Ярилцлага

“Монгол сурагчид боломж, бололцоо багатай ч хүсэл тэмүүлэл ихтэй”

Хавар ирж, мянга мянган сурагчдын мөнгөн хонхоо жингэнүүлсээр их сургуулийн босго алхах мөч ойртлоо. Сүүлийн жилүүдэд залуус зөвхөн дотоодын их, дээд сургуулиудад элсэхээс илүү гадаадын нэр хүнд бүхий сургуулийн элсэлтэд бэлддэг, үүний тулд нэг жилийн завсарлага /gap year/ авдаг болоод буй. Тэдний дотроос дэлхийд дээгүүр бичигддэг их сургуулиудад тэтгэлэгтэй тэнцэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг нь олон.

Б.Цолмонгийн хувьд дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг тогтмол тэргүүлдэг АНУ дахь MIT буюу Массачусеттсийн технологийн их сургуульд тэнцжээ.

Тэр Олон улсын физикийн олимпиад олон Азийн физикийн олимпиадуудад шагналт байр эзэлсэн. Мөн Казахстанд зохион байгуулагддаг олон улсын чанартай физикийн олимпиадын мөнгө, хүрэл медальтай. Түүнчлэн Улсын физикийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл, Нийслэлийн физикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалт тус тус хүртжээ.

Түүнтэй хийсэн ярилцлагад уншигчийн анхаарлыг хандуулъя.

-АНУ-ЫН 17  ИХ СУРГУУЛЬ РУУ ЭЛСЭХ ӨРГӨДӨЛ ИЛГЭЭСЭН-

-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Намайг Б.Цолмон гэдэг. 18 настай. Нийслэлийн 1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 12г ангид сурдаг.

-MIT /Massachusetts Institute of Technology/-д тэнцсэнд нь баяр хүргэе. Гадаадын өөр их сургуулиудад элсэх өргөдөл явуулсан болов уу?

-Баярлалаа. Тийм ээ, би АНУ-ын 17 их сургуульд элсэх өргөдөл буюу “apply” явуулсан. Эдгээрээс ганц MIT-гаас тэнцсэн хариу ирсэн юм. Ер нь миний хамгийн сурахыг хүсэж байсан сургууль нь энэ л дээ.

Нэг сургуульд “apply” илгээхэд голдуу 60-80 орчим ам.долларын зардал гардаг. Хэрэв гэр бүлийн амьжиргаа заагдсан түвшнээс доогуур байвал энэ зардлаас чөлөөлж өгөх нь бий.  

-Гадаадын нэр хүндтэй их сургуулиудад элсэхээр сонирхож эхэлсэн нь хэзээнээс вэ?

-Миний хувьд 9-р ангид байхдаа энэ талаар сонирхож эхлээд, холбогдох шалгалтуудыг нь судлах болсон. Ингээд ахлах ангид оронгуутаа бэлдэж эхэлсэн гэж болно. Ихэнх сургуулиуд элсэх өргөдлийг өвөл хүлээж авдаг. Би MIT руу өнгөрсөн оны өвөл багтааж өргөдлөө илгээсэн. Тэгээд хариу нь энэ оны гуравдугаар сарын 14 буюу пи тооны өдөр ирсэн.

-Тэнцэнэ гэсэн итгэл хэр байсан бэ?

-Ерөнхийдөө тэнцчихэж магадгүй гэсэн бодол байсан. Гэхдээ яг тэнцсэн гэдгээ мэдээд их гайхсан /инээв. Сурв/. Хариу нь Монголын цагаар шөнийн 01.59 цагт ирэхэд компьютерээ асаагаад харсан. Эхний өгүүлбэрийг нь уншингуутаа, “Тэнцчихсэн байна” гэж аав, ээж хоёртоо хэлсэн. Тэд маань баярлаж, бас итгэж өгөхгүй, “Яг үнэн үү, бүтнээр нь анхааралтай унш даа” гэж байсан /инээв. Сурв/. Тэгээд ирсэн захидлыг бүтнээр нь орчуулан уншиж өгч байснаа санаж байна.

-Төлбөрийн асуудал мэдээж сөхөгдөнө. Өөрийн чинь хувьд тэтгэлэг хүртэж чадсан уу?

-MIT нэлээд чинээлэг сургуулиудын нэг. Тийм болохоор оюутны гэр бүлийнх нь байдлаас шалтгаалж төлбөрөөс чөлөөтэй хөнгөлдөг. Нэг жилийн буюу хоёр семестрийн сургалтын төлбөр нь 83,000 орчим ам.доллар юм билээ. Тэгээд би тодорхой хувийн тэтгэлэг хүртэж, 7,000 доллар л төлөх болсон. 5,400-г нь би өөрөө ажил хийж олно, харин 1,600-г нь эцэг, эхээс гаргана гэсэн нөхцөлтэйгөөр тохирсон.

Ер сургуульд нь тэнцсэн сурагчид төлбөрийн асуудалгүй байх ёстой гэсэн зарчим барьдаг тул аль болох тэтгэлэг олгох, хөнгөлөхийг илүүд үздэг юм байна лээ.

-MIT-д ямар мэргэжлээр суралцах вэ?

-Одоохондоо яг аль хөтөлбөрийг нь сонгон суралцахаа шийдээгүй байна. Ер нь физикийг гүнзгийрүүлэн судалж ирсэн тул үүгээр дагнах бодол байна. Мөн огт туршлага байхгүй ч хот төлөвлөлт болон компьютерийн шинжлэх ухааны мэргэжил сонирхол татаж байгаа. Эхний нэг жилд заавал мэргэжлээ сонгох албагүй байдаг.

-ЭСЭЭ ЗААВАЛ ТӨГС БАЙХ АЛБАГҮЙ. ТЭР БҮҮ ХЭЛ АНГЛИ ХЭЛ ЧИНЬ Ч ТИЙМ САЙН БАЙХ ШААРДЛАГАГҮЙ-

-9-р ангиасаа хойш үүнд бэлдэж ирж ээ. Монгол хүүхдүүдэд гадаадын их сургуульд тэнцэх боломж хэр байна гэж харсан бэ?

-Боломж хангалттай бий. Гагцхүү юунаас эхлэх, яаж бэлдэхээ зөв тодорхойлж чадвал хүссэн орныхоо хүссэн сургуульд элсэн суралцах боломж бидэнд байгаа. “Би угаасаа чадахгүй байх” гэж бодох огт хэрэггүй. Яг нарийн авч үзвэл  тийм ч хатуу шаардлага тавьдаг сургуулиуд биш шиг санагдах болно.

Гэхдээ монгол хүүхдүүд их мундаг санагддаг. Өндөр хөгжилтэй орнуудын хүүхдүүдтэй харьцуулахад боломж, бололцоо багатай ч, хүсэл эрмэлзэл ихтэй. Ер нь өөртөө итгэх л хамгийн чухал.

-Оюутныг олон шалгуураар сонгож авдаг нь мэдээж. Өөрийн чинь хувьд чухам аль үзүүлэлт нь тэнцэхэд давуу тал болсон гэж бодож байна?

-Түүнийг нь бидэнд ил хэлдэггүй болохоор төдийлөн хэлж мэдэхгүй байна. Физикээр цөөнгүй жил хичээллэсэн маань намайг дуртай зүйлдээ тууштай ханддаг гэдгийг харуулсан болов уу. Мөн үүний дээр таван жижиг эсээ бичүүлж авсан. Энэ нь тухайн хүүхдийг хувь хүн талаас нь таних зорилготой. Нэг эсээ нь ердөө 180-200 үгтэй. Эхний эсээний асуулт “Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?” байсан.

-Их энгийн сэдэвтэй юм байна шүү дээ?

-Тийм, маш энгийн. Хамгийн сүүлийн эсээний асуулт, “Амьдралд нь тулгарч байсан хамгийн хүнд сорилт юу байсан бэ?” байх жишээтэй.

-Эсээг тактикийн үүднээс бодит биш түүх зохиож бичих тохиолдол цөөнгүй юм билээ. Өөрийн чинь хувьд эсээгээ бичихдээ юуг голчлон анхаарав?

-Эсээ заавал төгс байх албагүй. Тэр бүү хэл англи хэл чинь ч сайн байх төдийлөн шаардлагагүй гэсэн зөвлөмжийг MIT-гаас өгдөг. Тиймд өөрийгөө яг хэн бэ гэдгийг илэрхийлж гаргах нь л чухал юм. Эсээний зарим сэдэв нь намайг өөрийгөө нэлээн таньж мэдэх, сууж бодох хэрэгтэй болгосон.

-Дараачийн чухал сэдэв нь мэдээж шалгалтын оноонууд. Ямар, ямар шалгалт өгсөн талаараа хуваалцвал?

-Англи хэлний мэдлэгээ батлахын тулд TOEFL шалгалт өгсөн. Харин SAT Subject Test-ийг математик болон физик хоёр хичээлээр өгсөн. Дараа жилээс бүр энгийн болох юм билээ. Тодруулбал TOEFL, SAT Subject Test-ийн оноо шаардахгүй, зөвхөн ерөнхий SAT шалгалтын оноо шаарддаг болно гэсэн. Энэ нь математик, англи хэлний хэсгээс бүрдсэн, америк хүүхдүүдийн ЭЕШ гэж болох шалгалт юм.

-Нууц биш бол авсан оноонуудаа танилцуулаач?

-TOEFL дээр 102 /120 онооноос/ оноо авсан. SAT Subject Test дээрээ математик, физик дээрээ хоёуланд нь тус бүр 800 оноо /800 онооноос/ авсан. Гэхдээ шалгалтын оноо бол бүх зүйл биш. Угаас элсэхээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийн шалгалтын оноо жигд сайн байдаг тул оноогоор нь ялгах боломжгүй болчихдог. Иймд эсээгээр нь дамжуулж, хувь хүнийг нь таньж мэдэхэд илүүтэй ач холбогдол өгдөг.

-Ер нь нэртэй их сургуулиад элсэгчийн шалгалтын оноо гэхээс илүү урлаг, спортын авьяас, нийгмийн идэвхийг анхаарч үздэг гэх юм билээ?

-Тэр үнэн байх. MIT-д тэнцсэн хүүхдүүдийн фэйсбүүк груп рүү ороод харахад ихэнх нь дор хаяж нэг спортоор хичээллэдэг, нэг хөгжим ч юм уу тоглож чаддаг нь ажиглагдаж байсан. Манай оронд тэдэн шиг ингэж бүх зүйлээ эн тэнцүү хөгжүүлэх боломж төдийлөн байдаггүй. Миний хувьд сайн биш ч морин хуур жаахан тоглодог. Өөр нэг их спортын, урлагийн чадвар байхгүй.

-СУРАЛЦАЖ ИРЭЭД МОНГОЛ УЛСЫНХАА ХӨГЖИЛД ТОМООХОН ХУВЬ НЭМЭР ОРУУЛМААР БАЙНА-

-Гадаадын их сургуульд суралцах зорилготой хүмүүст нэн тэргүүнд тулгардаг асуудал нь англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх. Өөрийн чинь хувьд англи хэлийг ямар арга барилаар суралцсан бэ?

-Би багадаа гадаадын оронд амьдарч үзээгүй, энд өсөж том болсон хүүхэд. Мөн манай сургууль төрийн өмчит сургууль болохоор англи хэлийг төдийлөн илүү хөтөлбөрөөр үздэггүй. Иймд өөрөө л хичээх шаардлагатай байсан. Миний хувьд “Youtube”-ээс л их бичлэгнүүд үздэг байсан даа. Юу ч ойлгохгүй байсан ч үзээд л суудаг, яваандаа нэг мэдэхэд ойлгож байгаагаа анзаарч эхэлсэн.

Ер нь одоо интернет орчныг ашиглаж залуус англи хэлийг сурч байна. Тэр нь гадаад хэлний орчноор өөрийгөө хүрээлүүлж, хэлд орж байгаа хүүхэд шиг дасаж сурах арга барил шиг санагдсан.

-Хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр хичээж буй хүмүүст шинэ үг цээжлэх нь хамгийн төвөгтэй асуудлуудын нэг. Мэдэхгүй үг гарч ирэх бүрт толь бичиг харах нь шантрах, залхуурахад хүргэдэг. Энэ тухайд?

-Тийм ээ, жишээ нь англи хэл дээр мэдээ, нийтлэл уншихад мэдэхгүй үг байнга тааралддаг. Тухай бүрт нь толь бичиг хараад байвал залхана. Тиймээс зарим үед өгүүлбэрийнх нь утгаар барагцаалж ойлгоод яваад байвал зүгээр. Ер нь заавал нэг бүрчлэн шинэ үг амандаа хэлэн цээжилж, ачаа болгох хэрэггүй санагдсан. Гол нь өдөр тутам, дасал дадал болгох замаар юм уншиж, сонсоод л байхад нэг мэдэхэд үгийн баялаг нэмэгдээд ирдэг. Үзэж байгаа, сонсож байгаа бүх зүйлээ л англи хэл дээр болгох хэрэгтэй. Мөн ном заавал уншаарай гэж хэлмээр байна, энэ хамгийн үр дүнтэй арга гэдгийг би сүүлд л ойлгосон.

-Тууштай суралцахад нь гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн байх. Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Манай аав, ээж хоёр хоёулаа нягтлан бодогч мэргэжилтэй. Намайг багад төрөл бүрийн ном их авч өгдөг, сонирхлыг маань олж нээх гэж олон зүйл рүү чиглүүлдэг байсан. Би өөрөө математикийн олимпиадуудад орох болж, улмаар гүнзгийрүүлсэн сургалттай ангид шилжсэн юм. Үүнээс хойш дандаа л олимпиадад бэлдэх болсон тул чөлөөт цагаараа өөр талын чадвар хөгжүүлэх дугуйланд явах боломж төдийлөн олддоггүй байсан.

-Мэргэжлээ сонгоход нь гэр бүлийн зүгээс юу гэж зөвлөж байна?

-Аав, ээж маань өөрийнхөө дуртай зүйлийг л хий гэсэн байр сууринаас хандаж байгаа. Ямар нэг чиглүүлэг өгөөгүй. Цэвэр надад энэ асуудлыг даатгасан.

-Цалин хөлсийг нь тэргүүнд бодолцож байж мэргэжлээ сонгох хандлага бий. Энэ тал дээр?

-Миний хувьд цалин тийм ч чухал шаардлага биш. Дуртай зүйлээ хийж байгаа үед яадаг ч бай өөрийгөө аваад явчихна гэж боддог.

-Ирээдүйд юу хийж бүтээхийг мөрөөддөг вэ?

-Өөрийнхөө чин мөрөөдлийг одоохондоо тодорхойлоогүй байна. Олон ч зүйлийг туршиж үзэх хэрэгтэй байгаа. Мөрөөдлөө олж мэдсэнийхээ дараа барьж аваад, тууштай хөдөлмөрлөнө өө. Одоогоор суралцаж ирээд Монгол Улсынхаа хөгжилд л томоохон хувь нэмэр оруулахыг хүсэж байна.

-Ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл байна уу?

-Гэр бүл, багш нар, найз нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн энэ хүртэл хөдөлмөрлөхөд урам түлхэц болсон үлгэр дууриал ах эгч нартаа баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-02 20:39

Баяр хүргэе. Мундаг хөдөлмөрлөж байж, тэнцсэн байж таарна. Сурлагын өндөр амжилт хүсье. Монголдоо ихийг хийж бүтээгээрэй. Бас боломж, зав гарв�##� 1-р сургуулийн дүү нартаа зөвлөгөө өгөх ажлыг хийвэл хүүхдүүд илүү хүлээж авах болов уу.

Зочин
Зочин
2020-04-02 21:00

Tsoomoo estoi mundag huuhed, ene ercheeree hicheegeerei????

Gogirl
Gogirl
2020-04-02 21:47

Yamar mundag yum be, Congrats! Go for full bright future! Eh orniihoo hugjild huvi nemer oruulah yumsan gedeg ugiig unshaad setgel hudulluu. Tuun shig Myanga myangan huuhed chin ariun setgeleer zorilgodoo hurehiig yuruuy! Love

Зочин
Зочин
2020-04-02 22:33

Hoorhon bas ih hodolmorch ohin baina. Ochood hicheegeerei. bas het ih ulairval yavaandaa sulardag tal bii shuu. Ambition baih heregtei. Computer science, Medical/Biophysics eer suraltsaasai gej husej baina. Amjilt!!!!

Зочин
Зочин
2020-04-03 09:37

Гайх�##�тай

Зочин
Зочин
2020-04-03 12:51

Mundag ohin shuu, undruus undur amjilt husey

Зочин
Зочин
2020-04-04 02:16

Баяр хүргэе! Аав ээж нь ядаж эхний 2 жилд нь ажил хийлгүүлэхгүй, хичээлд нь зүгшрүүлээрэй гэж хүсье. Маш сайхан ирээдүй энэ хөөрхөн охиныг хүлээж байгаа даа. Амжилт!

Зочин
Зочин
2020-04-21 22:56

minii egch mundg bn tgd tsaashda mash sain suraad olnii hundleliig hurtsen mundag hun bolood mash sain hun bolooroi amjilt

Холбоотой мэдээ

Back to top button