ДЭЛХИЙ

MrBeast: Ажлаасаа гарвал 100 мянган ам.доллар ӨГӨХИЙГ санал болгосон “Youtube” од

“MrBeast” нэртэй “Youtube” хуудсыг хөтөлдөг Жимми Дональдсон 22 настайдаа тус видео платформ дээрх хамгийн их үзэлттэй контент бүтээгч нарын нэг болж чадсан юм. Жимми танихгүй хүмүүст сая сая ам.доллар бэлэглэсэн бичлэгүүд хийснээрээ алдартай билээ. Мөн тэрбээр толь бичиг доторх бүх үгийг унших, супермаркетээс бүх барааг нь худалдан авах, ажлаасаа гарвал 100 мянган ам.доллар өгөх гэх мэт гайхширмаар бичлэгүүд нийтэлдэг юм.

Бид бүгд нэгдүгээр ангийн математикийн хичээлийн сурах бичиг дотроос 100 тарвас худалдан авжээ гэх мэт өгүүлбэртэй бодлого харж байсан. Хэн л тийм их тарвас худалдаж авах вэ дээ гэж та бодож байсан байх. Тэгвэл Жимми Дональдсон бол тэр математикийн бодлого дээр гардаг хүний жинхэнэ амьдрал дээрх дүр гэхэд болно.

Одоо “MrBeast”-ийн талаар уншигч та бүхэндээ товч танилцуулъя.

Жимми Дональдсон 1998 оны тавдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Канзас мужид төрсөн. Хойд Каролина мужийн Гринвиллд өсжээ. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сард буюу 13 настайдаа “MrBeast6000” гэсэн нэртэй хуудсаа нээж бичлэг нийтэлж эхэлсэн байна. Контент хийсэн эхний жилүүддээ Жимми өөрийн царайгаа нэг их гаргадаггүй байсан юм.

Тэрбээр хэд хэдэн удаа нэрээ сольж байсан бөгөөд “MrBeast6000” нэрээ “Beast” болгож, эцэст нь “MrBeast” гэдэг нэр дээр тогтсон байна. Жимми 2015-аас 2016 онд “муу интронууд” гэдэг цуврал бичлэгүүдээрээ олонд танигдаж эхэлсэн. 2016 оны дундуур гэхэд түүний “Youtube” хуудас 30 мянган захиалагчтай болсон юм. Тэрбээр 2016 коллежид элсэн орсон ч хоёр долоо хоногийн дараа гарсан байна.

2017 оны нэгдүгээр сард 100 мянга хүртэл тоолсон бичлэг нийтэлсэн нь түүний одоогийн алдар нэрэнд нь хүргэсэн анхны алхам болж өгчээ. Жимми тус бичлэгээ хийх гэж 44 цаг зарцуулсан гэдгээ дараа нь мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш Жимми Жейк Полын дууг 10 цаг сонсох, спиннер тоглоомыг 24 цаг эргүүлэх гэх мэт тун хачирхалтай бичлэгүүд хийж, 2017 оны арван нэгдүгээр сарын байдлаар 1 сая захиалагчтай болжээ.

Үүний дараа Жимми найзуудаа хооронд нь машины төлөө өрсөлдүүлж эсвэл ялсан хүнд нь 10, 20 мянган долларын шагналтай гэх мэт бичлэг хийж эхэлсэн аж.

Одоо түүний “MrBeast” суваг 55.1 сая захиалагчтай болж бичлэг болгон нь 30 сая гаруй хандалт авдаг “Youtube” дээрх хамгийн том контент бүтээгч нарын нэг болжээ.

Тэрбээр 2018 оны арван хоёрдугаар сар гэхэд Жимми нэг сая гаруй ам.долларыг хүмүүст өгч “Youtube-ийн хамгийн том Филантропич” хочтой болсон юм.

2018 оны сүүлээр Жимми Дональдсон ютүбер “PewDiePie”-ийн Энэтхэгийн “T-Series” корпорацтай хийсэн хамгийн их захиалагчтай сувгийн төлөөх “дайн”-д тусалж интернет дээр маш том аяныг эхлүүлсэн байдаг.

Тэгвэл одоо Жимми Дональдсоны хийсэн хамгийн гайхширмаар бичлэгүүдтэй танилцацгаая.

Үнэгүй машины дэлгүүр нээсэн нь

Энэ бичлэг дээр Жимми машины дэлгүүр дээр очин бүх машиныг нь худалдаж аваад үнийг нь нэг, хоёр доллар болгож зардаг.

Валентины баяраар найз охиндоо 100 мянган сарнай өгөв

Жимми 20 настай Мадди Спиделлтэй үерхдэг бөгөөд тэрбээр 2020 оны Валентины баяраар 100 мянган сарнай бэлэглэсэн юм. Ирэх жилүүдийн Валентины баяраар Жимми хэрхэн 100 мянган сарнайг давсан бэлэг өгөх бол?

Ус захиалаад шанд нь 30 мянган ам.доллар өгөв

Энэ бичлэгт “MrBeast” ресторанд ороод ус захиалан хүргэж өгсөн зөөгчид нь 30 мянган ам.доллар өгсөн юм.

Ажлаасаа гарвал 100 мянган ам.доллар өгөхийг санал болгов

“MrBeast” нийтэлсэн хамгийн сүүлийн бичлэг дээр түргэн хоолны газарт ороод захиалга хүлээн авагчид нь ажлаасаа гарвал 100 мянган ам.доллар өгөхийг санал болгожээ.

1 сая ам.доллароор сугалаа худалдаж аваад үүнийг хожсон...

Жимми өмнө хэд хэдэн удаа нь их хэмжээний мөнгөөр сугалаа худалдан авсан бичлэг хийж байсан юм.

Таван дэлгүүрээс бүх барааг нь худалдаж авав

“MrBeast” өмнө нь нэг хүнсний супермаркетаас бүх барааг нь худалдаж аваад, хандивлаж байсан. Харин тэрбээр энэ бичлэгээрээ хүнсний, хувцасны гэх мэт таван дэлгүүрийн бүх барааг худалдаж аваад хандивладаг юм.

Жимми Дональдсон иймэрхүү төрлийн маш олон бичлэг хийж байсан бөгөөд та түүний “Youtube” хуудас дээрээс илүү олон хачирхалтай бичлэг олж үзэх боломжтой.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Teddy YT
Teddy YT
3 сар 17, 2021 00:12

Тиймээ... энэ бол mrbeast
Одоогоор хамгийн �##�дартай youtuber

MoonyGirl7
MoonyGirl7
4 сар 23, 2021 11:03

MrBeast Gaming бол үнэндээ л супер шүү. Channel руу нь ороод үзээрэй

Back to top button