Сурвалжилга, Нийтлэл

Монгол эмч нар “Covid-19”-ийг эмчилж чадлаа

Өнөөдөр /2020.03.30/ Дэлхийн эмч нарын баярын өдөр. Сайхан мэдээтэй эхэллээ, тэдний энэ жилийн баяр.

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн нийт 12 тохиолдол бүртгэгдээд буй. Тэдний нэг нь “Анх-Отгон” /Франц иргэн/ бол үлдсэн 11 нь тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн монгол иргэд. “Биеийн байдал нь муу байгаа” гэхчлэн саар, сайн мэдээллүүд сонсдож байсан ч, тэдний хоёр нь эдгэжээ.

Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Халдвар авсан нь тогтоогдож, эмчлүүлж байсан хоёр иргэнийг эдгэсэн гэж үзэн өнөөдөр эмнэлгээс гаргаж байна. Таван зүйлийн сорьцоор шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Тэднийг 14 хоногийн турш тусгаарлан ажиглана” хэмээн мэдэгдсэн юм.

Эрүүл мэндийн сайд нь, “Бид хүнээ хаядаггүй төрт улс” хэмээн цахим орчинд бичсэн нь сайшаал дагуулсан. Үнэхээр хүнээ хаядаггүй төрт Монгол улс халдварын голомт оронд суугаа иргэдээ өндөр эрсдэл тээн эх оронд нь авирсан. Тэднээс халдвар илэрсэн ч “эмчилнэ” гээд монгол эмч нар ханцуйгаа шамлан зүтгэсэн. Тэд чаджээ.

Вируст халдвар дэлхий даяар тархаж эхэлснээс хойш эмчлэх батлагдсан аргачлал одоо хэр гараагүй байгаа. Урьд өмнөх вирусуудтэй жишиж, харьцуулсан эмнэл зүйн аргачлалыг л ДЭМБ-аас зөвлөж буй. Гэсэн хэдий ч “Хөгжил буурай орон, эмнэлгийн тоног төхөөрөмж муутай” гэхчлэн эргэлзээг бишгүй дагуулдаг манай эмч нар дахиныг цочроосон энэ вирусийн халдварыг эдгээв.

Анхны тохиолдлыг “авч ирсэн” франц иргэний бие ч мөн сайн байгаа талаар албаны хүмүүс мэдээлдэг. Түүнд болон цаана нь үлдсэн есөн иргэнд эдгэх бүрэн бололцоо байгааг энэ үйл явдал харуулав.

Монгол Улс тусгай үүргийн нислэгээ дахин үйлдэж, дахиад ч олон иргэдээ татна. Тэднээс вирусийн халдвар нэмж илрэх эрсдэл буйг албаны хүмүүс хүлээн зөвшөөрч буй. Илэрсэн ч эдгээж чадах алтан гарт эмч нартай гэдэгтээ сэтгэл амар сууж болох нь, Монголын ард түмэн.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button