
“Амьтад, байгаль дэлхийдээ сэтгэлээ өгч ажиллавал байгаль дэлхий бидэнд дандаа л өгөөжөө өгнө. Адаглаад амьдралын зам мөр тэгш, үр хүүхэд нь сайн, сайхан явдаг юм” хэмээн ярьж буй энэ эрхмийг С.Батбаатар гэдэг. Өдгөө 57 настай тэрбээр 20 жил гал түймэр, үер усны гамшиг, хууль зөрчсөн гэмт этгээдтэй нүүр тулж буй бөгөөд 17 жил нь дархан цаазат Богд хан уулын байгаль хамгаалагчаар ажиллажээ.
Тэрбээр Цагаан сараар ажилдаа морь унаж очсон бөгөөд морь унаж яваа зураг нь цахим сүлжээнд түгж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээгээд буй юм. Хөл хорио тогтоож, иргэн бүр гэр, гэртээ шинэлж буй тул бид түүнтэй онлайн холбогдож ярилцлаа.
ШИНИЙН НЭГЭНД МОРИНД ДЭЭРЭЭ ДАВХИЖ ЯВАХДАА ОГШСОН
-Сайхан шинэлж байна уу та. Хотын төвөөр морьтой давхиж буй зураг тань шинийн 1-нд цахим сүлжээнд түгж, хүмүүс олон янзаар л хэлэлцэж байгаа харагдлаа. Та өөрийнхөө зургийг олж харав уу?
-Баярлалаа. Юуны өмнө Байгаль орчны салбарт ажиллаж байгаа хүмүүс болон монголчууддаа, мөн танай сайтын хамт олонд сар шинийн мэнд дэвшүүлье. Цахим сүлжээнд тавигдсан зургийг ах нь харсан, харсан. Хүүхдүүд маань таны морьтой зургийг харлаа гээд ярьж байсан. Цагаан сар баяр дөхөж байсан тул бэлэгшээгээд морио барьчихсан байсан юм. Тиймдээ ч морьтойгоо ажилдаа очсон.
Миний хувьд битүүний өдрөөс хойш хамгаалалтад зогсож байна. Цахим сүлжээнд тавигдсан зураг шинийн 1-нд хамгаалалтаас буугаад харьж байх үеийн зураг байна лээ. Тухайн өдөр би 08:00 цагаас 14:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн нэгэн байрны гадаа хамгаалалтад зогссон. Өглөө мөрөө гаргаж, цай сүүнийхээ дээжийг өргөж яваа хүмүүс “манай аав адуучин, малчин байсан морийг тань унаад ганц зураг даруулчихъя” гэж байсан. Тэгж гуйж байхад яаж үгүй гэхэв дээ. Зарим нь хөлсөнд хүрч ч байсан. Би ч одоо болно оо, баяртай гэж хэлээд мориндоо мордоод давхисан. Тэр зургийг маань хүмүүс тавьсан байна лээ. Бас замын хажуу талаар зураг авч байгаа хүмүүс зөндөө байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байсан ганц нэг, машинтай хүмүүс зогсоод зураг авч байгаа харагдсан. Гэхдээ ер нь бол хүмүүсийн ухамсар сайжирсан байна лээ. Гадаа гарч цайныхаа дээжийг өргөчхөөд л ихэнх нь буцаад орж байсан.
-Хүмүүс тал талаас зургийг тань дарж байх үед тайзан дээр гарчихсан байгаа юм шиг санагдав уу. Тухайн үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Шинийн нэгэнд моринд дээрээ давхиж явахдаа огшсон. Цахим сүлжээнд тавигдсан зургуудыг хараад маш их баярласан. Түүнээс бол хүмүүсийг зураг дарж байх үед юу ч бодогдоогүй.
ГАНЦ НЭГ ЦАГДАА Л ЗОГСООСОН

-Коронавирусийн халдвар өдөр, өдрөөр нэмэгдэж буй. Хүмүүс морийг тань унаж байгаад зураг даруулчихъя гэж гуйсан, зарим нь бүр хөлсөнд нь хүрч үзсэн гэлээ.Тухайн үед танд болгоомжлол, сэрэмж төрсөн үү?
-Төрөлгүй яахав ээ. Та нар бөөнөөрөө явж болохгүй шүү, гэр орондоо ороорой гэж иргэдэд хэлсэн. Хүмүүстэй дандаа л алсын зайнаас харьцсан. Хөвсгөлийн нэг бүсгүй “манай аав адуучин байсан. Ах санаа зоволтгүй” гэж хэлээд мордож зургаа даруулж байсан.
-Баярын өдрүүдэд зөвшөөрөгдсөн салбарын ажилчид ажилдаа хувийн унаагаар явж болох эсэх тодорхойгүй байсан. Таныг замд тань цагдаа нар зогсоосон уу?
-Хамгаалалтад зогсох ажилчид тусгай таних тэмдэгтэй явж байсан болохоор ер нь саатуулаагүй. Ганц нэг цагдаа л зогсоосон. Хол зайнаас харагдахгүй байсан болохоор түр зогсоогоод зохицуулагчийн таних тэмдгийг харчхаад л явуулсан.
-Богд хан уулын хэчнээн байгаль хамгаалагчид харуул хамгаалалтад ажиллаж байна вэ. Ер нь таниас өөр мориор ажилдаа явж байгаа хүн бий юу?
-Богд уулын хамгаалалтын захиргаанаас 30 хүн хамгаалалтад зогсож байгаа. Дүүрэг, дүүрэгт л ингэж зохицуулагч хийж буй. Морьтой ажилдаа явж буй хүмүүс байгаа. Хотын төв хэсгээр л морьтой явсан нь би юм шиг байна лээ.
МОРЬ УЯХ ГАЗАР БАЙХГҮЙ ТУЛ ӨӨРӨӨ ХӨТӨЛЖ ЗОГССОН
-Хамгаалалтад зогсож байхдаа морио хаанаас өвсөлж, уясан бэ?
-Тэр л харин хүнд юм билээ. Мал мэддэг хүмүүс хөөрхий санаа тавьж, асууж байсан шүү. Морь уях газар байхгүй тул өөрөө хөтөлж л зогссон доо. Зарим үед ойролцоо хамгаалалтад зогсож байсан хүндээ түр хөтлүүлж байгаад өөрөө явж бие засчхаад ирдэг байсан. Машины хөдөлгөөн байхгүй тулдаа л болж байсан. Үгүй бол үргээд хэцүү, хэцүү.
-Гадаа хамгаалалтад зогсож байгаа иргэдэд бие засах газар байхгүй болохоор хүндрэлтэй байсан байх. Та бие засах асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Цаанаас нь зохицуулалт хиймээр юм билээ. Миний хувьд хамгаалалтад зогсож байсан болохоор тухайн орон сууцны харуул хамгаалалтын хүнээс гуйж байгаад нойлд нь бие зассан.
ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ Ч ЗОЛГОЖ ЧАДДАГГҮЙ, САР ШИНЭ ХУУЧРАХААР ЧӨЛӨӨ АВААД ОЧДОГ
-Та ер нь ингэхэд жил жилийн цагаан сараар морь унаад ажилдаа явдаг уу?
-Жил болгон л морьтойгоо л явж байдаг. Миний хариуцаж байгаа хэсэг болох Богинын ам, Чандманы ам их онцлогтой газар л даа. Хийморийн овоо байдаг болохоор асар их ачаалалтай ажилладаг. Битүүнээс шинийн 1-нд шилжих шөнө 03:00 цаг өнгөрөөгөөд гадаа зогсож, ажиглана. Харин сүүлийн хоёр жил хөл хорио тогтоогоод хүмүүсийг уул руу гаргасангүй.
-Битүүний орой гэртээ гэр бүлийнхэнтэйгээ баярлаж чадахгүй ажил руугаа явдаг байх нь. Гэр бүлийнхэн тань мөн дургүйцэх үү?
-Хүмүүс хийморийн овоонд зул хүж өргөж байгаа гээд хийморийн овоонд гал тавьчихдаг. Онцгой байдлын ажилчидтай ажиллаад л, зарим шөнө тэндээ хонох шахуу л ажилладаг. Аав, ээжтэйгээ ч золгож чаддаггүй байлаа шүү дээ. Сүүлдээ ч аав, ээж, гэр бүлийнхэн бүгд ойлгодог болж, намайг дэмждэг болсон.
-Цаг наргүй ажиллаж байдаг болохоор аав, ээждээ очиж хацраа үнэрлүүлж чаддаггүй байсан гэлээ. Аав, ээж тань аль нутгийн хүн бэ. Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрж өссөн. Аав ээж маань одоо хоёул бурхан болсон. Тэдэндээ шинэ сар хуучрахаар чөлөө аваад очдог байсан сан. Харин гэр бүлийн маань хүн Төв аймгийнх. Хадам аав маань насаараа жолоо барьж яваа 80 гарсан буурай бий. Эхнэр бид хоёр шинийн нэгэнд утсаар ярьж мэнд мэдсэн. Хөл хорио тавигдаж, зам нээгдээд, өвчин хумигдвал чөлөө аваад очиж золгоно доо.
Бид дөрвөн хүүхдийн аав, ээж. Бүгд л өөрсдийн хүсэл сонирхлоор мэргэжил эзэмшсэн. Нэг нь ч болов байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ажилд оролцоотой байх болов уу л гэсэн бодол өвөртөлж явдаг даа.
БИТҮҮНИЙ ӨДРӨӨС ХОЙШ ӨДӨР БҮР Л МОРЬ УНАЖ БАЙНА
-Ингэхэд та одоо хамгаалалтад зогсож байна уу. Өнөөдөр ч гэсэн ажилдаа морьтойгоо очив уу?
-Битүүний өдрөөс хойш өдөр бүр л морь унаж байна. Өнөө өглөө /өчигдөр/ гэхэд 08:00 цагаас 14:00 цаг хүртэл хамгаалалтад зогссон. Одоо Богины аманд ажиллаж байна. Дөрвөн бор гөрөөсийг нохой хөөгөөд нэгийг нь бүр шархдуулчхаж. Шархадсан бор гөрөөсөө Туул голын бургасны дэргэдээс барьж аваад мал эмнэлэг рүү явуулчхаад харих санаатай шогшиж явна аа, ах нь.
-Шархадчихсан амьтан үргээд, баригдахгүй хэцүү байсан байх. Ер нь шархдаж, бэртсэн амьтанд тусламж үзүүлэхийн тулд ямар арга техникээр барьж авдаг вэ?
-Ойр орчим байсан хүмүүсийг дуудаад, бургаснаас гарах хэсгүүд дээр нь машин тэргээр хааж зогсож байгаад бор гөрөөсөө барьж авлаа. Гэнэдүүлж байгаад л нэг залууг гялс ухасхийлгэж бариулсан.
Ер нь зэрлэг ан, амьтдыг барьж авч, тусламж үзүүлэх хүндрэлтэй тул хөнгөн бэртсэн амьтдыг уул руу нь тууж явуулдаг. Харин өнөөдөр /өчигдөр /-ийн гөрөөс шиг хүнд бэртэж, шархадсан амьтдыг бол заавал барьж авч, анхны тусламж үзүүлж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгдөг. Бэртэж, гэмтсэн нялх амьтдыг бол харин барьж авахад амар.

-Гэмтсэн бор гөрөөсөө хэд хоногийн дараа байгальд нь тавьж, сүрэгтэй нь нийлүүлэх вэ?
-Анхны тусламж үзүүлж, тариа хийгээд хэд хоног өвс тавьж өгөх байх. Тэгээд шархных нь байдлаас л шалтгаалж, хэзээ тавихаа шийднэ. Ямартай ч мэргэжлийн байгууллагуудад хүлээлгээд өгчихлөө.
НЭГ МОД ОГТЛУУЛЧИХГҮЙ ЮМСАН, НЭГ АМЬТАН АГНУУЛЧИХГҮЙ ЮМСАН ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАДАГ
-Байгаль хамгаалагчдад ажлын ямар ямар багаж хэрэгсэл байдаг вэ?
-Богд уулын хамгаалалтын захиргаа морьдтой. Морь бол байгаль хамгаалагчийн гол нөхөр. Бид эргүүлд голдуу морьтойгоо явдаг юм. Бидэнд мөн мотоцикл, гал унтраах багаж хэрэгсэл, өвөл, зуны хувцас бий. Ер нь бол ажлын багаж хэрэгсэл сайжраад л байгаа.
-Таны хариуцсан хэсгийн онцлог, ямар ямар асуудлууд ихэвчлэн гардаг вэ?
-Ах нь малчин хүний үр. Тиймдээ ч нэг мод огтлуулчихгүй юмсан, нэг амьтан агнуулахгүй юмсан гэсэн сэтгэлээр ажилладаг. Гэхдээ манай энд бол хулгайн ан гайгүй. Харин самар ургадаг жил л их хэцүү. Болоогүй байхад нь л мод бэртээж, гэмтээн хог хаядаг. Гал түймэр чинь бас хогноос үүдэлтэйгээр гарч байгаа шүү дээ. Үүнийг иргэдэд сэрэмжлүүлэг болгож хэлэх нь зүйтэй байх. Бүгдээрээ ухамсартай байцгаая.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ийм сайхан улс байгаа нь ямар их аз вэ
hoorhon yum.saihan setgeltei.buur bayarchihlaa,bi.
Амжилт хүсье