Тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байрны 1,050.000 төгрөг төлнө
Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгосон. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 2, 3-нд Сөүл, Токиогоос тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрийг төлөх юм.
ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмж, мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс 8 хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан ийнхүү хугацааг сунгасан бөгөөд өдрийн 50 мянган төгрөгөөр тооцож тусгаарлах байрны төлбөрийг авах юм.
Харин гэнэтийн шийдвэр гарсантай холбоотойгоор өмнө нь ирсэн, тусгаарлалтад байгаа 1000 орчим иргэний нэмэлт долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх ирэгд шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх шаардлагыг тавина гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.