НИЙГЭМЯрилцлага

Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан: Урьдын гашуун алдаагаа давтахгүйг хичээж байна

Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалантай коронавирусийн үеийн хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажлын явц, хэрэгжилтийн тухайн утсаар холбогдож ярилцлаа.

-ӨМНӨХ АЛДААГАА ДАХИН ДАВТАХГҮЙ, ГАРГАХГҮЙ ЮМСАН ГЭСЭНДЭЭ ХИЧЭЭЖ БАЙНА-

-Коронавирусээс улбаатай хөл хорио болон сурагчдын хичээлийн ээлжийн амралттай холбоотойгоор хүүхэд гэртээ ганцаар үлдсэнээс хараа хяналтгүй болох, ахуйн осолд өртөх, цаашлаад хүчирхийлэлд өртөх магадлал ихэсдэг гэдэг. Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-ын зүгээс хүүхдэд чиглэсэн ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Бид анги удирдсан багш нартай хамтран ажиллах гэрээ байгуулан, холбоотой ажиллаж байгаа. Энэ хугацаанд хүүхдүүд хичээллэж байх явцад анги удирдсан багш нар Боловсролын яам, Боловсрол Соёл урлагийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд сурагчдын халууныг өдөр бүр хэмжих, биеийн байдлыг хянах /хэрэв хүүхдийн бие сайнгүй бол гэрт нь буцаах, эмнэлгийн тусламж үзүүлэх гэх мэт/ хичээллэх явцад гарч буй бэрхшээл, хичээлд оролцох идэвх, гэрийн даалгаврын биелэлт болон хүүхэд гэртээ хариад хараа хяналттай байгаа эсэхийг тогтмол хянаж байгаа.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр сайн ажиллаж буй жишиг аймгуудын нэгт Дархан-Уул аймаг орж байсан л даа.

-Бид хийх ёстой ажлаа л хийж байгаа учир, магтаад байх зүйл биш юм. Өмнөх алдаагаа дахин давтахгүй, гаргахгүй юмсан гэсэндээ хичээж байна. Өнгөрөгч хоёрдугаар сард манай аймагт гэртээ хараа хяналтгүй байсан гурван хүүхдэд харамсалтай явдал тохиолдсон. Урьдын гашуун алдаагаа давтахгүй тулд хичээн ажиллаж байна. Бидэнд туршлага байгаа учир дахин ийм харамсалтай явдал гаргуулахгүй. Тиймээс ч хүүхдийн хараа хяналт тал дээр илүү анхаарч байгаа.

-ОДООГООР ХҮҮХЭД ОСОЛД ӨРТСӨН, ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙГАА ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ БАЙНА-

-Сургуулийн амралт эхэлсэн энэ үед гэртээ байгаа хүүхдүүдэд хэрхэн анхаарч байна вэ, эцэг эхчүүдтэй уялдаатай ажиллаж байгаа юу?

-Түрүүн хэлсэнчлэн, гэрээний дагуу анги хариуцсан багш нараар дамжуулан хүүхэд бүрийн ар гэр, эцэг эхтэй холбоотой ажиллаж байгаа. Жишээлбэл манай алба хаагчид аймгийн дөрвөн сум, 26 багийн иргэн тус бүрд хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс ч өнгөрөгч есдүгээр сард байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд багш нараар дамжуулан хүүхдүүдийн тухай мэдээллийг авч байна. Хэрэв сэжигтэй, хүүхдэд эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдвол 108 дугаарт мэдээлэл өгөх, яаралтай арга хэмжээ авах чиглэлтэй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд туслах, хариу арга хэмжээ авах “Үжин” төвийн захирал Д.Ундраа манай аймагт хүүхэд хамгааллын тухай сургалтыг явуулж, сургалт, мэдээллээр сайн хангаж өгсөн. Уг сургалтын ач холбогдол ч мөн эхнээсээ гараад эхэлсэн.

-Түрүүн хэлсэнчлэн ангийн багш нартай гэрээ байгуулан ажиллах хугацаанд хүүхэд эрсдэлд нөхцөлд амьдарч байгаа, хоол тэжээлийн хомстолд орсон зэрэг тохиолдлууд гарав уу?

-Одоогоор хүүхэд осолд өртсөн, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа тохиолдол гараагүй байна. Хэрвээ бүртгэгдсэн бол телевизийнхэн шуураад л мэдээлэх байх. Хөл хорионы хугацаанд 126 дуудлага ирсэн. Түүний 100 орчим нь хүнс, хоол тэжээлтэй холбоотой дуудлага байсан. Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги гэж бий. Аймгийн Засаг Дарга маань Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга. Тиймээс ч ковид-19 цар тахлын үеийн хүүхэд хамгааллын чиглэлээр албан даалгавар, төлөвлөгөө гаргасан. Уг төлөвлөгөөний дагуу эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийг ангийн багш нараар дамжуулан мэдэх, цаашлаад эцэг эхтэй нь холбогдох зэргээр хамтарч ажилладаг. Тухайн хоол тэжээлтэй холбоотой 100 дуудлагад ч мөн хариу арга хэмжээг авсан.

-Аймгийнхаа Засаг Даргатай хэр уялдаатай ажилладаг вэ?

-Аймгийн Засаг Дарга маань Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга байсан учир баталсан төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байгаа. Тиймээс ч уялдаа сайтай ажилладаг.

-ХАМГААЛАХ БАЙР 24 ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Эрсдэлд өртөх магадлал өндөр эсвэл өртсөн хүүхдийг хамгаалах түр хамгаалах байр бий юу?

-Манай түр хамгаалах байранд нэг насанд хүрэгч, гурван хүүхэд байрлаж байгаа. Сургуулийн захирал нь хүртэл эрсдэлд өртөх магадлалтай хүүхдийн тухай дуудлагыг өгч байна. Хамгаалах байранд авахын өмнө юун түрүүнд тухайн хүүхдээс түргэвчилсэн оношлуулаар шинжилгээг авч, тусгай байранд шинж тэмдгийг ажиглаж, түүнээс цааш энгийн байранд шилжүүлдэг. Хамгаалах байр 24 цагаар ажиллаж байна. 11 хүний бүрэлдэхүүнтэй, ээлжилж ажиллаж байгаа. Мөн 108 явуулын үйлчилгээнүүд ч мөн давхар ажиллаж байна. Явуулын үйлчилгээг шуурхай штабын буюу Хүүхэд хамгааллын бүлэг энэ ажлыг зохион байгуулж байгаа.

-Нууц биш бол тэдгээр хүүхдүүд ямар шалтгаанаар, хэр удаан байрлаж байна вэ?

-Хоёр хүүхэд, нэг том хүний хувьд өөр аймаг, сумын харьяатай ковид-19-ын үед аймагтай буцаж чадахгүй, түр гацсан байгаа. Манайхаас Онцгой комисс руу албан бичиг хүргүүлээд, хандаж байгаа. Бидний хувьд байрлаж буй хүнээ тэдээс тэдэн хоног хэмээн хугацаа заахгүй байна. Хэзээ аюулгүй болно тухайн үед л буцаана.

-Зөвхөн ангийн багш, захирал гэлтгүй тухайн хүүхдийн хөрш айл, эргэн тойрны хүмүүсээс мэдээлэл, дуудлага ирдэг үү?

Ковид-19-ын хөл хорионоос хойш биш 124 дуудлагатай явж байгааг түрүүн хэлсэн.

-ЗӨВХӨН ХҮНС, ХООЛ ТЭЖЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 100, ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ 12 ДУУДЛАГА БАЙСАН-

-Энэ нь их үү, бага уу?

-Дуудлага ихэссэн гэсэн үг. 2020 онд 300 дуудлагатай байсан. Ковид-19-ын үед 180 гаруй дуудлагатай байсан. Өмнөх үзүүлэлттэй харьцуулбал өссөн. Зөвхөн хүнс, хоол тэжээлтэй холбоотой 100, 12 нь хүүхдийг үл хайхрах дуудлага байсан. Дуудлагатай холбоотой шалгалтаар 42 хараа хяналтгүй хүүхэд гарч ирсэн. Тухай бүрд ангийн багш, хамтарсан багт мэдээлж, байнгын эргэлт холбоотой байж, зарим хүүхдийн хамгаалах байр, ах дүү төрөл садангийнд өгөх зэрэг зохицуулалт хийсэн.

-Ангийн багш эцэг эхчүүдтэй гэрээ хийж байгаа нь шинэ зүйл үү, эсвэл урьд нь байсан уу?

-Шинэ зүйл. Урьд нь бид ангийн багш нартай ингэж нэг бүрчлэн гэрээ байгуулж байгаагүй. Энэ жилийн хувьд л гэхэд бид 700 гаруй багштай гэрээ байгуулсан. Хүүхэд хамгааллын 108 дугаарт дуудлага хүмүүсийн ихэнх нь анги удирдсан багш нар байдаг. Манай ангийн тэр гэдэг хүүхэд хоол хүнсгүй байна, түүнд анхаарал хандуулмаар байна гэх мэт дуудлагыг өгч байна. Ангийн багш нар маш сайн ажиллаж байгаа.

-Бусад аймгуудад хэрэгжиж эхэлсэн үү?

-Бусад аймгийг сайн хэлж мэдэхгүй юм.

-Энэ нь нөгөөтэйгүүр ангийн багш нар хүүхдийн ар гэр, эцэг эхтэй нь уялдаатай ажиллаж буйн илрэл байх?

-Тийм. Аймгаараа л холбоотой ажиллаж буйн илрэл юм. Мөн эцэг эхийн зөвлөлүүд 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг зайнаас ажиллуулах гэх мэт зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа.

-СҮҮЛД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 7000 ӨРХӨД ХҮНСНИЙ ТУСЛАМЖИЙН БАГЦ ИЛГЭЭСЭН-

-Дуудлагыг хэр түргэн, шуурхай шийдвэрлэдэг вэ?

-Ирсэн дуудлага бүрд зохих арга хэмжээ, зохицуулалтыг авсан. 24 цагаар ажилладаг учир аль болох л цаг алдахгүйгээр, түргэн шуурхай шийдвэрлэхийг хичээж байна. Дархан сумын Онцгой комиссоос хүнсний тусламжийг тасралтгүй явуулж байгаа. Сүүлд аймгийн хэмжээнд 7000 өрхөд хүнсний тусламжийн багц илгээсэн. Дээр нь УИХ-ын гишүүдийн багцууд, иргэдийн хандив, ААН-үүдийн хандивыг шат дараатайгаар зорилтот иргэдэд илгээж байна. Дуудлага ирэхэд хүнсний тусламжийн нөөцгүй гэх зүйлгүй, хангамжтай байгаа.

-Олон аймгуудад, нийслэлд гацсан Дархан-Уул аймгийн оюутан, сурагчид, иргэдэд хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Уралдаан тэмцээн, дугуйлан секц, бусад шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан хүүхдүүдийн судалгааг холбогдох албаны хүмүүст танилцуулсан. Үүний хүрээнд хамгийн бага настай хүүхдүүдээ түрүүлээд татаад авчихсан юм. Оюутнуудаа бол татаад эхэлсэн. Манай ажлын хэсэг тосохоор шөнөжин ажилласан.

-Цаашид авч хэрэгжүүлэх ажил, зорилго зорилтоосоо хуваалцаач?

-Ирэх оны төлөвлөлт рүүгээ орно. Цаашид ковид-19 нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм хэрхэн үргэлжлэхээс шалтгаалаад дараа дараагийн ажлуудаа төлөвлөнө. Мөн Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүст мэргэжлийн сэтгэл зүйчдийн баг бүрдүүлээд тухайн хүмүүст утсаар зөвлөгөө өгч байгаа.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өөрсдийнхөө ажлыг
Өөрсдийнхөө ажлыг
12 сар 14, 2020 23:35

Өөрсдийнхөө ажлыг өөрсдөө хийгээч ! Багш нар ача�##��##� ихтэй. Дээрээс нь нэмж та нарын ажлыг хийх ихдэнэ ! Ц�##�ин авдгаараа өөрсдөө ажлаа хий !

Холбоотой мэдээ

Back to top button