СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ЭРДЭМТДИЙН БАЙР СУУРЬ: “Covid-19” вирус хаврын улиралд дэгдэх үү, намжих уу

Гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэнэ. Үүнээс хойш өдөр уртасч, шөнө богиносож эхэлснээр хаврын улирал нэгэнт айлчилсны дохио болох билээ.

Хаврын урь орж, цаг агаар дулаармагц шинэ коронавирусийн халдвар намжина гэх байр суурийг зарим эрдэмтэд баримталж буй. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, иргэд нь нус, цэрээ гудамжинд багагүй хаядаг оронд эсрэгээрээ хавар вирусийн дахин дэгдэлтийг авчирна хэмээх нь ч бий.

Дээрх асуултад эрүүл мэндийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд толгой цохих таван байгууллага өөрсдийн тайлбарыг хийжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв

Image result for Centers for Disease Control and Prevention

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв тодорхой нэг байр суурийг илэрхийлсэнгүй. “Илүү сайн судлах шаардлагатай, баттай хэлэх боломжгүй” гэх утгатай тайлбарыг хийжээ. Тус төв вэб сайт дээрээ,

“Covid-19 вирус улирлын цаг агаарт ямар хариу үйлдэл үзүүлдэг нь хараахан гүйцэт судлагдаагүй байна. Хамрын ханиад үүсгэгч тэргүүтэй түгээмэл вирусуудын дэгдэлт өвлийн улиралд нэмэгддэг. Гэхдээ дархлаа султай хүн зуны улиралд ч тусаж болдог. Ийнхүү энгийн вирусийн тал дээр тулхтай хариулт өгөх боломжгүй байхад Covid-19-ийн тухайд тун бүрхэг. Бид энэ вирусийн тархах, халдварлах зам, орчны тэсвэртэй байдал зэргийг илүү нарийн төвшинд судалж, суралцах хэрэгтэй байна” хэмээн бичжээ.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх ажилтан, халдварт өвчний тархалт судлаач Др. Мария Ван Керхов, “Covid-19 вирусийг хавар цагт намжина гэж хэлэхэд эрт байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ,

“Бидэнд энэ вирус өөр, өөр цаг агаарт ондоо идэвхтэйгээр тархдаг гэж таамаглах ямар нэг бодитой шалтгаан байхгүй. Тийм ч учраас улс орон тус бүрийн онцлогт нь тохирсон урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөд хүндрэлтэй байгаа. Гэхдээ мэдээж маш сонирхон, судлах ёстой сэдэв мөн.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн улирал дэгдэж байхад, өмнөд хагаст байдал эсрэгээрээ өрнөдөг шүү дээ. Тиймээс хойд, өмнөд нутгуудад болж буй үйл явцыг харьцуулан ажиглавал асуултын хариултад тойм хэлбэрээр хариулт өгч болох юм” гэжээ.

Нью-Жерсийн анагаах ухааны их сургууль

Image result for Rutgers New Jersey Medical School

АНУ-ын Рутчерс Нью-Жерсийн анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин судлалын профессор Дэвид Сэннимо мөн л дээрх эрдэмтдийн адил байр суурьтай байна. Тэрбээр энэ сарын эхэнд хийсэн тайлбартаа,

“Энэ асуултад хариулахад Covid-19 вирус өөрөө дэндүү шинэ байна. Шинжлэх ухааны түүхэнд бүртгэгдсэн урьдны коронавирусууд өвлийн улиралд илүү дэгдэмхий байх нь элбэг.

Саяын өвөл л гэхэд АНУ-д олон хүн хуучин коронавирусээр өвчилсөн. Мөн мэдээж маш олон хүмүүс томуу туссан. Хавар болохоор энэ нь намжина. Гэвч үүнийг улирлын онцлогоос болж байна гэхэд өрөөсгөл. Өвөлд хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульдаа явж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нь халдварт өвчин тархах том хүчин зүйл болдог” гэсэн байна.

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхим

Image result for Harvard University School of Public Health

Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн профессор, халдварт өвчний тархалт судлаач Марк Липстич, “Цаг агаар дулаарахад шинэ коронавирусийн тархалтад бага ч болов өөрчлөлт орно” гэв.

Тэрбээр, “Хамгийн товч хариулт өгөхөд, бид энэ вирус цаг агаар дулаарахад бага ч атугай намжина гэж бодож байгаа. Одоогийн байдлаар халуун оронд вирусийн тархалт тийм ч их биш байгааг харж болно. Өмнө бүртгэгдэж байсан коронавирусуудын хувьд тархалтын эрчим нь дулааны улиралд буурдаг. Гэвч шинэ коронавирусийн цаг ууртай холбоотой механизм хангалттай түвшинд судлагдаагүй байна” гэж бичжээ.

Колумбийн их сургуулийн Анагаах ухааны тэнхим

Image result for Columbia University Medical School

Колумбийн их сургуулийн Анагаах ухааны тэнхимийн профессор, халдварт өвчний тархалт судлаач Стефен Морс, “Шинэ коронавирус дулааны улиралд саарах байх. Гэхдээ баталгаа байхгүй” гэжээ.

Тодруулбал, “Боломжтой зүйл. Гэхдээ тун хийсгэлэн байр суурь гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид ядаж дөрөвдүгээр сар гартал харзнах ёстой. Тэр хүртэл сургууль цэцэрлэг, олон нийтийн үйл ажиллагаанд хориг тавих нь зүйтэй” гэж хэвлэлд ярьсан байна. Энэ байр сууриа тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трамп, “Коронавирус хавар намжина, санаа зоволтгүй” гэх утгатай мэдэгдэл хийснийх нь дараа илэрхийлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button