Эль Сальвадор улс биткойныг хуулиар баталсан анхны улс боллоо

Эль Сальвадор улсад мөнгөн өрийг биткойн хэлбэрээр төлөх боломж нээгдлээ. Тус улсын Ерөнхийлөгч Найиб Букеле санхүүгийн олон хэлбэрт байдал, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд цахим мөнгийг хуулиар батлах санал гаргасан.

Мягмар гарагт (2021.06.08) энэхүү саналыг Эль Сальвадорын Конгресс 62-22 саналын харьцаагаар дэмжсэн байна. Тус улсын Конгрессод Ерөнхийлөгч Букелегийн нам олонх аж. Эль Сальвадор улс Олон Улсын Валютын сангаас 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт авах зорилготой байгаа. Зарим хүн криптовалютыг хуулиар батлах нь энэхүү хөрөнгө оруулалтыг олж авах хэлэлцээрт хүндрэл учруулж магадгүй гэж үзэж буй.
Тавдугаар сард биткойны ханш их хэмжээгээр унасан бөгөөд түүнээс хойш нөхөн сэргээгүй байгаа. Тавдугаар сарын 13-ны өдөр Тесла компани цаг уурын асуудлаас болж биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа больж байгаагаа зарласнаар энэхүү ханшийн уналт эхэлсэн. Тесла компанийн мэдэгдлийн улмаас биткойны ханш даруй 10 хувиар буурсан юм. Мөн үүнээс долоо хоногийн дараа Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Ингэснээр биткойны ханш илүү хурдацтай унасан юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.