“Z” үеийн дуу хоолой №3: “Өдөр бүр амны хаалтаа зүүж, ЭМЯ-ны мэдээллээ үздэг”

Eguur.mn сайт “Z үеийн дуу хоолой” цуврал ярилцлагынхаа ээлжит дугаарыг цаг үеийн асуудал хөндөн бэлтгэлээ. Шинэ коронавирусийн дуулиан анхлан дэгдсэнээс өнөөг хүртэлх цаг хугацааг Z үеийн залуус хэрхэн дүгнэж, юуг тунгааж байна вэ гэх асуултыг тавин шинэхэн хоёр зочинтойгоо дэлгэрэнгүй хөөрөлдлөө.

Б.Мандуул (Б.М) 21 настай. Одоо МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн гуравдугаар түвшний оюутан.

Харин О.Хүслэн (О.Х) 17 настай. Монгол гуравдугаар сургуулийн 12-р ангийн сурагч.
-ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИРЭЭДҮЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД МААНЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ БОЛ ГЭЖ БОДСОН-
-Хөл хорионы энэ үед ихэвчлэн юу хийж цагийг өнгөрүүлж байна вэ? Эндээс гурвуул ярилцлагаа эхлүүлье.
(О.Х): Төгсөх ангийн сурагч миний хувьд өөртөө цаг гаргаж, өөрийгөө илүү таньж мэдсэн ашигтай өдрүүд үргэлжилж байна. Өглөө бүр 04.00 цагт босож, 06.00 цагт гэр бүлийнхэндээ ажилдаа явахаас нь өмнө өглөөний цайг нь бэлдэж өгч байгаа. Үргэлжлүүлээд Цэцэрлэгт хүрээлэн рүү гүйж, дасгал хийж байна. Энэ жилийн хувьд 2020 километр гүйнэ гэсэн зорилт тавьсан.
Ер хувь хүн талаас өөрийгөө багагүй хөгжүүлж байна. Амьдрах ухаанд суралцахыг хичээж, шинэ хоолны жор туршин, хүний бие махбод, эрүүл амьдралын тухай ном уншиж байгаа.
(Б.М): Миний хувьд эсрэгээрээ, “Хөл хориотой” өдрүүд тийм ч ашигтай биш өнгөрч байгаа гэж болно. Суралцаж буй мэргэжлийн маань онцлогоос шалтгаалж олон сэдвүүд дээр найз нөхөд болон багш нартайгаа ярилцаж, санал бодлоо солилцох хэрэгтэй болдог. Үүнийгээ цахим ертөнцөөр дамжуулж урьдынх шигээ хийх бололцоо төдийлөн алга.
Хүн бүрийн идэвхтэй цаг үе өөр. Би ерөнхийдөө шөнийн идэвхтэй нэгэн тул эдгээр өдрүүдэд өглөө эрт босохгүй байгаа. “Netflix”-ийн эрх авч, үзэж байгаагүй олон кинонуудаа үзэж байна. Өмнө нь хичээлийн хажуугаар тэр бүр амжуулж чаддаггүй байсан. Түүхэн, шинжлэх ухааны зөгнөлт сэдэвтэй кино үзэж, сэдвийг нь цааш үргэлжлүүлэн уншиж, судлах маягаар л явж байна.
-Ер гадуур гарч, орох нь эрс багассан байх. Гэрт суухад юуны тухай бодол хамгийн ихээр төрж байх юм?
(Б.М): Олон зүйлс л бодож байна даа. Хамгийн эхлээд шинэ төрлийн коронавирус хэр өргөн хүрээнд тархах бол, дэлхийн хүн амын хэдэн хувийг хамрах бол гэхчлэн бодлууд эргэлдэж байсан. Яваандаа үүссэн нөхцөл байдал миний амьдрал, ирээдүйн төлөвлөгөөнд хэр хэмжээнд нөлөөлөх бол гэдэг асуулт анхаарлын төвд орсон. Ирээдүйгээ коронавирустэй холбож, хар зургаар нь төсөөлөх гэж хичээж байна. Түүнчлэн мэдээж өглөө бүр босоод Монголд маань халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн болов уу гэж боддог.

(О.Х): Олдсон цаг хугацааг хэрхэн ашигтай байдлаар өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх талаар л ихэвчлэн бодож байна. Бас коронавирусээс болж нурах болоод буй ирээдүйн төлөвлөгөөнүүдийнхээ талаар. Уг нь энэ зун 21 аймгаар, ганцаараа, үүргэвчтэй аялах төлөвлөгөө гаргасан байсан. Үүндээ зориулж мөнгө хадгалж, холбогдох судалгаануудыг ч хийсэн байсан юм л даа.
-МАНАЙ УЛС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЭРТ АВСАН НЬ МАШ ЗӨВ ШИЙДВЭР БОЛСОН-
-Мандуулын хувьд “Covid-19” буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлсэн мэдээллийг хамгийн анх хэзээ, хэрхэн авсан бэ?
(Б.М): Би өнгөрсөн оны арван нэг, арван хоёрдугаар сарын үед аялалд гарахаар бэлдэж байлаа. Үл мэдэгдэх өвчин тархаж эхэлсэн талаар энэ үед мэдсэн ч, ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй болохоор аялалдаа гарчихсан. Ингээд Хятад, Малайз, Сингапур гэхчлэн Азийн орнуудаар аялаад нэгдүгээр сарын 20 өнгөрөөд Монголд ирсэн. Онгоцонд сууж явах үеэр гэнэтхэн асуумж хуудас бөглүүлж, аюулт өвчин тархсан хэмээн нэлээд ноцтойгоор зарласан. Энэ үед гэнэт палхийж, халдвар авчихсан бол яана аа гэж бага зэрэг санаа зовсон. Тэгээд 14 хоног гэрээс гаралгүй өөрийгөө ажигласан даа.
-Тэр үед аялсан орнуудад нь нөхцөл байдал тийм ч ноцтой биш байсан бололтой?
(Б.М): Тэгж хэлж болно. Нэр дурьдсан орнуудад найзууд маань бий. Тэд ямар нэг айх зүйлгүй гадуур гарч, орж байсан. Харин одоо төр засаг нь зарим нэг арга хэмжээнүүдийг авч, гэрээсээ ажиллаж эхэлсэн гэж дуулсан. Ер нь байдал даамжирсныг Монголд ирээд л ухаарсан даа.
-Бусад, ялангуяа барууны орнуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээг оройтож авснаас болж халдвар газар авлаа гэхчлэн тайлбарлаж байна. Олон улсын харилцаагаар сурдаг оюутны хувьд үүнийг яаж харж байна?
(Б.М): Сэтгэлгээний ялгаа үүнд нөлөөлсөн байх. Азийнхан ер гэр бүлсэг, бие биентэйгээ уялдаа холбоотой гэх үзлээр амьдардаг хүмүүс. Харин барууныхан илүү индивидуалист, биеэ даасан, “Би яахаа өөрөө шийднэ” гэсэн хандлагыг хэдэн зууны турш төлөвшүүлж ирсэн. Үүнээс болж хүмүүс нь ч, засгийн газар нь ч оройтож хөдөлсөн болов уу.
Манай улс БНХАУ-тай шууд хиллэдгийн хувьд ч, жижиг орны хувьд ч эрт арга хэмжээ авсан нь маш зөв болсон. Эх орноороо их бахархаж байгаа.

-Вирусийн халдвар илрээгүй байхад нэлээд эрт хориг арга хэмжээнүүдийг авч, зарим ААН-үүдийг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсныг залуу үе шүүмжлэлт нүдээр харах нь элбэг байсан. “Ус үзээгүй байж хормой шуух” гэдэг шиг. Хүслэн үүн дээр ямар байр суурьтай байв?
(О.Х): Би шүүмжлэлт байр сууринаас хандаагүй. Харин ч маш зөв шийдвэр болсон санагдсан, ялангуяа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон нь. Манайх Нийслэл төвтэй орон, хөл хөдөлгөөн ихтэй шүү дээ. Энэ бол урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээ байсан. Огт юу ч хийхгүй байснаас урьдчилан сэргийлсэн нь мэдээж дээр шүү дээ.
-ТЭР ДУУТ МЕССЕЖ ӨНГӨ АЯАСАА Л ХУДАЛ ГЭДЭГ НЬ МЭДРЭГДЭЖ БАЙСАН-
-Уг нь Монгол Улсад “Covid-19” вирус хамгийн түрүүнд шахам орж ирмээр. Гэтэл багагүй хугацаанд халдварын тохиолдол бүртгэгдэхгүй байсан нь зарим хүмүүст “Нууж байна уу” гэх эргэлзээг төрүүлсэн. Та хоёрын хувьд эргэлзэж байв уу?
(О.Х): Эхэн үедээ манай улс зориулалтын оношлуургүй байсан шүү дээ. Түүнчлэн халуурсан хүмүүсийг энгийн томуу туссан, хатгаа авсан гэхчлэн оношлоод олноор нь буцаасан байх магадлалтай санагдаж байсан. Дээрээс нь “Вирус аль хэдийнэ ороод ирсэн, төр засаг нууж байгаа” гэх утгатай худал мэдээлэл нэлээд хүчтэй түгсэн.
Сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өмнө хүүхдүүд сургуулийн эмч дээр 10, 20-иороо дугаарлаж, халуурч, ханиалгасан гэж олон хүүхдүүд хичээлээс чөлөө аваад эхэлсэн байсан шүү.
(Б.М): Тухайн үед хүн бүр л вирусийн халдварыг ороод ирчихсэн гэж бодож байсан болов уу. Логик үүднээс тунгаахад бид Хятадтай хиллэдэг, өдөр бүр олон зуун иргэн хилээр нааш, цааш орж гардаг учир би ч бас тэгж бодож байсан. Сүүлдээ оношлуур ч орж ирсэн, ЭМЯ-наас өдөр бүр мэдээлэл өгч ч эхэлсэн. Тэгээд арай итгэх үндэслэлтэй болж эхэлсэн дээ.
-Сая Хүслэнгийн ярьсанчлан, хэд хэдэн удаа хуурамч мэдээлэл цахим орчинд тархсан. “Манай хамаатны эгч ЭМЯ-нд ажилладаг...” гэхчлэн. Үүнд итгэсэн үү, яаж хүлээж авсан бол?
(Б.М): Итгээгүй. Тэр дуут мессежийн ярианы өнгө аяс худал гэдэг нь мэдэгдэхээр байсан.
(О.Х): Хэрэв тэр үед халдвар илэрсэн гэж зарласан бол манайхан цөс ихтэй улс, үймээн самуун үүсэх эрсдэлтэй байсан болов уу. Тиймээс “Нууж байгаа” гэх эргэлзээ илүү бодитой санагдаж байсан.

-Халдвар илрээгүй байхад иргэд шууд л бужигнаж, хүнсээ нөөцөлж, наймаачид бараа бүтээгдэхүүний үнээ нэмж эхэлсэн шүү дээ. Та хоёр хэрхэв, хүмүүсийг хараад юу гэж бодож байв?
(Б.М): Иргэдийн тэр үйлдлийг “Тэнэг, орк үйлдэл” гэхчлэн харах хүмүүс олон байгаа. Миний хувьд зөв эсвэл буруу гэж шүүгээгүй. Ерөөс хүмүүсийн үзэж, харж байгаа кино л гэхэд онцгой нөхцөл үүсвэл хүнсээ базаах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгдөг.
Хүйтэн дайны дараа ЗХУ, АНУ хоёр нэг нэгнийхээ талаар сөрөг агуулгатай кино хийдэг байсан. Зөвлөлт задарсны дараа сэдэв нь харь гараг, зомби, дэлхийн сүйрэл болж хувирсан. Бид, тэд ийм кинонуудыг үзэж өссөн. Гэхдээ нойлын цаасан дээр алалцана гэдэг ухамсаргүй л үйлдэл.
(О.Х): Уг нь ДЭМБ олон манай ЭМЯ-наас иргэдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг өгсөөр байсан шүү дээ. Үүнийг дагахын оронд худал мэдээлэлд итгэж, бужигнан сүр дуулиан болгож, үнийн зохиомол хөөргөдөл үүсэхэд хүргэсэн нь надад тийм ч зөв санагдаагүй. Тэрний оронд хувь хүний хариуцлагаа чангатгаж, гадуур нэг их гарахгүй байхад л болох.
-АМНЫ ХААЛТНЫ ҮНИЙГ НЭМЖ ХУДАЛДСАН ҮЙЛДЛИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВТГӨХГҮЙ-
-Та хоёрын хувьд хэр айж байв?
(Б.М): Айдас гэж нэрлэхгүй ч тодорхой хэмжээнд анхааралдаа авсан уу гэвэл авсан. Айж явбал аминд өлзийтэй гэдэг дээ /инээв. Сурв/. Эхэндээ энэ вирусийг тусаад л нас барж, барагтай зомби болон хувирч байна гэхчлэн сүржин мэдээлэл тарж байсан шүү дээ. Сүүлдээ халдварласан хүмүүсийн дийлэнх нь эдгэж байгаа, нас барах магадлал тун бага зэрэг нь ил болсон. Тиймээс туссан ч эдгэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон тул нэг их сэтгэлээр унаж юм уу айгаагүй.
(О.Х): Анх “Коронавирус” гээд бужигнахад нэг их тоогоогүй. ЭМЯ-наас юу гэж хэлэхийг сонсъё гэсэн бодолтой байсан. Яваандаа БНХАУ-д нөхцөл байдал нэлээд хүндэрч ирсэн шүү дээ. Би өөрөө Хятадад суралцъя гэсэн төлөвлөгөөтэй байсан учир, үүнээс болж явж чадахгүйд хүрвэл яах вэ гэж түгшсэн. Долоон тэрбум хүн бүгдээрээ тусчихгүй, дэлхийн эрдэмтэд гарц, гаргалгаа олох нь тодорхой гэсэн байр суурьтай байсан.

-Амны хаалтыг хэр тогтмол зүүж байна даа?
(О.Х): Дэлгүүр орсон ч, хогоо гаргаж асгасан ч зүүж, цүнхэндээ үргэлж гар ариутгагчтай яваа.
(Б.М): Ер нь гадуур гарах бүртээ л зүүж байгаа.
-ДЭМБ-аас амны хаалт зүүхийг зөвлөж буй. Харин АНУ-ын хувьд эрүүл бол зүүх ямар ч хэрэггүй гэх зөвлөмжийг иргэддээ өгсөн?
(Б.М): Колумбийн их сургуулийн эрдэмтэд, “Халдвар аваагүй хүн амны хаалт зүүгээд өөрийгөө хөлөргөхөөс цаашгүй” гэсэн байсан л даа. Гэхдээ цонх үедээ, өвчин авсан эсэхээ мэдээгүй явж байгаад олон хүнтэй харьцчихвал яах вэ. Түүнчлэн хамгаалахгүй гэж байж болох ч, магадлалыг бууруулах нь ойлгомжтой. Миний эрүүл гэж боддог өөрийн ухаан тэгж бодсон /инээв. Сурв/. Монголынхоо өгч байгаа мэдээлэлд л итгэнэ дээ.
(О.Х): Тийм мэдээлэл түгсэн л дээ. Гэхдээ Мандуулын хэлсэн шиг, туссанаа мэдэхгүй явж болох эрсдэлийг тооцож, зүүх нь зөв гэж боддог.
-Дуулианыг далимдуулж эмийн сангууд амны хаалтны үнийг хэд дахин нэмж худалдах болсон доо?
(Б.М): Мэдээж үүнийг хэрхэвч зөвтгөхгүй.
(О.Х): Хаана, хаанаа урьдчилан сэргийлэх шаардлага үүсэж, онц нөхцөл бий болчхоод байхад элэг нэгт ард түмнээ бодохгүй, ингэж ашиг харсан нь үнэхээр н*вшийн үйлдэл санагдсан. Оронд нь "Тийм хэмжээний худалдан авалт хийвэл амны хаалт дагалдуулж өгнө” гэхчлэн байдлаар шийдэх хэрэгтэй шүү дээ.
-ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР ИЛРЭХЭЭС ХОЙШ ЯМАР ҮНДЭСТНИЙ ХҮН БАЙХ НЬ ТИЙМ Ч ХАМААТАЙ БИШ-
-Ингэсээр гуравдугаар сарын 10-нд манай улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Гадны иргэнээс, зөөвөрлөгдөж орж ирсэн хэлбэрээр. Энэ мэдээг яаж хүлээж авсан талаар ярилцъя?
(Б.М): Тэр өдөр мягмар гараг байсан санагдана, гэрээс гарах гэж байтал илэрсэн тухай мэдээг сонссон. Мэдээж таатай хүлээж аваагүй л дээ. Бид барууны орнуудад юу болж байгааг сайн харж байгаа. Вирус зөвхөн Хятадаас анхлан тархсаны төлөө тэнд Ази царайтай хүмүүсийг нүд үзүүрлэж байна. Тэгэхэд манайд нэг барууны “баачка” өвчин аваад ирсэн.
Онгоцноос буухад түүнд сэжигтэй шинж тэмдэг илрээгүй тул тусгаарлалгүй явуулсан юм билээ л дээ. Гэхдээ халдвар тархсан орноос ирсний хувьд өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гэхэд тоолгүй, олон газраар явчихсан байсанд нь уур хүрсэн.
Гэхдээ гадаадын биш, монгол хүнээс анх илэрсэн бол тэр хүн бүр ч хүнд байдалд орох байсан болов уу.

(О.Х): 11.00 цагийн ЭМЯ-ны мэдээг үзэж байгаад манай гэр бүл энэ талаар мэдсэн. Тэр даруйд инстаграм орчинд хүмүүс тухайн франц хүний явсан маршрутыг байршуулж, тарааж эхэлсэн нь сайшаалтай.
Хэзээ нэг өдөр илрэхээс хойш ямар үндэсний хүн байх нь миний хувьд нэг их хамаагүй. Зарим хүмүүс “Шарууд манай улсад угаасаа даам байдаг” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Азиудыг нүд үзүүрлэлээ гээд бид хариуд нь мөн тэгж болохгүй. Тиймд хүмүүсийн Франц иргэнийг нүд үзүүрлэх хандлага гаргасан нь таалагдаагүй.
-Фэйсбүүк орчин дахь хэдэн франц хүний сэтгэгдэл бүхий срийншот нэлээд түгсэн санагдана. “Энэ улс угаасаа нууж байсан, буруутгах хүнээ хайж байгаад манай иргэн рүү чихчихлээ” гэх утгатай. Бодит сэтгэгдэл мөн эсэхийг мэдэхгүй, гэхдээ энийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
(Б.М): Түүнийг хараад харин ёстой уур хүрсэн шүү. Дотор нэг юм дүрэлзээд л явчихсан. Гэхдээ олж очин уулзаад уураа гаргаж чадахгүйгээс хойш яах вэ. Манай Улс, Засгийн газрын энэ хугацаанд хийсэн бүх ажлыг үгүйсгэж байгаа хэрэг шүү дээ.
(О.Х): Мэдээж уншаад хурдтай сэтгэл хөдлөл төрсөн. Гүнзгий амьсгал аваад өнгөрөөсөн дөө.
-МИНИЙ Ч, ТАНЫ Ч ДОТНЫ ХҮНД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДОЖ БОЛНО-
-Манай улс гадаадад буй нэн шаардлагатай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татлаа. Эх орондоо ирсэн тэр хүмүүсээс вирусийн тохиолдлууд нэмж илэрлээ. “Угаас эх нутгаа хаяад явсан хүмүүсийг хэрэггүй авчирлаа” гэх сөрөг хандлага байна. Үүн дээр?
(Б.М): Үүн дээр манай Z үеийнхний хандлага өөр байгаа байх гэж бодож байна. Тийм сөрөг хандлагыг няцаах олон шалтгаан байгаа. Үндсэн хуулинд заагдсаны дагуу тэд эх орондоо ирэх бүрэн эрхтэй. “Эх орноо хаяад явсан” гэх, хүн бүрийн гадаадын орныг зорьсон шалтгааныг бид мэдэхгүй шүү дээ. Миний ч, таны ч ойр дотны хүнд ийм зүйл тохиолдож болно.
(О.Х): Би ч гэсэн яг ижилхэн бодолтой байна. Тэд ямар нэг шалтгаан байсан болоод л гадаадын оронд ажиллаж, амьдарч байсан байж таарна. Хүн хамгийн боломжит гарцаа л сонгодог шүү дээ. Иймд улсаа хаяж явсан гэхчлэн ярих нь маш буруу санагдаж байна. Монгол Улсын иргэн Монголдоо дархан цаазтай л гэсэн үг. Тэднийгээ өлгийдөж аваад эмчлэх сэтгэлтэй л байх ёстой. Бид цөөхүүлээ, монгол хүн монгол хүндээ хайртай байх хэрэгтэй.

-Ер эхэн үед манай улсыг баларна гэж олон хүн харсан байх. Одоо өөр нүдээр харах, хайрлах бахархах сэтгэл цөөнгүй хүнд шинээр төрж байгаа болов уу. Та хоёрын хувьд?
(Б.М): Энэ үйл явдлаас хойш олон хүнд эх орноо хайрлах сэтгэл төрсөн гэдэгт санал нэгдэж байна. Угаас хүн алдах хүртлээ юутай байснаа ухаардаггүй гэх үг байдаг даа. Ер нь Монголоос өөр газар луу явж үзээгүй хүн л эх орондоо дургүйлхдэг байх гэж боддог.
(О.Х): Хүмүүст энэ үйл явдал эх орноо хайрлах сэтгэл, шинэ ухаарал авчирсан нь гайхалтай. Монгол хүн монгол орондоо итгэлтэй амьдарч болох юм байна гэдэг бодол төрсөн байх аа.
-ДОХИОНЫ ХЭЛМЭРЧ ЭГЧ НЭЭРЭН ГОЁ ШҮҮ-
-Одоо “Хөл хорионы” үеийг хурдан дуусаасай гэж бодож байна уу?
(Б.М): Энгийн үетэй харьцуулахад уйтгартай байгаа л даа. Гэхдээ учиргүй дуусаасай гэхчлэн бодохгүй байна. Засгийн газрынхаа шийдвэрийг хүлээцтэйгээр дагана.
(О.Х): Тав, зургаадугаар сар хүртэл үргэлжилсэн ч зүгээр ээ /инээв. Сурв/. Надад өөрийгөө хөгжүүлэх, өөр түвшинд авчрах, таньж мэдэх боломж олгож байгаа тул би дуртай байгаа.
-Мартсанаас, өдөр бүрийн 11.00 цагаас ЭМЯ мэдээлэл хийдэг заншил тогтсон, үүнийг хэр тогтмол үздэг вэ?
(Б.М): Үргэлж үздэг.
Гэхдээ мэдээллийн эхэнд дэлхий дахины нөхцөл байдлыг танилцуулдаг. Уг нь үүнийг цахимаар, түрүүлээд авчих боломж бий. Тиймээс Монголд болсон үйл явдлаа эхэлж ярьсан нь дээр шиг санагддаг. Гэхдээ мэдээж шинэ, залуу үе шиг хурдтай мэдээлэл авах бололцоогүй хүмүүс бий л дээ.
(О.Х): Өглөө сэрээд л зурагтын сувгаа тохируулаад үздэг. ЭМЯ-ны хүмүүстээ маш их баярлаж байгаа. Тэр тусмаа дохионы хэлмэрчтэй мэдээллээ түгээж буй нь сайхан. Энэ ташрамд баярлалаа гэж хэлмээр байна.
(Б.М): Хэлмэрч эгч нээрэн гоё шүү.

-Энэ бүгдээс ямар зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байна?
(Б.М): Нэг зүйлийн талаар хэлье, гэхдээ шүүмж биш шүү. Хүмүүс нэг өглөө босоод ирэхэд л хэдэн мянган хүн халдвар авчихсан байгаа мэт ойлгоод байна. Миний бодлоор жигд хурдтай тархчихсан байсан, үүнийг нэг шөнийн дотор хэдэн мянгаар нь олж илрүүлж байгаа л хэрэг. Иймд харин ч сайн бус уу. Үүнийг, “Сүйрч байна” гэхчлэн сенсацалж тайлбарлах хүмүүс цөөнгүй байна.
(О.Х): Зарим хүмүүс сошиал орчинд түрүүлж сенсаци үүсгэх гэж, хувийн хуудсандаа элдэв мэдээлэл түгээж буй нь таалагдахгүй байгаа. Бас залуу үе их уйдаж, хийх зүйлээ олохгүй байх шиг. Оронд нь нэг ч гэсэн зүйл шинээр сурч, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаараасай.
-Ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл үлдэв үү?
(Б.М): Бидний төлөө цаг наргүй ажиллаж байгаа Засгийн газар, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, онцгойгийн алба хаагчиддаа талархал илэрхийлмээр байна.
(О.Х): Нойр хоолгүй ажиллаж байгаа ийм хүмүүстээ маш их талархаж байна аа.
Үеийнхэндээ хандаж хэлэхэд, өөдрөг, эерэг байя. Энэ хугацаа дахиж олдохгүй, өөрсдийгөө аль болох хөгжүүлээрэй гэж хэлмээр байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huslendee amjilt husiy mundag shuu minii duu
Amjilt????
Амжилт????
Олон улсын харилцааны оюутан з�##�ууд амжилт хүсье. Азийнхан биш азиуд шүү.