НийгмийнУЛС ТӨР

С.Чинзориг сайд амлаад дөрвөн сар өнгөрсөн ч “Үжин” төв байртай болсонгүй

Бага балчир насандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, “дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болсон хүүхдүүдэд эхийн элбэрэл, аавын нөмөр нөөлгийг үзүүлдэг газар бол “Үжин” төв.

2009 оноос хойш хүүхэд хамгаалал, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн золиос болсон балчир үрсийг харж хамгаалах чиглэлээр ажиллаж, 2018 оноос хохирогч болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх Үжин төв 1, 2-ыг байгуулсан. 2019 онд 196 хүүхдийг нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд байрлуулан хамгаалжээ. Харин он гарсаар 45 хохирогч хүүхдийг түр байрлуулан, хүүхэд хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байна. 

Харамсалтай нь байрны хүчин чадлаас хамаарч, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн ердөө арав хүрэхгүй хувьд л, “Үжин” төв хүрч ажиллаж буй бөгөөд өнөөг хүртэл байрны асуудал шийдэгдээгүйг тус төвийн захирал Д.Ундраа хэлсэн юм. Мөн нэгэн үе УИХ-ын дарга Г.Занданшатар ХНХ-ийн сайд С.Чинзориг нарын хүмүүст төрийн зарагдахгүй байгаа олон байрнаас “Үжин” төвд өгөх эсвэл дэмжиж ажиллахыг үүрэг болгож байсан.


ТЭДНИЙ ХУДАЛ АМЛАЛТЫГ ЭРГЭН САНУУЛБАЛ:

НЭГ: Г.Занданшатар үүрэг болгосон ч, хэрэгжилтээ хянасангүй

2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үжин” төв дээр ирж танилцсан. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын хүмүүст “Үжин” төв гэх мэт бодит ажил хийж буй байгууллагуудад төрийн зарагдахгүй байгаа олон байрнаас өгөх эсвэл дэмжиж ажиллахыг үүрэг болгосон ч өнөөг хүртэл хэрэгжээгүй явна. 

ХОЁР: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн нөхөн сэргээх зардлыг төр хариуцана гэж хэлээд “ТАГ ЧИГ”

2019 оны тавдугаар сарын 21 нд Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх “Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн нөхөн сэргээх зардлыг төр хариуцна” гэж хэлсэн. Улмаар Хөдөлмөр  нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарт мөн л үүрэг өгч байв.

Мөн ЭМД-ын сангаас олгож буй эмчилгээ, үйлчилгээний зардалд “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн MRI шинжилгээ, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх эмчилгээний зардал ”-ыг тусга гэж үүрэг чиглэлийг холбогдох яам, агентлагт өгсөн ч, мөн л цаасан дээр бичигдээд үлдэв.

ГУРАВ: С.Чинзориг сайд БАЙР өгнө гэж худал хэлэв.

Энэ оны нэгдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Үжин төвийг байртай болгоно” хэмээх мэдээллүүд цацагдаж, ХНХЯ-наас байрны асуудлыг шийдэж байгаа тухай салбарын сайд нь хэлж байсан. Тэгвэл энэ асуудал өнөөг хэр нь шийдэгдээгүй байгаа юм.

Тиймээс бид яамнаас энэ тухай тодруулахад “Бид мэдэхгүй, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар мэднэ” хэмээх тайлбарыг өгсөн юм. Харин С.Чинзориг сайд утсаа авсангүй.

Мөн бид Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамираас тодруулахад, “Үжин төвийн байрны асуудлыг судалж байгаа. Яг одоогоор шийдэгдсэн зүйл байхгүй” хэмээх тайлбарыг өгсөн юм.


Бид “Үжин” төвийн үйл ажиллагааны тухай тус төвийн захирал Д.Ундраагаас тодруулахад:

Өнгөрөгч /2019.12.25/-нд агентлагуудтай хийсэн тендерийн санхүүжилт дуусаад түүнээс хойш өнөөг хүртэл “Үжин 1,2” төвийнхөө үйл ажиллагааг хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр өнөөдрийг хүрлээ. Он гарснаар нэгдүгээр сарын 11-нд байрны асуудлаар тодорхой шийдийг өгнө гэсэн боловч, хариу өгөөгүй байна. Манай төвийн хувьд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхдүүдэд хүрч ажиллахаар “Үжин” 3 төвөө нээхээр ажиллаж байна хэмээх хариултыг бидэнд өгсөн юм.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны охидыг хамгаалах, нөхөн сэргээх цор ганц Үжин төвийн хүүхдүүд, сайд С.Чинзоригийн биелэгдээгүй амлалтаас болж гудамжинд гарах дээрээ тулаад байна. Төр хэзээ бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг анхаарах вэ. Төрийн хийж чадаагүй ажлыг эхлүүлж, хохирогч охидыг хамгаалж буй Үжин төвийн асуудлыг хэзээ, хэн шийдэх вэ гэдэг асуулт хариулт нэхсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-03-31 17:40

ЭНЭ ХҮҮХЭН ОДОО БОЛИОЧ ЭЭ. ШАНТААЖ ХИЙЖ ХИЙЖ МӨНГӨ БАЙРТАЙ БОЛОХ ГЭСЭН САНААГАА ТӨРИЙН ЭРХ БАРИГЧИД РУУ ДАЙРЧ УЛС ТӨРЖҮҮЛЖ ХИЙЖ БАЙНА. ХҮҮХДИЙН НЭР БАРЬЖ ОЛЗ ХАЙГЧ НЭГЭН ЁС ЗҮЙГҮЙ БУЗАР АВГАЙ ИЧЭЭЧ

Холбоотой мэдээ

Back to top button