Ярилцлага

БӨМБӨРЧИН N.BEMBEE: Алганыхаа арьсыг хуулартал бэлтгэл хийж үзсэн

Соло бөмбөрийн ковер бичлэг хийж, эх орныхоо далбааг онцолж хамтатган Инстаграм орчинд байршуулж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй түүнийг Н.Эрхэмбилэг буюу BEMBEE гэдэг. Амьд хөгжим сонирхдог залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсонтой холбогдуулан BEMBEE-ийн бэлтгэлийн байранд зочлон, бөмбөр хэмээх хөгжмийн талаар товч хөөрөлдлөө. Мөн түүний аав, Хурд хамтлагийн гитарчин асан Т.Нарсартай хүүгийнх нь талаар товчхон ярилцах боломж тохиосон юм.

-МАНАЙ ГЭР БҮЛ МЕТАЛ ХӨГЖИМ СОНСДОГ-

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Энэ ярилцлагыг уншиж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бэмбээ гэдэг.Drum Stick хамтлагийн бөмбөрчин. Мөн хувиараа ковер бичлэг хийж инстаграм орчинд байршуулдаг.

-Ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би хөгжмийн чиглэлээр сурдаггүй. Англи сургуульд accountant мэргэжлээр суралцаж байгаа.

-Өөрийн тань ковер бичлэгийг инстаграм орчноос үзсэн. Соло уран бүтээлч гэж ойлгож байлаа. Хамтлагийнхаа талаар танилцуулаач?

-Манай хамтлаг хоёр хүний бүрэлдэхүүнтэй. Хоёр хүнтэй рок хамтлаг Монголд болоод дэлхийд бараг байдаггүй. Бидний хамгийн сайн мэдэхээс АНУ-ын 21 Pilots нэртэй хамтлаг бий. Хамтлаг маань хоёр жилийн өмнө байгуулагдсан. Зөвхөн рок урсгалаар уран бүтээл хийхээс гадна дан бөмбөрийн грүп тоглолт хийдэг. “Би мөрөөдөгч” гээд анхны уран бүтээлээ дүрсжүүлж гаргаад удаагүй байна.

-Хамгийн анх хэдэн настайдаа бөмбөр тоглож сурсан бэ? Бөмбөр гэдэг хөгжимд татагдах болсон түүхээсээ хуваалцвал?

-Би урлагийн гэр бүлд төрсөн. Аав маань НАРСАР студийн продьюсер, ээж болон ах нар рок, метал хөгжимд дур сонирхол ихтэй. Ийм хүмүүсийн дунд өсч торнисон болоод ч тэр үү, метал урсгалын хөгжим сонсох маш дуртай. Нэгдүгээр ангид байхдаа л Metallica хамтлагийн дуунуудыг сонсдог байсан. Дөрвөн настайгаасаа бөмбөр гэдэг хөгжимд нэлээн татагдаж эхэлсэн. Тухайн үед ах нарынхаа цуглуулгаас Metallica хамтлагийн 1997 оны Cunning Stuntsгэдэг тоглолтыг олж үзээд бөмбөрчин Ларс Улрикыг мэддэг болж байлаа. Түүний эмоци, тоглолтын ур чадвар, хөгжимдөө уусч байгаа байдал нь намайг татаж, бөмбөр гэдэг хөгжимд дур сонирхолтой болсон.

-БӨМБӨР БОЛ АМЬД ХӨГЖМИЙН ХАМТЛАГИЙН ЦОХИЛОХ ЗҮРХ-

-Бусад амьд хөгжмүүдээс бөмбөр ялгарах ямар онцлогтой вэ? Амьд хөгжмийн хамтлагт яг ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ?

-Бөмбөр амьд хөгжмийн хамтлагт бүх зүйлийн суурь нь болдог. Байшингийн суурь сайн бол дээших давхрууд нь гоё сайхан баригдах үндэс болдогтой адил бөмбөрчин сайн тоглож байж хамтлагийн тоглолтыг авч гарна. Мөн эрдэмтэд сүүлийн үед хүн төрөлхтний хамгийн анх тоглож эхэлсэн хөгжмийн зэмсгийг бөмбөр байж гэж үзээд байгаа.

Амьд хөгжмийн хамтлагийг хүнтэй зүйрлэвэл бөмбөр зүрх нь болж таарна. Зүрх байхгүй бол цус биеэр гүйхгүй шүү дээ. Бөмбөрчдийн дунд, “Сайн бөмбөрчинтэй, тааруухан хөгжимчидтэй хамтлаг сайн л байдаг. Харин сайн хөгжимчидтэй хэр нь тааруу бөмбөрчинтэй хамтлаг муу л байдаг” гэх шог яриа бий.

-Сонирхол татагдаж эхэлснээсээ хойш тасралтгүй бөмбөр тоглож байна уу? Хичээл зүтгэл хэр гаргаж байна, хүндрэл бэрхшээл тохиолддог уу?

-Тасралтгүй. Анх тоглож дадлага хийж байхад гар хөл татах, өөрийгөө цохиж гэмтээх, гарын алга хорсож цэврүүтэх гэх мэт бэрхшээлүүд гарч байсан. Хэдэн жилийн өмнө нэг бичлэгт орж байхад алганы арьс хуулраад унаж байсан ч тохиолдол бий.

-Бөмбөр тоглоход хувь хүнээс ямар зүйлс шаардагддаг вэ? Хөндлөнгөөс ажихад гар, шууны булчин маш их ядардаг мэт санагддаг.

-Нэгдүгээрт хөгжмийн маш нарийн мэдрэмж шаардагддаг. Хөгжмийн нарийн хэмнэл, хэмжээсүүдийг мэдэрдэг байх хэрэгтэй. Дээрээс нь хөдөлмөр маш чухал. Бөмбөрчид тамирчдын нэг адил формоо алдчихвал тоглож чадахаа больдог. Өдөр алгасахгүй маш нарийн цагийн хуваарьтайгаар бэлтгэлүүдийг хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.

Mental Health буюу оюун санаагаа маш сайн бэлтгэх хэрэгтэй. Зүгээр  нэг ядарснаасаа болоод шантарч болохгүй шүү дээ. Мөн би багадаа Ларс Улрик шиг гайхалтай бөмбөрчин болно гэж урам авч байсан шиг, сэдэл авах үлгэр дууриал хүнтэй болвол зүгээр.

Т.НАРСАР: УРЛАГ ГЭДЭГ БОЛ МЭРГЭЖИЛ

Түүний аав Хурд хамтлагийн гитарчин асан Т.Нарсар. Өөрийн нэрээр студи нээж, урлагийн салбарт шинэлэг “үзэгдэл” бий болгохоор хөдөлмөрлөж буй тэрбээр хүүгийнхээ бөмбөр тоглодогт “дуртай” гэлээ.

“Дээхин үед хүүхдүүд аав ээжийнхээ мэргэжлээс өөр салбарт ордог хандлага түгээмэл байсан. Одоо зах зээлийн үе ирээд залуус эцэг эхийнхээ замналаар замнадаг болчихож. Би өөрөө багаасаа гитар гэдэг хөгжимд дурлаж, Монголын рок поп урлагт тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулаад явж байна. Хүү ч бас хөгжмийн хажууд өслөө, савх бариад л байдаг юм нүдээд явдаг байв. Бөмбөр талдаа илүү хоббитой.

Урлаг гэдэг чинь мэргэжил шүү дээ. Тэмцээнд орох юм уу, телевизээр гарахын төлөө байдаг юм ерөөсөө биш. Өөрийнхөө хүслээр урлагийн хүн болох гээд явж байх шиг байна. Ялангуяа бөмбөр тоглоно гэдэг амар биш. Дөрвөн мөчний үйл ажиллагаа явагддаг.

Надад бол гоё л байдаг. Хүмүүс аав ээж чинь урлагийн хүн, чи өөр юмаар яв гэдэг, үгүй ш дээ. Эцсийн бүлэгт хүн юу хийж чадаж байна, юунд дур сонирхолтой байна, юунд зүрх сэтгэлээ өгч байна түүгээрээ л явах хэрэгтэй ” хэмээн ярьж байв.

-КОВЕР ХИЙНЭ ГЭДЭГ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ-

-Зарим хүмүүс бөмбөр тоглоход харьцангуй амархан гэж хардаг байх, зүгээр л цохиод савчаад байхад болох юм шиг ойлгоддог тал бий?

-Ямар ч хөгжмийг амар түвшинд тоглож болно. Харин гитар, басс гитар, бөмбөр гээд ямар ч хөгжим бай мастер болно гэдэг маш их хүч хөдөлмөр, хөлс цус шаарддаг зүйл.

-Бөмбөр овор хэмжээ том, дуу чимээ ихтэй. Бэлтгэл сургуулилт хийхэд ямар хүндрэлтэй талууд байдаг вэ?

-Бөмбөр бол цан, ковбэл гэх мэт олон хөгжмүүдийн бүрдэл. Цан, хальс зэрэг нь хэдэн зуун доллараар үнэлэгддэг. Нийтэд нь зөөж авч явахаас эхлээд хүндрэлтэй зүйл бий. Гитар дээр нэгдүгээр утас ми нот гэдэг шиг, бөмбөр ч мөн нотны хөгөөр дуугардаг.

Мөн урсгал чиглэлээсээ хамаараад дуугаралтууд нь өөр байдаг. Битлз хамтлагийн бөмбөрчин Ринго Старынх гэхэд илүү жазз талдаа, зөөлөн дуугардаг бол Тамагийн бөмбөрүүд метал, панк хөгжим тоглоход зориулагдсан байдаг.

-Бөмбөр тоглон ковер хийж цахим орчинд байршуулах болсон шалтгаанаас яриагаа үргэлжлүүлье.

-Бөмбөрчин хүн хамтлаггүйгээр соло тоглолт хийхээр хүмүүс ойлгохгүй тал байдаг л даа. Тэр хандалгыг эвдэх, мөн өөрт дуртай дуунууд дээрээ ковер хийх нь таалагдаж байсан учраас тэр маань гол шалтгаан болж өгсөн. Манай найзууд болон гэр бүл ч бас үүнийг хийхэд дэмжиж, урамшуулж байсан. Инстаграмд бичлэг байршуулахад нэг минутын хязгаартай, тиймээс нэг минутын гоё ковер гаргаад байя гэж тэр үеэс бодож эхэлсэн. Өөрийгөө сориод ийм зүйл хийж байгаадаа их сэтгэл өег байдаг.

Ковер хийнэ гэдэг их хариуцлагатай ажил л даа. Юүтүб, Инстаграм дахь бичлэгийг дэлхийн бүх өнцөг булан бүрээс үзэж байгаа. Тиймээс гадны орны ихэнхи бөмбөрчдөөс давж тоглохгүй л бол өөрийн болон эх орныхоо нэр хүндэд халтай зүйл хийж байна гэсэн үг.

-Гадны орнуудад бөмбөр тоглон ковер хийх үзэгдэл элбэг, Монголд ганц өөрийг чинь олж харж байна?

-Би ч бас ковер хийдэг монгол бөмбөрчин сайн мэдэхгүй юм байна. Өөрийгөө бараг анхдагч гэж хэлж болох байх. Тэр ч утгаараа нэлээдгүй хариуцлагыг мэдэрдэг.

-БӨМБӨР МИНИЙ БАГА НАСНЫ ДУРСАМЖ, ҮНЭТ ЗҮЙЛ-

-Бөмбөр тоглоход мэдэрдэг мэдрэмжээсээ хуваалцаач?

-Би өөрөө хөгжмийн нэг хэсэг болж байгаа мэт санагддаг. Тайзандээр гарах юм уу, бичлэгт орох болоход би өөрийгөө удирдаж чаддаггүй гэж хэлж болно. Хөгжим намайг удирдаж, яаж хөдлөх, ямар нүүрний хувирал үзүүлэхийг миний өмнөөс шийдэж байгаа юм шиг. Маш их эрч хүч мэдэрдэг.

-Бөмбөр өөрийн чинь хувьд ямар үнэ цэнтэй зүйл вэ?

-Бөмбөр бол бага насны минь нандин дурсамж, үнэт зүйл.

-Цаашид ямар зорилго, хүсэл мөрөөдөл тээж явна вэ?

-Хамтлагийн хувьд  нэлээд олон уран бүтээл бичигдчихсэн, бичлэгтээ орох гээд хүлээж байна. Ирээдүйд залуу уран бүтээлчийн хувьд өөрийнхөө шүтдэг алдартай хүмүүс шиг болохыг хүсч мөрөөддөг. Хамтлаг, студитэйгээ хамтраад хэд хэдэн том ажил эхлүүлэх бодолтой байна. Поп дууг рок найруулгаар тавихад илүү гоё сонсогдох тохиолдол ч байдаг, иймэрхүү зүйлс турших гэх мэт олон хийх ажил байгаа.

-Монголын өсвөр үе залуус амьд хөгжимд дурлах нь эрс нэмэгдлээ. Бөмбөр тоглож сурахыг хүсч буй залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Бөмбөр маш олон жилийн хичээл зүтгэл шаардаж байж гарт ордог хөгжим учир эрт битгий шантраарай. Ямар нэгэн товчлох, хурдан сурах арга гэж дэлхий дээр байхгүй. Бэлтгэлээ битгий таслаарай. Old Fashioned сонсогдож байж магадгүй, гэхдээ нэгдүгээр бэлтгэл, хоёрдугаарт бэлтгэл, гуравдугаарт ч бас бэлтгэл.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button