Минут тутам 3 сая амны хаалт хаягдаж байна

Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш дэлхий нийтээрээ амны хаалт хэрэглэж эхэлсэн билээ. Үүний улмаас минут болгонд гурван сая гаруй амны хаалт хаягдаж байгаа нь хүрээлэн буй орчинд их хэмжээний хор нөлөө үзүүлж болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулж байна.
Гялгар ууттай харьцуулахад амны хаалтыг халдваргүйжүүлж дахин боловсруулахад хүндрэлтэй байдаг учир хүрээлэн буй орчинд үзүүлж хор нөлөө нь илүү байж болзошгүй юм.
Өмнөд Данийн их сургуулийн хүрээлэн буй орчны судлаач Елвис Генбо Сю болон Принстоны их сургуулийн хүрээлэн буй орчны инженер Жейсон Рен нар үүний талаар бичиж “Frontiers of Environmental Science & Engineering” сэтгүүлд нийтлүүлсэн аж.

Нэг удаагийн амны хаалтыг буруугаар хаявал байгальд хэдэн долоо хоногийн дотор микро болон нанопластик ширхэг болж задарна. Эдгээр бичил хэмжээтэй ширхгүүд хүн болон амьтдын эрүүл мэндэд томоохон аюул учруулж болзошгүй аж.
Иймэрхүү бичил пластикууд агаарын урсгалаар туугдан явдаг бөгөөд Эверест уул, Альпийн нуруу, Антарктид гэх мэт газраас хүртэл илэрсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.