ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Оюуны тоглоом тархины чадамжийг нэмэгдүүлдэггүй

Бид бүгд өдөр тутам тогтмол оюуны тоглоом тоглох нь тархины хүчин чадлыг нэмэгдүүлдэг гэж боддог билээ. Гэхдээ оюун сорьсон тоглоом үнэхээр тархины хүчин чадлыг нэмдэг эсэх нь маргаантай байсаар ирсэн аж.

Үүний талаар Онтарио мужийн Уэстэрн их сургуулийн мэдрэлийн эмч Бобби Стояноски хэлэхдээ “Оюуны чадамжийг нэмэгдүүлдэг, нэмэгдүүлдэггүй гэж дүгнэлтэд хүрсэн судалгаануудын тоо тэнцүү байдаг” хэмээжээ. Ийм учир Стояноски тус сэдвээр өөрөө судалгаа хийж үзэхийг шийдсэн аж. Тэрбээр бусад эрдэмтэдтэй хамтран оюуны тоглоом тав хүртэлх жил тоглосон мянган хүнийг тоглодоггүй 7500 хүнтэй харьцуулж судалгаа хийжээ. Эрдэмтэд “Cambridge Brain Sciences” нэртэй компанийн тусламжтай 8563 сайн дурын хүнээс онлайнаар судалгаа авжээ. Тэрхүү компани нь эрүүл тархины үйл ажиллагааг хэмжиж үнэлгээ өгдөг байна.

Эхлээд оролцогчдоос оюуны тоглоом тоглодог зуршил, түүнээс үр дүн гарсан эсэх болон ямар программ ашиглан оюунаа хөгжүүлдгийг асуужээ. Нийт оролцогчдоос 1009 нь дунджаар сүүлийн найман сар тархи хөгжүүлдэг программ ашиглаж байсан хэмээн хариулсан аж. Хамгийн богино хугацаанд тоглосон оролцогч хоёр долоо хоногийн турш тархи хөгжүүлэх программ ашиглажээ. Харин зарим оролцогч нар таваас дээш жилийн турш оюуны чадамж дээшлүүлэх программ ашигласан аж. Үүний дараа оролцогчид ой санамж, оюун дүгнэлт хийх, хэлний чадвар гэх мэт зүйлс сорьсон 12 шалгалт өгчээ.

Оролцогчдын дүнг хооронд нь харьцуулахад оюуны чадамжийн мэдэгдэхүйц ялгаа гараагүй аж. Сонирхолтой нь оюуны тоглоомоор хамгийн их хичээллэдэг хүмүүсийн оюуны чадавх хичээллэдэг тоглоомтой нь холбоогүй байжээ. Энэхүү үр дүнг хараад судалгаанд оролцсон оюунаа хөгжүүлдэг хүмүүсийн тархины чадамж эхэндээ муу байж байгаад сайжран бусад хүмүүстэй ижил болсон гэж хэлж болох юм. Гэхдээ оюунаа нэг сар хүрэхгүй хугацаанд хөгжүүлсэн хүмүүс оюуны тоглоом тоглодоггүй хүмүүстэй ижил дүн авсан байна.

Эрдэмтэд судалгаагаа “April Journal of Experimental Psychology: General” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Тэд судалгааны ажлаа дүгнэхдээ оюуны тоглоом тоглох нь хүмүүсийн боддог шиг ашигтай биш байв хэмээсэн байна. Мөн эрдэмтэд явуулсан судалгаагаа тэдгээр тоглоомууд үнэхээр оюуны чадавхыг сайжруулдаг эсэхийг сорилоо гэжээ. Иллиной мужийн их сургуулийн ой тогтоомж судлаач Элизабет Стейн-Морроу хэлэхдээ “Тус судалгаа нь яагаад оюунаа хөгжүүлдэг хүмүүст ахиц гарахгүй байгааг харуулаагүй. Харин оюуны тоглоом тоглож өнгөрөөсөн цаг нь оюуны чадамжтай холбоотой байдаггүй гэдгийг үзүүлсэн. Үнэхээр гайхалтай судалгаа болжээ” хэмээсэн байна. Стояноски хэлэхдээ “Бид тоо баримтыг ямар ч өөр аргаар боловсруулсан тархи хөгжүүлэх дасгал хийх нь оюуны чадамжийг нэмэгдүүлдэг гэх баримт олж чадаагүй” гэжээ. Тэд оролцогч нарыг нас, ашигладаг программ, боловсрол, нийгмийн статусаар нь ялган дүн шинжилгээ хийсэн ч хариу ижил гарсан байна.

Стояноски нэмж хэлэхдээ оюунаа хөгжүүлэх дасгал хийх нь зарим тодорхой нөхцөлд давуу тал болж магадгүй гэжээ. Харин Стейн-Морроу оюуны тоглоомуудыг жинхэнэ амьдрал дээрх өөр өөр нөхцөлд хэрхэн ашиглаж болох талаар нь харж хичээллэхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button