НИЙГЭМУЛС ТӨР

Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлэв

АН-ын зөвлөлөөс өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дөрвөн зүйлтэй шаардлага хүргүүлж, цаг үеийн асуудлаар мэдээлэл ХИЙСЭН.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадаас монгол иргэдийг авч ирэх шаардлагагүй байсан. Монгол Улсаа аюулд орлоо” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-ын Удирдах Зөвлөлөөс УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлэв.

Тэд шаардлагадаа “Хилийн чанадад албан бус тоогоор 200000 гаруй Монгол Улсын иргэд хилийн чанадад сурч, ажиллаж амьдарч байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2020 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр COVID-19 -н халдвар эпидеми буюу тахлын хүрээнээс хальж пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг зарлаж, 179 улс оронд энэ халдварт өвчин тархаж, олон мянган хүн амь насаа алдаад байна.

2020 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байсан , УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ маш хариуцлагагүй мэдэгдэл хийж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг авчрахыг эсэргүүцэн, “Тахал импортлохоо зогсоо”, 3 сая иргэний төлөө 5,10 хүний золиос гаргах нь зүйтэй хэмээн мэдэгдсэнд маш их харамсаж, энэхүү шаардлагыг гаргаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа олон иргэдийн нөхцөл байдал хүндэрч байна.

Ялангуяа иргэд ажлын байраа алдах, оюутан залуучууд дотуур байрнаасаа хөөгдөж, тэтгэлэг нь цуцлагдаж, хоноглох газаргүй, хоол ундгүй, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж айл айлын хаалга тогшин, гудамжинд гарах дээрээ тулаад байна. Олон улс оронд Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах, арьсны өнгө, угсаа гарвалаар нь доромжлох, тэднийг заналхийлж, амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүслээ. Гэтэл ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдсон төрийн түшээ, АН-ын дарга хүн эх орноо зорих иргэдээ “Тахал импортлогч” , Золиосны хүмүүс хэмээн ад үзэж, Монгол хүний амь нас, эрүүл мэндийг золиосонд гаргахыг шаардаж, Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрхийг хязгаарлаж, ялгаварлан гадуурхах нөхцөл байдал бий болгож байгаад туйлаас харамсч байна.

https://www.facebook.com/MongoliansAbroad/videos/236796187454567/

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн эх орноо зорин очиж байгаа иргэдээ Тахал импортлогчид хэмээн нэрлэсэн нь хилийн чанадад болон эх орондоо суугаа олон зуун мянган иргэдийн дургүйцлийг төрүүллээ. Өнөөдрийн байдлаар олон иргэд эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлэн Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-д хүсэлтээ ирүүлээд байна. Эдгээр иргэд бол С.Эрдэнэ дарга таны хэлж байгаачлан “Тахал ипортлогчид ” биш, халдвар тээгчид ч биш. Иргэд чадлынхаа хэрээр халдвар авахаас өөрсдийгөө хамгаалж, онгоцны тийз, тусгаарлагдах байрны төлбөрөө бэлтгэж, эх орон маань биднийг авна гэсэн итгэл дүүрэн хүлээж байна. Хүний газар дарамт шахалт амсаж, ажил, сургуульгүй, орох оронгүй гудамжинд гарч байгаа иргэд, оюутан залуучуудыг эх орондоо авчрах ажил таны хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсвол, монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирвол Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ болон эдгээр иргэд, оюутан залуучуудын ар гэрийнхэн танаас хариуцлага нэхэх болно гэдгийг хатуу сануулж байна.

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын 170 гаруй холбоо, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны нэгдэл, тэднийг төлөөлсөн байгууллага болох Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас С.Эрдэнэ таныг иргэдээ доромжилсон, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хааж боох гэсэн үг яриа, үйлдэлдээ Монгол Улсын нийт иргэдээсээ хэвлэл мэдээлллийн хэрэгслээр уучлал гуйхыг шаардаж байна. Хэрвээ та бидний тавьсан шаардлагыг хүлээж авч уучлал гуйхгүй тохиолдолд таныг хилийн чанад дахь иргэдийн эрхийг зөрчсөн, алдар хүндэд халдсан хэмээн үзэж УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандах бөгөөд шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button