НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Энхсаран” сувиллын удирдлагыг 1-5 жил яллахаар зүйлчилжээ

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан гадаадаас ирсэн иргэд, том тэрэгний жолооч нараас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус сувиллын үйл ажиллагааг зогсоосон. Улмаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэвлэлийн хурлын үеэр:

Энхсаран сувиллын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 10-нд үйл ажиллагаатай нь танилцах үеэр, цаашид ашиглах боломжгүй гэдгийг мэдэгдэж байсан. Тус сувилалд байсан 81 иргэнийг үйлчилгээний 17 ажилтны хамт тусгаарлах байрууд руу нүүлгэн шилжүүлсэн.

Иргэдийг “Dream” зочид буудал руу, харин үйлчилгээ эрхэлж байсан ажилчдыг “Сүнжин Гранд” зочид буудалд тусгаарласан. Энхсаран сувиллыг бүрэн ариутгасны дараа үйл ажиллагааг нь зогсооно” гэж байсан.

- “ЭНХСАРАН” СУВИЛЛЫН ДАРГА, УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ХЭРЭГ НЭЭЖ, НПГ-ААС ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА-

Түүнчлэн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, тус сувиллын удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа тухай хурлынхаа үеэр сэтгүүлчийн асуултад хариулт өгч байв.

“Энхсаран” сувиллын дарга удирдлагыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй эсэх, мөн хуулийн ямар зүйл заалтаар шалгагдаж буй тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс асуухад:

"Сувиллын дарга, удирдлагуудтай холбоотой хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа эхэлсэн. Ямар зүйл ангиар шалгалдаж буй тухай хэлэх боломжгүй” гэв.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар сувиллын дарга, удирлагатай холбоотой хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй гэх бөгөөд давхар НПГ-аас хяналт тавьж буй аж.

Хэрэв тус сувиллын дарга, удирдлагууд коронавируст цар тахлын үеийн хатуу хорио цээрийн дэглэмд, сувиллын байранд халдварт өвчин тараах нөхцлийг бүрдүүлж, хязгаарлалтын үеийн дүрэм, шаардлагыг биелүүлээгүй болох нь нотлогдвол, хуулийн дараах зүйл заалтаар яллагдах аж.

-ХАЛДВАРТ ӨВЧИН, ДАРХЛАЛ ХОМСДЛЫН ВИРУС ХАЛДААСАН БОЛ НЭГЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛХ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 15.6 ДУГААР ЗҮЙЛ:

Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах /Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

  1. Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
  2. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3. ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ:

  • 3.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг; /Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
  • 3.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтын дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

-О.ТҮМЭНБАЯР: СУВИЛЛЫН ЗӨВ, БУРУУГИЙН АСУУДЛЫГ ЯРИХ ЭРТ БАЙНА-

“Энхсаран” сувиллын захирал О. Түмэнбаяр хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Цагдаагийн байгууллагаас сувиллын үйл ажиллагаатай холбоотой асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна. Гэвч одоогоор сувиллын зөв, буруугийн асуудлыг ярих эрт байна. Мэдээж хэрэг үндэслэл байгаа учраас шалгаж байгаа болов уу” гэжээ.

Тус сувилал нь 2007 оны тавдугаар сарын 21-нд Шүдний холимог үзлэг, оношлогоо, НАСЗ, Эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр зөвшөөрөл авч, анх нээгдэж байжээ. Улмаар 2018 онд Ахмад настны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах 800 сая төгрөгийн төсөв бүхий тендерт шалгарч байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button