ДЭЛХИЙ

“ХҮН өөрөө ВИРУС” буюу эх байгалийн найдвар “COVID-19”

2019 оны төгсгөлөөр “COVID-19” гэх вирусээр өвчилсөн хүн төрөлхтөн шинэ төрлийн эм, вакцины эрэлд гарав. Дөрвөн сар гаруйн хугацаанд уг вирус дэлхий даяар маш хурдацтай тархаж, өнөөдрийн /2020.03.26/ байдлаар тархалтын хэмжээ хоногт 11.2 хувиар өсөж байгаа тоон мэдээ байна. Одоогоор халдварын нийт тохиолдол 500 гаруй мянга болжээ. Вирус дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн бөгөөд нэг ёсондоо энэ вирус дэлхийг бүрхжээ. Аюул.

Харин одоо эсрэгээр нь уншъя.

2019 оны төгсгөлөөр “ХҮН ТӨРӨЛХТӨН” гэх вирусээр өвчилсөн дэлхий өөрийгөө эмчлэхийн тулд “COVID-19” нэртэй эм үйлдвэрлэв. Дөрвөн сар гаруйн хугацаанд уг эмийн үйлчилгээ дэлхий даяар маш хурдацтай тархаж, өнөөдрийн байдлаар үйлчлэлийн хэмжээ хоногт 11.2 хувиар өсөж байгаа тоон мэдээ байна. Хүн төрөлхтөн устаж байна. Одоогоор эмийн үйлчлэл үзүүлсэн вирусийн тоо 500 гаруй мянга болжээ. Эм дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн бөгөөд нэг ёсондоо эмийн үйлчлэл дэлхийг бүрхжээ. Аврал.

Хүн гэхдээ вирус гэхээсээ илүүтэй бактеритай адил, тааламжтай газар олуутаа үржиж, тэр газрынхаа үржил шимийг сорон, үхжилд хүргэнэ. Гэвч энэ нийтлэлд коронвирусийн тухай ярьж буй тул вирустэй жишин өгүүлэв.

...далай тэнгис дэх их хэмжээний хог хаягдал, хулгайн ан, амьтадын яргалал, гал түймэр, уул уурхайн олборлолт, орд газрууд, хог шатаах үйлдвэрүүд, хэзээ ч хөрсөнд шингэдэггүй хог хаягдлууд, эрчим хүчний замбараагүй хэрэглээ, тайрагдсаар буй ой модод, хэмжээ хязгааргүй хэрэглэх хорт бодисууд, дахин боловсруулагддаггүй, ахуй техник хэрэгслийн хог, агаарын бохирдол, хүмүүсийн ханаж цаддаггүй хэрэглээ, бохир заваан байдал, хэт их шунал хүн төрөлхтөнийг эх дэлхийн “вирус” болгожээ.

“COVID-19” вирус бол хүн төрөлхтөн гэх “вирус”-ийн хажууд “хүүхдийн тоглоом”. Маш хурдан халдварладаг, нууц үе нь удаан үргэлжилдэг, 271 гаруй төрөлтэй, мутацид ордог, нарийн шинжилгээ хийж байж генийг нь ялгах боломжтой, хатуу гадаргуу дээр маш удаан амьдардаг гэх мэт “аймар” тодотгол бол “COVID19”-ийнх юм.  

Харин хүн төрөлхтнийх бүр “аймар”. Долоон тэрбум гаруйн ихэнх нь хоруу чанар өндөртэй, хэдэн мянга, сая төрөлтэй, амьдрах чадвар нь улам л нэмэгдсээр байгаа, аюул ойртохыг шууд мэдэрч, өөрийгөө хамгаалах болон эмчлэх чадвар тун өндөр. Сайн, муу гэж ялгахгүй бүгдийг нь эмчлэх систем нь тун боловсронгуй бөгөөд тэр систем нь улам хөгжсөөр л байгаа. “COVID19” вакцины эсрэг үйлчилгээтэй бодисуудыг хэдийнэ гаргаад эхэлчихсэн. Маш нарийн зохион байгуулалттай, хэсэг бүрт удирдлагатай, нэг хэсэг нь нөгөө рүүгээ шилжиж, туслах замаар биенээ “амьд” авч үлдсээр л байдаг. Ихэвчлэн эргэн тойрныхоо бусад эд эсийг гэмтээж, сүйтгэдэг, очсон буюу хүрсэн газар бүрт нь үхжил үүсдэг шинж чанартай. Энэ бол тэдний устдаггүй шалтгаан. Ер нь тэд устахгүй. Хэзээ нэг өдөр шимэгчилж байгаа бие нь “үхвэл” тэд дагаж үхэх байх. Тэр нь энэ дэлхийн төгсгөл байна.

Хэсэгхэн гажихад, тэр нэг өдөр Номинжин “хонь өмөөрч” нүдний булай болсон. Тэр нүдний булай болсон эмэгтэй дээрх логикийг л ухамсарлачихсан яваа, товчхондоо. Нэгэнт энэ дэлхийд “хүн вирус” болоод төрчихсөн ч ядаж л хоруу чанар багатайхан байх сан гэх түүний хүсэл. Харин түүнийг “Монголоо мэддэггүй” гэж олон хүн чичилсэн. Эх дэлхийд үндэстэн, ястаны онцлог, уламжлал өв соёл ямар байх огт хамаагүй бөгөөд байгаль ертөнц өөрөө эрүүл саруул байх л чухал, тэгвэл тэр урт удаан амьдарна.

Хүн ч ялгаагүй. Коронавирусийн ямар геньтэй, ямар онцлогтой, 271 төрлийнх нь аль нь байх хамаагүй. Өөрт нь хор хөнөөл учруулж л байгаа бол түүнийг устгахын тулд дархлаагаараа тулалдана. Учир нь түүнд эрүүл байх л чухал, тэгвэл урт удаан амьдарна.

Гэвч цаашид вирус, эм хоёрын тэмцэл илүү хурц, илүү ойр давтамжтай үргэлжилж таарна.

ХҮН ТӨРӨЛХТӨН 40 ЖИЛИЙН ДОТОР ЗЭРЛЭГ АМЬТАДЫН 60 ХУВИЙГ УСТГАСАН

Хоёр жилийн өмнө Дэлхийн Байгаль Хамгаалах Санг 59 орны эрдэмтэн хамтран хийсэн судалгааг танилцуулжээ. Уг судалгаанд 1970 оноос хойш хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас үүдэж зэрлэг амьтадын 60 хувь устсан гэдэг эмгэнэлт мэдээлэл тусгагдсан байв. Эрдэмтэд хэлэхдээ “Хэрэв хүн төрөлхтөний 60 хувийг устгавал Хойд, Өмнөд Америк, БНХАУ, Африк тив, Европ тив, Номхон далайн арлууд хүнгүй хоосон болно гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв. Хүн төрөлхтний устгасан ургамал, амьтад байгалийн жамаараа нөхөгдөнө гэж үзвэл 5-7 сая жилийн хугацаа шаардагдах аж.

Бид яагаад “вирус” юм бэ гэдэг нь дээрх жишээнээс нь тов тодорхой харагдаж байна.

АМЬД ҮЛДЭХИЙГ ХҮСЭХДЭЭ ҮХЭЛ РҮҮГЭЭ ЯАРДАГ

Далайн хүчилшилт. Бидний тийм ч сайн мэдэхгүй энэ ойлголт эх дэлхийд мөн л аюул заналхийлж байгаа. Мэдээж энэ бол бидний хийсэн “хэрэг”. 1800 гаруй оныхтой харьцуулбал далайн хүчлийн хэмжээ 30-50 хувиар нэмэгдсэн учир далайн гүний амьтад амьд үлдэх магадлал багассаар л байна. Судлаачид мөн далай, тэнгист жил бүр 300-400 тонн хүнд металл, аж үйлдвэрийн хортой хаягдал хаяж байгаагийн улмаас дэлхийн далай тэнгист нийтдээ 245 мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий 400 орчим “үхмэл бүс” бий болсныг тогтоосон байна.

Дэлхийн дулаарлын талаар яриад ч хэрэггүй. Харин COVID-19 гарснаас хойш томоохон үйлдвэрүүд зогсож, озоны давхрага эргээд нөхөгдөж эхэлсэн талаар мэдээлэл саяхан уншсан. Үүнээс гадна, 1992 оноос хойш хотуудын талбай хоёр дахин нэмэгджээ.

Ер нь дэлхий нийт цэвэр усны нөөцийнхөө 75 хувийг хөдөө аж ахуй болон мал аж ахуйд ашигладаг. Жилдээ 60 гаруй тэрбум тонн нөөц олборлодог, ингэснээр дэлхийн үржил шимтэй хөрсний хэмжээ сүүлийн 50 жилд 23 хувиар буурсан гэх үзүүлэлт байна.

Энэ бүхэн хүн төрөлхтөний амьд үлдэх гэсэн тэмцэлтэй салшгүй холбоотой боловч эсрэгээрээ амьд үлдэхгүй гэж яарах тэмцэл шиг ч санагдах. 

Судлаачдын өгүүлдгээр сүүлийн хагас тэрбумд жилд манай гарагт таван удаа мөхөл болсон. Эхийх нь мөстлөгөөс, хоёр дахь нь дулаарлаас, гурав дахь болон дөрөв дэх нь мөн дулаарал, далай тэнгисийн өөрчлөлт. Харин тав дахь нь солиролын уналт. Мөхөл болгоны үед амьтай бүхний 90 хувь нь үгүй болж байв.

Зургаа дахь мөхлийг зөнч Ванга 3739 онд болно гэсэн бол, НАСА агентлаг 2040 онд гэх таамаг дэвшүүлж байсан удаатай.

Багшаархан мэдээлэл өгөхөд энэ. Хүн төрөлхтөн дэлхийд ямар “гэм” үйлдэж байгаагаа мэддэг хэрнээ, өөрсдийнх нь балгаар дэлхий мөхөл рүүгээ ойртож байгааг ч ойлгодог мөртлөө “хар амиа л хичээсээр” байдаг тул юу ч өөрчлөгдөхгүй, эх дэлхийг хайрладаг нэгнээ шоолон инээж, нийлэн доромжилсоор байдал улам дордох нь тодорхой билээ.

Харин аливаа вируст хүн төрөлхтөн л өөрсдөө вирус гэх нэр оноосон болохоос эх дэлхийн хувьд тэс өөр ойлголт шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button