Ярилцлага

Э.Пүрэвжаргал: Олон хүн Цэнгэлмааг жигшиж байна билээ, тэгэх тусмаа сайн

“Бүтэн амьдрал” ОАУСК-нд Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргалтай ярилцлаа.

-ЦЭНГЭЛМААГИЙН ДҮР ЗАН ЧАНАРЫН ХУВЬД НАДААС ТЭС ӨӨР ХҮН-

-Таны тоглосон хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл юу байв. Эндээс яриагаа эхлүүлье.

-Хамгийн анх “Эгэлийн гайхамшиг” нэртэй УСК-нд Гэгээнээ гэдэг дүрийг бүтээж байсан. УСУГ-ын захиалгаар хийсэн, арилжааны бус кино л доо. 2014 онд гэхээр одоогоос зургаан жилийн өмнө, оюутан байхдаа юм байна.

Гол нь Гэгээнээ хувь хүний хувьд надтай нэлээд ойролцоо дүр. Тийм учраас ажиллахад дөхөм байсан болов уу. Маш зоримог, шийдэмгий мөртлөө бусдад үргэлж сайнаар ханддаг, нийгмийн манлайлагч охины дүр.

-Цаашид жүжигчний мэргэжлээр ажиллахад нь урам, дөхөм болсон байх?

-Киногоо нээлтэн дээр нь үзээд, өөрийгөө олон талаас нь өөлсөн. Зарим хүн онгирдог юм билээ. Миний хувьд “Ийм үсгүүдийг алдаж хэлдэг юм байна, эрүүгээ өргөвөл хамар муухай харагддаг юм байна”  гэхчлэн жижиг сажиг зүйлсээ ч анзаарч суусан.

Ингэж өөрөө өөртөө шаардлага тавьж, түүнийгээ тусгаж аваад дараагийн уран бүтээлүүд дээрээ засахыг хичээж эхэлсэн дээ.

-Хамгийн сүүлийн уран бүтээл гэвэл Бүтэн амьдрал ОАУСК болж таарч байна уу?

-“Хилгүй жим”. Удахгүй нээлтээ хийнэ. Хилийн цэргүүдийн тухай кино. Би цэргийн ахмадын эхнэрийн дүрд тоглосон, бас их гоё дүр.

Зураг авалтад 2019 оны өвөл орсон. Би “Бүтэн амьдрал” киноны эхний 14 анги дээр л гарна. Үүнээс хойш “самарчхаад” яваад өгдөг юм. Тэгэхээр “Бүтэн амьдрал”-ын зургаа эрт дуусгаж, “Хилгүй жим” дээр ажиллаж эхэлсэн гэж болно.

-Таны “Бүтэн амьдрал”-д бүтээсэн Цэнгэлмаагийн дүр олон нийтэд хамгийн сайн хүрлээ. Эсрэг талын, нууц амрагийн дүр шүү дээ. Анх ажиллаж байхдаа үзэгчдийг яаж хүлээж авна гэж бодож байв?

-Тийм шүү. Үг, үйлдэл бүх зүйл нь хурц хүүхний дүр.

Цэнгэлмаа хүмүүсийн хараалыг иднэ гэдгийг би мэдэж байсан. Ажиллахад зан чанарын хувьд надаас өөр тул саналыг нь хүлээж авсан хэрэг. Тиймээс Цэнгэлмаагийн дүрдээ их хайртай.

-Одоо өөрөө үзээд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Хүмүүст миний тоглосон дүр хүрч чадаж байна. Олон хүн Цэнгэлмааг жигшиж байна билээ. Жигших тусмаа сайн. Олон залуус “Цэнгэлмаа шиг болохгүй юм сан” гэж бодож, зарим нэг нь ухаарч байнаа нь анзаарагдсан.

-Хувь жүжигчнийхээ хувьд Цэнгэлмаагаас юуг шинээр сурч, өөрийгөө хөгжүүлэв?

-Цэнгэлмаа надаас эрс тэс хүн байсан нь хамгийн сонин. Түүнтэй өөрийгөө харьцуулж, амьдралдаа баримталж явдаг үзэл бодол маань зөв байж гэдгийг дахин, дахин олж харсан.

Нөгөөтээгүүр олон ангит кинонд тоглох ямар байдгийг ойлгож авлаа. Киноны баг зургаан сарын турш хамтдаа бараг л амьдарч, олон шинэ дурсамж бүтээдэг. Бас сайхан уран бүтээлчдээс үнэтэй сургамж ихийг авсан.

-ДӨНГӨЖ ЦУХУЙЧХААД БИ ТИЙМ ХҮН БИШ ГЭЭД БАЙХ НЬ ОНОВЧТОЙ ҮЙЛДЭЛ БИШ-

-Одоо 10 гаруй киноны ард гарчхаад байна уу?

-Тийм. Гэхдээ ихэнх нь масст зориулаагүй, арилжааны бус кино. “Бүтэн амьдрал” л намайг олон нийтэд таниулж байх шиг. Хэрэв үзэгчид Цэнгэлмаагийн дүрээс сэдэл аваад судалбал, “Өө, энэ нөгөө кинонд бас тоглож байсан юм байна” гэхчлэн таньж эхлэх байх.

-Хэдийнэ кинонд тоглох арга барилаа “тэмтрээд” авсан байх. Та ер нь дүр дээр яаж ажиллахыг хичээж байна?

-Бүтээсэн дүр бүр дээрээ өөр байхыг хичээдэг. Ямар ч өөрчлөлтөд ороход бэлэн байх үүднээс шивээс, пирсинг ч хийлгэдэггүй. Үсээ хусуулах хэрэг гарвал хусуулж л орхино. Саяхан үсээ хусуулах хэрэг гарсан, хуссан, одоо ургаж байгаа нь энэ.

“Харанхуй хад” дээр тоглосон Пүрэвжаргал “Бүтэн амьдрал” дээр цоо шинэ, тэс өөр байх ёстой гэж хичээсэн. Гадаад, дотоод бүх л байдлаараа шүү дээ. “Нууц амрагт сайн тохирдог юм билээ, Пүүжээг нууц амраг дээр авъя” гэвэл би зөвшөөрөхгүй, татгалзана гэсэн үг.

Одоогоор надад давтагдсан дүр байхгүй.

-Цаашид ч давтахгүйг хичээх нь ээ.

-Тийм.

-Харин хувь хүнийхээ хувьд ямар дүр дээр ажиллахыг хүсдэг вэ?

-Нэг тийм сур харвадаг, ухаан цэцэн хатны эрэмгий, дайчин дүр.

Гадаадын зах зээл дээр бол “Wonder Woman” шиг эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Үүндээ одооноос бэлдэж байгаа гэж болно.

-Одоо киноны санал их ирж байна уу?

-10 ангит киноны санал ирсэн, хүлээгээд авчихсан. Мөн л Цэнгэлмаагаас өөр дүр байсан тул зөвшөөрсөн. Ер нь санал их ирж байна. “Карентинтай байна, түр байж байгаарай Пүүжээ” гэсэн хүмүүс зөндөө.

-Та утсаар ярихад ч, уулзаад ярилцахад ч шулуун, шударга хүн шиг санагдлаа. Дэлгэцийн араас арай өөрөөр ойлгогддог шүү?

-Кино үзээд, эсвэл Фэйсбүүкийн зураг хараад “Их зантай юм, өөрийгөө хэн гээд бодчихсон бол, ингээд л хамраа сөхчихнө дөө” гэхчлэн бодох хүмүүс олон байх шиг.

Ойр дотны хүмүүс маань намайг 2010 онд их сургуульд элсэхдээ ямар охин байсан, түүгээрээ л байгаа гэдгийг сайн мэднэ. Жүжигчний туршлага, ур чадварын хувьд өсөж, өөрчлөгдөж таарна. Оролцсон нэвтрүүлгийг маань үзээд маш олон хүн “Чи Цэнгэлмаагаас шал өөр эмэгтэй байжээ” гэлцэж байгаа.

-Хүмүүсийн буруу ойлголтыг залруулах гэж шатдаг уу?

-Энэ цаг хугацааны л асуудал. Дөнгөж цухуйчхаад “Үгүй, би тийм хүн биш” гээд байх нь оновчтой шийдвэр биш. Хүмүүс өөрсдийнхөөрөө л бодог. Хүсвэл тэд хоёрхон алхам хийгээд намайг хэн бэ гэдгийг мэдээд авчих боломжтой.

-Таны сүүлд орсон видео ярилцлагыг үзсэн. Нэлээд чөлөөтэй, хүлээсгүй харагдсан. Ер нь өөртөө ямар нэгэн байдлаар цензур тавьдаг уу?

-Би эрх чөлөөг маш их эрхэмлэдэг хүн. Өөрөө хүссэн л бол бүхнийг хийнэ. Гэхдээ миний хүссэн зүйл бусдад саад учруулахгүй, муу зүйл авчрахгүй байх ёстой. Ингэж өөрийгөө цензурдэнэ.

Миний үйлдэл чамд ч юм уу, өрөөл бусдад саад болох л бол би үйлдлээ хойш татна. Ингэж өөрийн гэсэн бяцхан орон зайг бүрдүүлж, түүн дотроо амьдардаг даа.

-Таны Фэйсбүүк нэр Пунтик байсан, өөрчилсөн бололтой?

-Урьд нь “Пүрэвжаргал Пунтик” гэсэн нэртэй байсан. Тэгтэл Австралийн богино хэмжээний кинонд тоглосноос хойш гадаадын уран бүтээлчид намайг Фэйсбүүк орчинд хайх нь нэмэгдсэн. Ингээд кириллээр биччихсэн нэр маань олдохгүй байсан. Иймд “Erdenebileg Purevjargal” болгон өөрчилсөн.

Харин ойр дотны хүмүүс маань намайг Пунтик гэж дууддаг хэвээр. Зарим киноны нээлтэн дээр “Жүжигчин Пунтик” гэж зарлах нь ч бий.

-Ямар учиртай нэр юм бол?

-Би багадаа нэлээд хөдөлгөөнтэй, элдэв бусын үйлдэл дуурайж хийдэг, “дэлчгэр” хүүхэд байж л дээ. Яг тэр үед циркийн жүжигчин нэг гахайны тухай хүүхэлдэйн кино гардаг байсан. Нэр нь Пунтик. Дээрээс нь би хамраа дээш нь өргөж байгаад л нусаа арчдаг байсан гэнэ лээ. Ингээд л Пунтик нэрээр хочилж эхэлсэн. Эхэндээ гахайны нэр гэж дургүйцдэг байсан ч одоо дуртай.

-ХҮҮ МААНЬ НАДТАЙ ХАМТ ӨСӨЖ БАЙНА, УДАХГҮЙ Л ТОМ ЗАЛУУ БОЛЧИХНО-

-Та гэр бүл зохиогоод найман жил болж байгаа юм билээ?

-Тийм.

-Тэгэхээр оюутан байхдаа юм байна. Эрт гэр бүл зохиочихлоо гэж бодож байв уу?

-Үгүй ээ. Тэгж бодох зүйл надад тохиолдсон бол бодох байсан. Гэвч манай гэр бүлийн амьдрал тогтвортой. Хүүгээ харахаар хэзээ ч тийм зүйл бодогддоггүй. Надад гэр бүлийн ямар нэг дарамт, ажлаас хойш татах татлаа байхгүй. Хүү маань надтай хамт өсөж байна, удахгүй л том залуу болчихно.

Харин ч эсрэгээрээ тэр үед гэр бүл зохиогоогүй бол одоо би ямар хүн болчихсон байх бол гэдэг сонин. Миний төлөвшилд нөлөөлөх асуудал байхгүй юу. Сургуулиа төгсөж, уран бүтээлч хүмүүсийн хүрээлэл дунд орсон хойноо гэр бүл зохиосон бол буруу сонголт хийх байсныг үгүйсгэхгүй.

-Хүү тань одоо хэдэн настай вэ?

-Зургаа.

-Та хүүгийнхээ төлөвшилд хэр анхаардаг ээж вэ?

-Хүүхдийн хүмүүжил ерөөс аав, ээж хоёроос нь л шалтгаалдаг юм билээ. Би хүүдээ бусадтай харилцах харилцаанаас нь эхлээд жентельмэн байх анхан шатны бүх зүйлсийг сургаж байгаа. Ер нь мундаг хүү гарч ирнэ ээ.

-Нэлээд итгэлтэй ярьж байна шүү.

-Тийм, итгэж байгаа. Хүүгийн маань үеийнхээ хүүхдүүдтэй, ялангуяа охидтой харилцаж байгаа нь бусад багачуудтай харьцуулахад шал ондоо.

-Таны нөхрийн гэр бүлийн амьдралд гүйцэтгэдэг үүрэг хэр том бэ?

-Том, том. Би бол эмэгтэй хүний тогтсон ажлуудад тэр бүр оролцоод байж чаддаггүй хүн. Нөхөр маань арын албаны бүх л ажлыг хариуцдаг. Би гэдэг хүн тог, усны төлбөр хэд гардгийг мэдэхгүй, банканд дугаарлаж төлбөр тушааж үзээгүй.

Надад ажлаа хийх цаг завыг маань бий болгож, маш сайн хань, миний нөхөр.

-БАЯН ЦАТГАЛАН БИШ Ч ХАЙРААР БАЯН ГЭР БҮЛД ӨССӨН-

-Өнгөрсөн жил та осолд орсон. Хэр хүнд ноцтой осол байсан юм бэ?

-Эвгүй осол болсон. Намайг амин үзүүлэлт хүрэхгүй гэдэг шалтгаанаар эмч нар хот руу зөөхөөс айж байсан гэсэн. Ер нь тэр үеийн явдлыг огт санадаггүй. Долоодугаар сарын 20-ны өглөө найзууддаа утсаар “Орой очно” гэж хэлж байсан хүн 21-нд сэрсэн. Сэрэхэд найзууд маань намайг тойроод зогсчихсон, уйлах нь уйлчихсан, бүгд үсээ минийх шиг тайруулчихсан байсан. Би сэрээд л шууд, “Өөдрөг байхгүй л бол явчих юм байна” гэж бодсон.

Одоо ч сандал дээр суухад сонин байна, эвээ нэг л олохгүй. Биедээ олон хадаас хадуулчихсан болохоор тухгүй. Гэхдээ гайгүй юм билээ. Саяхан юм өшиглөж үзсэн, болж байсан. Залуу хүн болохоор давгүй.

-Таныг хүүхдээ төрүүлснээс хойш багагүй жин нэмж, буцаад турсан гэж дуулсан. Ер нь бие махбодийн хувьд гүжирмэг юм шиг. Сэтгэлзүйн хувьд..?

-Сэтгэл санаа биеэсээ ч илүү чанга шүү дээ. Биеийн хүчнээс илүү сэтгэлийн хүчээр өөрийгөө босгодог. Тэр бүр шантарч, ухарч буцаад байдаггүй. Зам мухардвал бушуухан мэдэрч, өөр зүйлийг туршдаг. Миний хамгийн их баримталдаг зарчим бусдыг зовоохгүй байх. Би зовбол ээж, нөхөр, хүүхдүүд маань ч бас зовно.

Мэдээж сэтгэл эмзэглүүлдэг зүйлс бий. Миний итгэж явсан найз нөхөд, дотны ахан дүүс урам хугармаар зүйлс ар хударгаар ярьж, хийх үед эмзэглэнэ. Гэхдээ би их мартамхай хүн л дээ /инээв. Сурв/.

Нэг, хоёр, гурав, дөрвөн удаа миний итгэлийг алдвал би итгэлээ татаад л авчихдаг. Түүнээс биш харилцаагаа тасалдаггүй. Өндөг шиг өөгүй хүн байдаггүй гэж ээж маань сургасан. Надад ч гэсэн алдаа оноотой, дутагдалтай зүйл бий шүү дээ. Хүн цаг нь ирвэл өөрөө ойлгож, өөрчлөгддөг. Тиймээс тэдэнтэй хэрүүл уруул хийж, асуудал үүсгэхээс илүү зүгээр л орхисон нь дээр.

-Дутагдал гэснээс, та ямар дутагдалтай хүн гэж өөрийгөө боддог вэ?

-Хэтэрхий зөөлөн байх аа. Ихэнх юман дээр маш зөөлөн ханддаг. Мөн бас нэг хамгийн том дутагдал маань бурууг өөрөөсөө хайх. “Та намайг мөрлөчихлөө” гэж уурлахаас илүү, “Өө, би холдож амжсангүй” гэж өөртөө тохдог. Заримдаа яг тэгж санагддаг. Тэр хүний улаан цайм буруу байхад, “Уучлаарай” гээд өнгөрч, үүгээрээ тэр хүнийг “алж” байгаа нь миний буруу.

-Дутагдал биш харин ч давуу тал баймаар юм?

-Үгүй ээ, одоогийн нөхцөл байдалд тийм биш.

-Яагаад?

-Бараг өөрөө “Яагаад” гэдэг асуултын хариулт болох байх /инээв. Сурв/. Мэдэхгүй ээ, хүмүүсийг засах гэж хичээснээс, өөрийгөө зассан нь дээр байх. “Гудамжинд нус цэрээ хаялаа, соёлгүй бүдүүлэг байлаа” ч гэдэг юм уу, нийгмийг ямар нэг шалтгаанаар гоочилж, шүүмжлэх хүмүүс байдаг шүү дээ. Миний хувьд тэд өөрсдөө л тийм байхаа больчих хэрэгтэй. Тэгээд түүнийгээ бусдад харуулах хэрэгтэй.

-Таны энэ төлөвшилд гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн л байх. Энэ талаар яривал?

-Би ааваасаа гурван настай байхдаа хөндийрсөн. Хотод орж ирээд ээж, төрсөн ахтайгаа гурвуул өссөн. Мөн ээжийн дүү нар манай гэр бүлд их нөмөр нөөлөг болдог байсан. Манай гэрийн хамгийн том хүмүүжил бие биенээ хамгийн ихээр хайрлах, мөн бие биенээ хуурахгүй байх.

Манай гэрт худлаа ярих асуудал ерөөс байдаггүй. Одоо хүртэл гадуур гарахдаа ээж рүү ярьж, хаана юу хийж яваагаа тайлагнадаг. Бусад залуус утсаа ч авдаггүй шүү дээ.

Намайг хэтэрхий гэр бүлсэг, хэтэрхий их хайраар өсгөсөн учир би ингэж төлөвшсөн байх. Дарамттай, зодуур нүдүүр дунд өссөн бол ямар ч хүн болох байсан юм билээ.

Баян цатгалан биш ч гэлээ хайраар баян амьдралд өссөн. Аавын хайр байхгүй байсан ч ээжийн хайр хангалттай байсан.

-...ОДОО ЯМАР НЭГ ХАРАМСАЛ ҮГҮЙГЭЭР, ГОЁОР ААВЫГАА ДУРСДАГ-

-Эмэгтэй хүний төлөвшилд эцэг хүний үүрэг маш чухал байдаг. Танд энэ орон зай дутаж. Харин ах тань нөхдөг байж уу гэж би харлаа.

-Тийм шүү. Би бүх эр хүнийг ах шиг маань байгаасай гэж боддог. Маш ухаантай, олон үггүй, надтай хааяа л үг дуугардаг хүн. Өөрийнхөө ямар хариуцлага үүрдгийг юу юунаас илүү мэднэ. Заавал хайртай, дуртай гэж шалчигнахдаа биш шүү дээ. Надад бараг ганц ч удаа хайртай шүү гэж хэлж байгаагүй байх. Зүгээр байж байгаа нь л миний бүх орон зайг дүүргэдэг.

Тэгээд бас ахтай охид зоригтой байдаг юм шиг. “Ард маань асаалттай танк байгаа” гэсэн бодлоор айх айдасгүй өссөн.

-Таны гэр бүлээс урлагийн хүн байдаг бил үү?

-Ёстой үгүй. Манай ах жүдо бөхөөр барилддаг байгаад, сүүлд хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Спортын хүн. Тийм учир мундаг төлөвшилтэй, архи дарс уудаггүй. Саяхан MIU их сургуулийг биотехнологич мэргэжлээр төгссөн. Тамирчин, биетехнологич, гадаад харилцааны мэргэжилтэй хүн.

-Амьралд тань гурван эрэгтэй хүн айхтар нөлөөлж. Аав, ах, нөхөр. Гэхдээ аавын тань хувьд далд хэлбэрээр нөлөөлж ирсэн шиг.

-Би ер зөнтэй, зарим нэг зүйлийг зүүдлээд мэдчихдэг юм. Үүнийг миний ойр, дотны хүмүүс л мэднэ.

2012 билүү 2013 онд би аавыгаа зүүдэлсэн. Гурван настайгаасаа хойш аавтай нэг ч уулзаагүй үе. Тэр зүүдэнд аав их хэцүү амьдарч, намайг их санаж, миний тусламж хэрэгтэй байгаа харагдсан.

Би тэр үед хуучин машин авчихсан, таксинд явдаг байлаа. Жаахан яваад л халаад унтарчихдаг, афтёркаар төнхөж асаадаг машин. Зүүдэлснийхээ маргааш машиндаа суугаад л, “Аав руу явлаа, зүүдэнд ороод байна” гэж ээжид хэлсэн. Ээж хамт явахаар шийдэж, ах үлдсэн.

Ингээд бид хоёр Сэлэнгэ аймаг руу хөдөллөө. Ээж Ерөө суманд үлдэж, “Энэ хүрээд би больё, цааш өөрөө яваад уулзчих” гэв. Би нутгийн хүнээр заалгаж явсаар шөнийн 03.00 цагийн орчимд аавын гэрийг олж очсон. Гадаа нь ирээд сигналдахад хөгшөөн хүн гараад ирсэн. Би танихгүй юм чинь, “Сайн байна уу, Эрдэнэбилэг гэж хүн бий юү” гэж асуухад, “Би байна, энд надаас өөр хүн байхгүй дээ” гэсэн. “Би Пунтик байна” гэтэл намайг таньж, “Аав нь охиноо зөндөө их санасан” гэж угтсан.

Ээж маань аавыг хоол хурдан хийдэг гэж ярьдаг байв. Тэгэхэд аав бууз жигнэж, цуйван сэгсрээд салат хийж өгсөн. Би нэг, хоёр цагийн турш юм яриад, “За, аав аа би буцлаа, ажил, хичээлтэй” гээд буцсан. Өмд, сорочка зэрэг эрэгтэй хүний шинэ хувцас авчирсан байснаа үлдээгээд, дэвтэр дээр нь утасны дугаараа бичиж орхисон.

Бараг 24 цаг машин барьчихсан болохоор буцаж ирээд өдөржин унтсан. Унтаж, унтаж байгаад сэртэл над руу 93... дугаараас арван хэдэн удаа залгачихсан байлаа. Буцаагаад залгатал Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас байсан. “Пүрэвжаргал мөн үү? Эрдэнэбилэг гэж хүн урд шөнө өнгөрчихлөө. Сэлэнгэ аймгийн моорог дээрээс ирж авна уу” гэсэн. Би яг өмнө нь амжиж уулзсан юм билээ.

Одоо эргээд бодоход тэр олон жилийн дурсамжинд ганц ч байдаггүй хүнтэйгээ аз жаргалтайгаар, амжаад уулзчихсан болохоор одоо ямар нэг харамсалгүйгээр, гоёор аавыгаа дурсдаг.

-ХЭДХЭН КИНОНД ТОГЛОЧХООД ХАНАДАГ ХҮН БИ БИШ-

-Та багадаа загвар зохион бүтээдэг, хувцас оёдог байсан юм билээ. Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Би нэг янзаараа байхыг хүсдэггүй. Загвар зохион бүтээгч болсон бол би өдөр бүр зурж, оёсоор таарна. Харин жүжигчин болвол надад хатан ч, хулгайч ч болох боломж олдоно. Эхлээд сэтгүүлч мэргэжлээр их сургуульд элссэн л дээ. Нэг семестер сураад жүжигчний анги руу шилжсэн.

-Бас хичээлийн хажуугаар хар, бор ажил их хийж гэж би таны ярианаас ойлголоо?

-Бүр багадаа ганцаараа л тоглохоос өөр юм хийхгүй байгаа юм шиг санагдаад зүгээр сууж чадаагүй. Ингээд хоёр жил хөдөөний гуанзанд ажилласан. Дараа нь Улаанбаатарт нэг газар зөөгч хийж эхэлсэн. Аажимдаа намайг зохион байгуулагч болгов. Дараа нь захирал маань гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийн менежер болгосон. Ингэж явсаар 10 жилээ төгсөж байгаа юм /инээв.сурв/.  Ингээд оюутан болоод таксинд явж эхэлсэн дээ. Миний мэргэжилд хамгийн их тус болдог зүйл бол хийж байсан энэ олон ажил маань. Олон янзын дүрийн зан чанар надад суусан.

-Хичээл, сурлагадаа хэр хүүхэд байв?

-Юм юман дээрээ манлайлагч хүүхэд байсан гээд хэлчихэд болох байх. Тооны хичээлд бол суудаггүй байсан. Багш угаасаа намайг зүгээр л гаргачихдаг байсан /инээв. Сурв/. Хоёр дээр хоёрыг нэмээд хэд вэ?

-Хоёр.

-Би тэгж боддоггүй. Нэг дусал усан дээр нэг дусал ус нэмбэл нэг дусал ус л гарна.

-Жүжигчин хүнд хамгийн чухал зүйл юу вэ. Авьяас уу?

-Авьяас мэдээж хэрэгтэй л дээ. Гэхдээ би мэдрэмж гэж боддог. Зохиолоо авч, уншаад нөхцөл байдлыг, ийм хүнээс ямар харц, ямар дуу гарах вэ гэдгийг мэдрэх нь чухал гэж боддог.

-Энэ карьераа үргэлжлүүлэх үү?

-Үүнээс ч цаашаа явна. Хэдэн кинонд тоглочхоод өөртөө ханадаг хүн би биш.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-03-20 09:51

Хэрэндээ бэрхшээл зовлон үзэж, өрөөлийн дэм багатай өөрийнхөө зүтгэлээр өндийж боссон хүүхэд үү дээ? Яриа хөөрөөг нь ажв�##� хэрсүүжиж яваа бололтой. Уран бүтээл нь арвин байх болтугай. Энэ хувь заяа ч бас, хүнд харагддаг шигээ,зөөлөн биш шүү

Зочин
Зочин
2020-03-23 02:15

Saihan busgui bn amjilt eruue

Зочин
Зочин
2020-03-20 10:40

Buten amidral kinonii uran buteelchdee bayar hurgeye. Zaluuchuudad surgamjtai oird uzeegui saihan kino .Jijigchid ni chadvarlag setgeld hurtel togloj baigaad bayarlasnaa ilerhiilye. Purevjargal uhaantai ohin baina.Amjilt.

Зочин
Зочин
2020-03-20 10:52

kino ym blhoor jigshine gej bhnee

Зочин
Зочин
2020-03-20 11:29

Сэтгэгдэл устсан байна

Mongold busgui
Mongold busgui
2020-03-21 10:39
Reply to  Зочин

Erguu durak Cham shig archaagui erchuud l untsan huuhnee 9 shideer helj yavsiin sejguin p###a be? Chadahgui umnuud l iim dogoldoltoi um helj bichij hunii amidrald gai boldog bhgui uy?

Зочин
Зочин
2020-03-25 01:45

яанаа утасаа зѳв барих гэж байгаад "тэнэг" гэсэн тэмдэгт дээр санаандгүй дарчихлаа..уучлаарай

уншигч
уншигч
2020-05-26 09:54

муу солонгос сери�##� хуулчихаад л сүртэй их рекламдаад л монголын кино урлаг мөхөж байна доо.

Холбоотой мэдээ

Back to top button