
Монголын жүдочид өнгөрсөн жилийн ДАШТ-ээс нэг хүрэл медаль (М.Уранцэцэг) хүртсэн билээ. Эл медалийн тоо нэгээр нэмэгдэж магадгүй нь. Учир нь “Токио-2019” ДАШТ-ий 66 кг-д зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Монголын жүдоч Ё.Басхүүг ялсан Молдавын бөх Денис Виеру допингийн асуудалд холбогджээ.
24 настай тэрбээр допинг хэрэглэсэн байх өндөр магадлалтай талаар Францын “Lesprit du judo” сайтад бичжээ.
Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд Европын аваргаас хүрэл медаль хүртсэн, сүүлийн жилүүдэд онцгой байгаа тэрбээр 2019, 2020 онд часхийсэн амжилт гаргасаар буй. Парис, Бакугийн “Их дуулга”, Анталиягийн гран прид түрүүлсэн. Мөн ДАШТ-ээс анхны медалиа хүртэхийн сацуу 2019 онд 45 барилдаан хийснийхээ 37-д нь ялжээ.

Одоогоор энэ асуудлыг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) шалгаж байгаа гэнэ. Хэрвээ Денис Виеру допинг хэрэглэсэн нь тогтоогдвол өнгөрсөн онд гаргасан амжилтыг нь хүчингүйд тооцон, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах магадлалтай. Хэрвээ тэгвэл ДАШТ-ий хүрэл медаль Ё.Басхүүд шилжих магадлал тун өндөр.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.