НИЙГЭМ

Б.Отгонбаяр: Гарынхаа алга болон ар дээр солбиж сунайгаад Гиннесийн дээд амжилт тогтооно

Олон улсын таеквондогийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аварга, ОУХМ Б.Отгонбаяр гарынхаа алга болон ар дээр солбиж сунайгаад Гиннесийн дээд амжилт тогтоохоор зорьж явна. Зорилгодоо хүрэхийн тулд зургаан сарын турш бэлтгэл хийсэн тэрбээр Гиннесийн хороонд илгээх албан ёсны бичлэгээ өнөөдөр хийнэ. Түүнтэй ярилцлаа.

No description available.

-Гарынхаа алга болон ар дээр суниагаад “Гиннесийн ном”-д бүртгүүлэх санаа танд анх хэзээ төрөв?

-Цар тахлын улмаас тамирчид бид энэ онд тэмцээнд оролцох боломжгүй байгаа. Тиймээс бэлтгэлээ гэртээ ч цалгардуулахгүй байх, цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэж бодов. Тэгээд дөрөвдүгээр сараас гар дээрээ сунайж эхэлсэн. Зүгээр нэг энгийн хийхээс арай өөрийг үзмээр санагдав. Улмаар анхандаа 30 секундийн хугацаанд гарынхаа алга, ар дээр солбиж сунайдаг боллоо. Тухайн хугацаанд 58 удаа сунайсан бичлэгээ Гиннесийн хороонд илгээсэн. Тэгэхэд “Боломжгүй” гэсэн хариу ирсэн.

-Тийм хариу ирсэн гол шалтгаан нь юу вэ. Суниасан тоо, бичлэгийн чанартаа байв уу?

-Энэ төрөлд 30 секундийн хугацаатай Гиннесийн дээд амжилт огт байдаггүй юм байна. Тэд “Нэг минутаас дээш хугацаанд солбиж сунайгаад тогтоох боломжтой” гэсэн. Тэгэхээр нь нэг минутын хугацаанд гарынхаа алга, ар дээр солбиж сунайгаад Гиннесийн дээд амжилт тогтоохоор шийдлээ. Бэлтгэлээ сүүлийн зургаан сарын хугацаанд уйгагүй хийсэн. Гиннесийн хороонд илгээх албан ёсны бичлэгээ маргааш (өнөөдөр) хийгээд, илгээнэ.

-Илгээх бичлэгт нь ямар, ямар шаардлага тавигдах вэ?

-Хамгийн гол нь ямар ч эвлүүлэггүй, нягтаршил сайтай байх ёстой. Монголын уламжлалт карате-Догийн холбоо бичлэгийг маань хийж өгөхөөр болсон.

 -Бүртгэлийнх нь хураамжийг төлсөн үү?

-Төлсөн, Гиннесийн хороотой гэрээ хийсэн. Анх удаа бүртгүүлэхэд 1000 ам.доллар төлдөг юм байна. МҮИС-ийн удирдлага, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Харч-Өөл” компани надад туслаж, дэмжлээ. Мэдээж миний илгээсэн бичлэгийг Гиннесийн хороо хянана. Болж өгвөл шаардлага, стандартыг нь хангасан бичлэг хийгээд, үүгээрээ шууд дээд амжилт тогтоох бодолтой сууна. Хэрвээ Гиннесийн хороо албан ёсоор бүртгэсэн тохиолдолд сертификатыг нь онлайнаар авах боломж байгаа юм билээ. Тэгэхээр Гиннесийн хорооны гишүүн Монголд ирж заавал өөрийн биеэр шалгах шаардлагагүй гэсэн үг. Бүх зүйл бичлэг, солбиж сунайх гүйцэтгэлээс шалтгаална.

-Албаны ёсны бичлэгээ хийхэд нь Гиннесийн хорооноос хүн байх уу?

No description available.

-Байхгүй. Би бичлэгээ хийгээд, цахим хаяг руу нь илгээнэ. Гиннесийн хороо хянаад, бодитоор нь харах шаардлагатай эсэхээ хэлэлцдэг юм билээ. Тэгвэл онлайнаар шууд дамжуулангаа сунайж үзүүлэх боломжтой. Бүр шаардлагатай гэж үзвэл Гиннесийн хорооны гишүүн Монголд ирээд шалгах юм билээ.

-Одоогоор энэ төрлийн дээд амжилтыг хэн гэдэг хүн, хэдэн удаа сунайснаар эзэмшиж байгаа вэ?

 -Энэ талаар нэлээд судаллаа. Ерөөсөө хэн нэгэн энэ төрөлд Гиннесийн дээд амжилт тогтоож, бүртгүүлж байгаагүй юм байна. Гарынхаа алган дээр, эсвэл зөвхөн гарынхаа ар дээр суниагаад дээд амжилт тогтоосон хүн бий. Гэхдээ хоёуланг нь солбиж сунайгаад тогтоосон хүн байхгүй. Би анхных нь. Тэгэхээр би үүнийг шинэ төрөл гэж ойлгоод байгаа юм.

-Танаас өмнө хэр олон хүн оролдлого хийж байсан бол?

-Ер нь нэг минутын хугацаанд солбиж сунайх хэцүү. Бугуй мултрах, бэртэх эрсдэл ихтэй. Надаас өмнө өөр хүн өнөөг хүртэл яагаад энэ төрөлд “Гиннесийн ном”-д бүртгүүлээгүйг нь гайхаж байна.

-Одоогоор та нэг минутад хэдэн удаа солбин сунайж байна вэ?

-Би минутанд 70 удаа солбин сунайхыг зорьж байгаа. Одоогоор минутад дунджаар 55-60 хавьцаа сунайж байна.

-Бэлтгэл хийх явцад ямар нэгэн бэртэл авсан уу?

-Харьцангуй гайгүй. Есдүгээр сард барилдаж байгаад мөрөө бэртээсэн. Нэг хэсэг бэлтгэл хийж чадаагүй. Одоо ч хөндүүртэй. Гиннесийн дээд амжилт тогтоох оролдлого хийснийхээ дараа эмчлүүлнэ.

-Та минутад 70 удаа солбиж сунайхаар зорьж яваа гэлээ. Мөрнийх нь бэртэл үүнд хэр их нөлөөлөх бол?

-Тодорхой хэмжээнд нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ өөртөө огт эргэлзэхгүй байна. Сунайхад их чухал эрхтэнүүдийн нэг нь мөр. Сүүлийн 10-20 секундэд мөрөндөө эмзэглээд байгаа. Бэлтгэлээ өндөр түвшинд хийсэн тул гайгүй байх. Нөгөө талаар солбиж сунайсан бичлэгээ энэ сарын 24-нд хийгээд илгээнэ гэж Гиннесийн хороотой гэрээ байгуулсан. Нэгэнт зорьсон болохоор ухрах зам надад байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ханз
Ханз
12 сар 25, 2020 02:40

Тэр цээжин дээрх ханз биёмг юу гэсэн утгатай вэ?

Холбоотой мэдээ

Back to top button