төр нь эрсдлийг эртнээс тооцож, жижигхэн эдийн засгаа асар том эрсдэлд оруулан байж, хөл хорио тогтоосон. Агаарын тээврийн ганц төрийн өмчит компани нь л гэхэд асар их алдагдалд орох нь тодорхой боллоо. Ийм их эрсдэл байгаа ч гадны оронд буй эрсдэлт бүлгийн иргэдээ татах шийдвэрийг гаргасан.

Тиймээс голомтын бүсээс ирж буй иргэд тусгаарлах байрны орчин нөхцөлийг голж, таньдаг мэддэг дарга нар луугаа утас цохьж, элдэв ямба бүү хүсээрэй гэж уриалъя. Энд хэрэндээ хичээж, бэлтгэж, байр саваа бэлдсэн. Нэг л иргэн өвдөхөд  сүүлийн саруудад хичээсэн бүхэл бүтэн улсын зүтгэл үгүй болох эрсдэлтэй.

Сахилга баттай, ухамсартай, хүлээцтэй, улс орондоо хайртай байцгаая.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button