СПОРТЯрилцлага

Л.Мөнхсайхан: Ямар ч уулын оргилд шогшоод гарчих бие, сэтгэлийн хүч хүн бүхэнд бий

Эрчим сайт уулын оргилд эрүүл цэнгэг агаар амьсгалан гүйхийн ач холбогдол асар их. Ёстой л нөгөө “юун наадам, юун цагаан сар” гэдэг шиг байдаг.

Даанч хүмүү энэ сайхан бөгөөд биед нь тун их хэрэгтэй гэдгийг ойлгох нь, ойлгосон ч хэрэгжүүлэх нь тун бага.

Гүйхгүй байя гэвэл шалтаг мундахгүй. Жишээ нь, Та “би гүйж чаддаггүй.., би бахардаад байдаг, би … завгүй, … намайг дагуулж гүйх хүн алга, … би ийм хүмүүстэй гүйхгүй…, миний өвдөг өвддөг, … гүйх нь өвдгөнд муу гэж сонссон, гүйх нь спортоор хоолоо олж иддэг хүмүүсийн хийх ажил, … олон хүнтэй гүйхээр хоцорчих байх гэж айдаг, … би бүжгээр хичээллэдэг, … би 108 мөргөдөг, би фитнест явдаг, … би сагс тоглодог, энэ нь надад хангалттай” гэх мэт шалтагуудын аль нэгийг хэлээд өөрийгөө өмөөрч сууна уу.

Хэрэв тийм бол та өнөөдрийг хүртэл эрчим сайтай, гүйлтдээ төвлөрөх боломжтой газар очиж гүйгээгүй байна, оргилд гүйлтийн техникийг зөв заалгаж гүйж үзээгүй гэсэн үг.

ТЭД ХЭНТЭЙ Ч УРАЛДДАГГҮЙ, ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ОРГИЛД ГҮЙДЭГ

“Оргилд гүйгч” нийгэмд үйлчлэх ТББ-ын 5-70 хүртэлх насны гишүүд өвөл, зуныг үл ялган долоо хоногт хоёр удаа уулын оргил өөд, цэвэр агаарт зөв хэмнэл, техниктэйгээр, багшийн зөвлөгөө, хяналтын дор гүйсээр хоёр дахь жилээ үзэж байна. Гүйлт гэхээсээ илүү гүйлтийн нэгэн шинэ төрөл буюу “үнэгэн шогшоо” (Healthy running) юм.

Уулын оргил өөд жигд шогшин гарах нь энгийнээр алхах эсвэл хэт хүч гарган гүйхээс олон талын ач холбогдолтой. Тухайлбал, энэ нь зорьж очсон хүн өөрт байгаа хоёр цагийг үр ашигтай шогшиж өнгөрөөхийн зэрэгцээ булчингийн масс нэмэгдэх, илүүдэл жин хаях, өөх, ус, цусан дахь сахарын илүүдэл нь хөлсөөр гадагшлах, хүний биед жигд доргио үүсгэснээр дотор эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, өвдөгнөөс ялгарах кальци хүний ясыг бэхжүүлэх сайн талтай.

АХМАД ГИШҮҮДИЙН ЗҮРХ, УУШИГ БОЛОН БУСАД ДОТОР ЭРХТЭНҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА САЙЖИРЧ, ЖИН НЬ ХЭВИЙН БОЛСОН

Бүтэн жил тасралтгүй, уулын оргил өөд шогшсон энэ ТББ-ын ахмад настай гишүүдийн зүрх, уушиг болон бусад дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа сайжирч, жин нь хэвийн болсон төдийгүй өвдөгний өвчнөөс ангижирч, хүзүү сээр, нурууны элдэв хөшингө, яс ургалт зогссон гэдгийг батлан ярьж байгаа.

Зарим хэт туранхай гишүүд эрүүл агаарт тогтмол гүйж эхэлсэнээр булчингийн массаа биед сөрөг нөлөөгүйгээр нэмж, сэтгэл санаа нь амгалан тайван болсон бол зарим гишүүдийнх нь цусан дах сахар буурч, үе мөчний өвчнөөс ангижирсан гээд бахархам олон амжилтын эзэд болжээ.

Тэд хэнтэй ч уралддаггүй, хэнд ч амжилтаа батлан харуулах гэж хичээдэггүй, зөвхөн өөрсдийн эрүүл мэндийн төлөө “Оргилд гүйгч” нэрийн дор нэгдсэн аж.

Оргилд гүйлт нь гэрээсээ гараад байрныхаа гадаа хэдэн тойрог гүйхээс их ялгаатай. Оргилд гүйж жаргахын тулд, эмгүйгээр бие, сэтгэлээ эрүүлжүүлж, оюун ухаанаа хурцлахын тулд “яаж гүйх, гүйлтийн явцад хэзээ, хэдий хугацаатай амрах, уулын хэц газар яаж өгсөх, яаж уруудах, өгсөн гүйхэд зүрхэнд ирэх, уруудан гүйхэд өвдөгт ирэх ачааллыг хэрхэн багасгах, өгсөж уруудахдаа амьсгалаа яаж авах, яаж гаргах, бага хурдтай, эсвэл их хурданаар яаж өгсөж, бас яаж уруудаж гүйх, энэ үед биеийн байрлал ямар байх тухай тухайн оргилд гүйлтэд бие, сэтгэлээ хэрхэн бэлдэж, гүйлтийн явцад биеийн байдлаа хэрхэн хянах, горхи гатлах, нойтон, цастай, эсвэл хайргатай замаар яаж гүйх тухай заадаг.

Мөн замын нөхцлийг хэрхэн үнэлэх, гүйж явахдаа ямар булчинг яаж амраах, тэр байтугай ямар хувцас өмсөх, юу авч явж болох, юу авч явж болохгүй, гар утас, фото аппаратаа хэрхэн хадгалж авч явах зэргийг хүртэл энэ ТББ гишүүддээ зааж өгдөг аж.

МЭДЭЭ: Оргилд гүйгч НҮТББ 2018 оны зургадугаар сарын 22 ноос эхлэн анх ууланд хүмүүсээ гүйлгэж эхэлсэн. Үүнээс хойш 2020 оны гуравдугаар сарын 27 ны байдлаар нийт 190 гүйлт зохион байгуулсанд нийт 2750 хүн хамрагдан хөрст алтанхан дэлхийнхээ эрчим сайт уулсын оргилд гүйсэн байна. Өнөөдөр ч оргилд гүйгчдийн тоо нэмэгдсээр байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭНЭ ГҮЙЛТ НЬ ХӨДӨЛГӨӨНТ БЯСАЛГАЛЫН НЭГЭН ТӨРӨЛ

Оргилд гүйгчийн авсан зураг

Өндөр уулын хяраар, ой модон дотор гүйдэг энэ төрлийн гүйлтээр спортоор огт хичээллэж хэвшээгүй хүмүүс ч гүйх боломжтой гэлээ. Учир нь энэ нь хурдны бусад төрлийн гүйлт болон спорт алхалтаас ялгаатай, илүүтэй эрүүл мэндийн ач холбогдлыг чухалчлах бөгөөд гишүүд энэ төрлийн гүйлтийг хөдөлгөөнт бясалгал хэмээн тодорхойлжээ.

Бид энэ шинэ төрлийн гүйлтийн талаар “Оргилд гүйгч” нийгэмд үйлчлэгч ТББ-ын Тэргүүн, уг гүйлтийг санаачлагч Л.Мөнхсайхантай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө та манай уншигчдад яагаад “Оргилд гүйгч” гэж тодорхойлох болсноо тайлбарлаж өгөхгүй юу?

-“Оргилд гүйгч” гэдэг нэр оюуны өмчийн эрхээр баталгаажсан. Таны гүйж очсон газар бүр оргил. Та эрүүл мэндийн оргилд гүйгээд эхэлсэн л бол та оргилд гүйгч. Танд баяр хүргэе.

Монголын Хүний Нөөцийн Институтын захирал энэ нэрийг сонсоод надад баяр хүргэж, “Та хэдэн өдөр бясалгаж байж энэ нэрийг олсон бэ” гэж наргиан болгож байсан. Олны төлөө сэтгэл оюунаа чилээхээр “Оргилд гүйгч” болно шүү дээ.

-Жирийн тэгш замд ч гүйхэд хэцүү байтал хижээл настай хүмүүс ч оргил өөд гүйж байна гэхээр их сонирхолтой санагдаж байна?

-Хүний биед бидний мэдэхгүй асар их хүч нөөц бий. Ялимгүй тэгш бус газар шогшиход эсрэгээрээ хүний булчин шөрмөс чангарч, хөл гарын мэдрэлүүд сэргэнэ. Харин гар, цээж, толгой, хүзүүний хөдөлгөөн гүйлтээ дэмжсэн, хөлийн тавилт бүтэн тавхайгаараа, амьсгалаа авах гаргахдаа хэт хүйтний улиралд хоолойгоо өвдөхөөс, уушиг руу хэт хүйтэн агаар орохоос сэргийлсэн байдлаар хэлээ байрлуулах гээд олон арга байна аа. Нэг удаа ч болов бидэнтэй гүйж үзэх л хэрэгтэй. Тэгээд сурчихна.

Зүрх хүчтэй ажиллан цус шахсанаар захын судасны цусан хангамж сайжирч мэдрэл сэргэнэ. Цэвэр агаар эм. Цэвэр агаараар хүчтэй амьсгалан гүйхэд өлсөх ч үгүй. Хацар нь улайгаад, нүд нь гэрэлтээд сайхан. Нарийссан судаснууд гүйлтийн явцад тэлэхээр толгой өвдөх зэрэг шинж илэрдэг, эвтэйхэн шогссоор байгаад судсаа тэлж авах хэрэгтэй.

-Та бүхэн гүйлтийн энэ төрлийг хөдөлгөөнт бясалгал гэж тодорхойлсон байсан. Оргилд гүйгчдийн дунд бясалгагчид ч байдаг юм билээ. Юугаараа бясалгалтай ижил төстэй вэ?

-Энэтхэгийн бясалгагч, “энхтайваныг уриалагч” Шри Чинмой марафоноор хичээллэдэг байсан гэсэн. Мөн Энэтхэгийн иргэн Ошо гэгээнтэн “гүйлт бол хөдөлгөөнт бясалгалын нэг төрөл” гэж “Үүлгүй аадар” номондоо бичсэн байдаг.

Та оргилд гүйж явахдаа ахуй, улс төр ярихгүй зөвхөн гүйлтдээ төвлөрч, байгалийн олон сайхан чимээ анир, сайхан цэцэгс, мод ургамал, цэвэр агаар, цэнгэг усны анхилуун тансаг үнэрт жарган, чийрэг хөлийнхөө чимээг чагнанхан гүйх нь маш сайхан.

Нэг залуу бизнесмэн бидэнтэй нийлж гүйж эхлээд тав дах удаагийн оргилл гүйлтийнхээ дараа “би эхний гүйлтийн үед ажлаа бодоод байдаг байсан, өнөөдөр л ажил төрлөө мартчихсан гүйж яваад ирлээ. Машиндаа суугаад л өнөөдөр хийх ажлууд санаанд орж байна. Одооноос л гүйлтдээ төвлөрдөг болж байна” гэж ярьж байсан нь санагдаж байна. Түүнд амжилт хүсье.

-Энэ гүйлтээр хичээллэгчид юуны өмнө спортын амжилт үзүүлэх гэхээсээ илүүтэй эрүүл мэндээ дэмжих зорилготойгоор гишүүн болдог гэж ойлгогдлоо. Тухайлбал таны хувьд болон танай гишүүдэд гарсан эерэг үр дүнгүүдээс та хуваалцахгүй юу?

-Оргилд гүйгчиддээ энэ нь спорт гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн чиглэлийн хөдөлгөөнт дасгал гэдгийг ойлгуулж ухааруулдаг. Тийм учраас гүйж байхад өрсөлдөөн байхгүй. Оргилд гарах гэж улайрах, биеэ хүчлэх, албадахыг хориглодог.

Дээшээ өгсөн гүйх цаг дууссан байхад одоо жаахан газар үлдэж, гүйж гарчихаад ирье гэж 5-10 минут хэтрүүлж гүйвэл торгуультай. Торгууль нь 500 гр “каракум” чихэр. Илүү ч үгүй, дутуу ч үгүй 500 гр. Энэ чихэрний реклам биш л дээ, зүгээр чанартай, гүйж явахад тэжээл болдог гэж боддог. Гэхдээ өгсөж гүйж байхдаа чихрээ идчихвэл гүйж чадахгүй. Оргилд гараад юм уу, бууж ирэхдээ идвэл тэжээл болдог. Оргилд гүйгчид өглөө гүйхээс нэг цагийн өмнө босч, аяга бүлээн ус хужиртай хутгаж уудаг. Ингэснээр ходоодны үлдэгдэл угаагдаж, бие хөнгөлөөд гардаг. Нэг аягаас илүү уувал гүйж байхад шээх ажил гардаг учир нэг л аяга уудаг.

Торгуулиа өгч буй нь...

Гүйж эхлээд 45 хоноход л тарган нь 10 кг, мөн 12 кг хаясан, туранхайвтар хүмүүс нь бага хаядаг. Өөх, ус, хаван бага юм шиг байгаа юм. Тэгээд дэлдийтэл тураад, эргээд булчингийн масс хир хэмжээндээ таарсан байдлаар нэмэгдэж сайхан болдог.

Турахын тухайд эхлээд гуя, шилбэ, дараа нь толгой хүзүү, сүүлд нь цээж, хамгийн сүүлд нь бэлхүүс хавиар жин хаяж галбиржан сайхан болдог. Гэдэсний суниалт хийгээгүй байхад л гэдэсний булчин, ер нь биеийн бусад хэсгийн ч гэсэн арьс, булчин чангарсан байдаг. Хөдөлгөөндөө тэгдэг юм шиг байгаа юм. Туранхай хүн “би гүйгээд улам турчихвал яах юм” гэхээр нь “гүйхгүй ингээд сулбагар туранхай байсан нь дээр үү, гүйгээд хирдээ таарсан булчинтай, шөрмөслөг туранхай байсан нь дээр үү” гэж асуудаг.

Аюулгүй байдлын тухайд гэвэл гүйж байхдаа биеэ ажиглах, амрахдаа дээшээ биш эргэж харж зогсон амрах, гүйлтийн явцад огцом суухгүй байх зэрэг харвалтаас сэргийлэх зөвлөгөөг тухайн гүйлтийн өмнө шинээр гүйгчлэд өгдөг. Ер нь гүйлтийн явцад суух, хэвтэх зэрэг зөрчил гаргаж бусдыгаа уруу татагч нь чихэр авч өгөх торгуультай. Нэгэнт нэгдсэн журмаар гүйж байгаа бол зохион байгуулагчдынхаа тавьсан нөхөрсөг шаардлагыг биелүүлэх нь зүйтэй байх.

-“Халуун хөлсний эмчилгээ” гэж оргилд гүйлтийг өөр нэг байдлаар тайлбарласан байсан. Танай гүйлт өвөл ч зогсолтгүй үргэлжилдэг юм билээ. Илүү дэлгэрэнгүй ойлголт өгч болох болов уу?

-Оргилд гүйлт бол халуун хөлс гаргах эмчилгээ гэж боддог. Хөлсөөр сахарын илүүдлээс эхлээд их юм гадагшилж, арьсны нүх сүв онгойн батга бохирдол арилна. Ийм учир гүйж явахдаа малгай тайлах, бээлий тайлах зэрэг нь бие сэрүүцэн хөлс гарах нь багасах муу талтай. Үүний зэрэгцээ хөлс дотогш цохих эрсдэл дагуулна.

-Тэгвэл их зөв хувцаслах шаардлагатай байдаг байх нь ээ?

-Тиймээ, жилийн дөрвөн улиралд долоо хоногт хоёр удаа шогшиж байгаа учир хувцасаа хэт халуун багласан биш, бас хөлс жиндээд байхаар биш хувцаслаж сурах хэрэгтэй. Би бол хөөвөр, ноос, ноолууран хувцас өмсөхөд эргэж хөлс жиндүүлээд хайруулаад байдаггүй сайн гэж зөвлөнө. Ноос, ноолууран хувцасны дотуур мэдээж нимгэн юмс өмсөнө, энэ нь бас хөлс эргэж цохьдоггүй спорт зориулалтын, эсвэл ноосон даавуун дотуур хувцас зүгээр байдаг гэж хэлэх байна. Мэдээж гадуураа бол тухайн улиралд тохирсон, салхи бага нэвтэрдэг спорт хувцас зүгээр.

-Оргилд гүйлтийн үед тусгай дэглэмээр хооллодог уу. Эсвэл…

-Оргилд долоо хоногт хоёроос их гүйх нь бэлтгэл цөмрөх байдал дагуулж байгаа. Зарим эмэгтэйчүүд жингээ түргэн хаях гээд өдөр болгон гүйж бэлтгэлээ цөмлөн, дараа нь ахиж гүйхгүй шантрах явдал ажиглагддаг. Хоолны тухайд гэвэл гүйхийн урд өдөр 18.00 цагаас хойш хүнд хоол идэхгүй байвал сайн. Өглөө гүйхээс нэг цагийн өмнө босч аяга бүлээн усанд бага зэрэг хужир, эсвэл сод хутгаж уухад бие хөнгөрөөд зүгээр. Бас гүйж явахад цангахгүй яг таарна. Үүнээс их уувал гүйж явахад шээс хүрнэ. Гүйж ирээд та өөрийн тааваар хоол ундаа идэж, ууж болно. 12.00 цагаас өмнө гаргасан хөлс, калори дараа нь хэрэглэх хүнсээр нөхөгддөггүй гэсэн. Давс багатай хоол, шарсан хуурсан юм бага идвэл ходоод нь баярлах байх.

-Оргилд гүйхэд насны болон бусад харгалзах шаардлагууд бий юу?

-Байгаа, насны байдлыг нь харгалзан гарааны өмнө гүйлтийн замаа тохирч, хүмүүсээ баг болгон ахлагч нарыг томилдог. Олуулаа гүйж байхад зохион байгуулалттай байхгүй бол болохгүй. Өглөө цуглаад гарах цаг, өгсөж яваад эргэх цагаа сайн баримтлахгүй бол гүйхээр сэтгэл нь төвлөрсөн байгаа хүмүүс бусдыгаа хүлээн бага зэрэг бухимдал үүссэнээс гүйлт таатай болохгүй байх. Зарим нь өөдөө өгсөх цагаа хэтрүүлэн гүйснээс барианд ирсэн нөхөд нь хүлээн хөлс жиндүүлэх зэрэг асуудлууд байдаг учир нэгэнт хамтдаа гүйцгээж байгаа улс дотооддоо тохирсон журмаа, цагаа баримтлах нь бусдынхаа баяр баясгаланг эдлүүлэх буян болно.

-Танай ТББ-д одоо хамгийн өндөр настай болон хамгийн залуу гүйгч нь хэдэн настай байдаг вэ?

-11-12 той жаалууд аавыгаа дагаж ирдэг. Гэхдээ өвлийн улиралд даарчих гээд байдаг. Гэр бүлийнхэн ирэхээрээ нэг нь дээш гүйх багт ороод, нөгөө нь арын хэсэгт ороод ойрхон гүйнгээ хүүхдээ алсаас харах зэрэг арга хэрэглэж харагддаг. Та богино зам туулж болно. Гэхдээ өөрт олдсон завшаантай цагаа алхаж биш шогшиж өнгөрөөвөл илүү үр дүнтэй шүү л гэж Оргилд гүйгчиддээ захидаг.

-Гүйлтийн үед хүмүүсийн гаргадаг алдаа, сэтгэлзүйн бэлэн бус байдлууд ямар байдлаар илэрдэг вэ?

-Шинээр ирсэн хүмүүс бусдаасаа хэт хоцорчих вий гэж сандран биеэ албадах, эрч хүчтэйхэн нэг нь түрүүлэн гүйж онгирох, түрүүлж очсон газраа хөлстэй хувцасаа тайлж хуурай хувцас өмсөх зэргээр оргилд гүйлтийн журмыг зөрчдөг.

Түрүүлэн гүйгчид ч яахав, харин хоцрох вий гэж сандран биеэ хэт хүчилж байгаа хүн харагдвал амрахыг зөвлөж, эсвэл хамтдаа зогсон амарч тайвшруулах нь зүгээр байдаг. Тэгэхгүй бол нэг удаа биеэ хэт хүчлэн гүйсэн хүн хашраад дараагийн удаа гүйхгүй, тэгээд л хувь заяатайгаа эвлэрэн цагийн аясаар хорвоог барах байх. Нэг ч гэсэн монгол хүн бие эрүүл, сэтгэл эерэг байгаасай гэж хүсч бид найз нөхөд энэ Үндэсний хөдөлгөөн болон тэлэх эрүүл мэндийн оргилд гүйлтийг эхлүүлсэн. Бие эрүүл, сэтгэл эерэг болохын цагт ухаан тэлж урамтайхан ажиллаж, амьдарна биздээ. Манай “Оргилд гүйгч” сүлд дуу бий.

Оргилд гүйгчид НЭГ жилийн ойн баяраараа оргил өөд гүйв

-Та анх Оргилд гүйхийг хэрхэн санаачилж байв. Анхны гүйлтийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?

-Спорт тоглоом, гүйлт, дугуй, усан спортоор хичээллэдэг нэгэн эрхэм сайхан хүн намайг хэд хэдэн удаа гүйлтэд урьж байсан ч би гүйхийг нэг их сонирхдоггүй байлаа. Харин спорт тоглоом, усанд сэлэлтээр тогтмол хичээллэдэг байсан. Нэг удаа хийморийн овоонд гарах гээд хэт зузаан хувцастай, аахилж амьсгаадаад явж байтал хажуугаар нимгэндүү хувцастай хүн гүйгээд өнгөрсөн, ард ахиад чимээ гарахаар нь эргэн хартал ахиад нэг хүн шогшин ирж байв. Би амьсгаа дарангаа замын дунд шил дээр байх нэгэн овоонд чулуу нэмж, “энэ хүн зогсож амьсгаа дарах байх даа” гээд харж байтал тэр хүн хажуугаар “шүг шүг” хийн шогшиж өнгөрөхдөө овооны дэргэд ч зогсоогүй, хүний урманд над руу хялам ч гээгүй.

Биеийн байрлал нь гүйхэд хамгийн тохиромжтой хэлбэрт орсон байдалтай хэвээрээ урдах замаа харан тайван шогшиж өнгөрсөн. Би мэл гайхаж, цэл хөхрөөд, уулын орой руу гүйж гарах аргыг сонирхож эхэлсэн. 2018 оны зуны улирал эхэлж, сургуулийн спорт заалууд хаагдаж эхлэх үед Завханы Улиастайн 10 жилийг хамт төгссөн найзуудтайгаа анх удаа ууланд гарч, энэ хүртэл судалж, мэдэж авсан арга барилаа ашиглан найзуудтайгаа гүйж үзсэн. Түүнээс хойш ямар ч уулын оргилд шогшоод гарчих биеийн болон сэтгэлийн хүч хүн болгонд байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Гүйхийн өмнөх өдөр идэх уух зүйл, гүйхийн өглөө биеэ хөнгөлөх арга барилыг төгөлдөржүүлэн сайжруулсаар өнөөгийн түвшинд хүрлээ.

-Таны хувьд гүйлтээс ямар мэдрэмж авдаг вэ?

-Гүйхээр товлоход онгод ороод сайхан. Эрүүл мэндийн оргилд гүйсээр найз нөхөд болсон оргилд гүйгчид бие биесээ сураглаад л. Өглөө нь цагтаа цугларан мэндлээд, гараандаа жагсаж тоогоо өгөөд, өгсөж гүйх, буцаж ирэх замаа товлон, жигд алхаагаар хөл, шагайгаа халаагаад, тэгсгээд гүйж эхлэх нь, эрчимт уулсын оргилоор замжин гүйх замыг товолж байхад нас тогтсон хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй “больё, хялбар замаар гүйе” гэж хэлэхгүй л гараад явчих нь сүртэй сайхан.

Бариандаа ирэхэд бие биедээ баяр хүргээд жагсан тоогоо өгч, халуун хөлсөө жиндүүлэхгүй гэж хугацаандаа дасгалаа хийгээд дуусахад үгээр илэрхийлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрдөг. Дээшээ нэг цаг, уруудаад нэг цаг уулын замаар гүйгээд ирсэн, ядарчихсан атлаа л зүрх баяраар бялхаж, баясал төрөөд байдаг. Эрчимт уулсын Оргилд гараад эргэхэд юутай сайхан.

Оргилд гүйгчид хаана ч очсон уулсыг харж, гүйвэл түүгээр гараад, түүгээр буугаад ирнэ гээд гүйх газраа товлодог дадалтай болчихдог юм байна гэж байсан. Долоо хоногт хоёр удаа гүйхэд ажлын ачаалал арилж, бие сэргэн сэтгэл санаа сэргэлэн болдог.

“ОРГИЛД ГҮЙГЧ” НИЙГЭМД ҮЙЛЧЛЭХ ТББ-Д ЭЛСЭЖ, ОРГИЛД ГҮЙГЧ БОЛОХЫГ ХҮСВЭЛ ФЭЙСБҮҮКИЙН ORGILD GUIGCH ПЭЙЖ БОЛОН ГРУППТ НЭГДЭХ БОЛОМЖТОЙ.

ЗУРГИЙН ЦОМОГ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button