Монголын байт харваачид улсынхаа дээд амжилтыг шинэчлэв

Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Парис хотноо болж буй “Токио-2020” олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцож байна.
Тэмцээний эхний өдөр чансаа тогтоох урьдчилсан харваанд ОУХМ Баатархуягийн Отгонболд 666, Жанцангийн Гантөгс 661, Доржсүрэнгийн Дашнамжил 659 оноо авлаа.
Улмаар багийн нийлбэр дүнгээр 1986 оноо онож, эрэгтэйчүүдийн багийн улсын дээд амжилтыг шинэчлэв. Тэд өмнөх амжилтыг 15 оноогоор ахиулжээ.

Улмаар багийн дүнгээр нийт 36 орноос 10 дугаар байрт орж, Швецарийн багийг 5:4-өөр ялж, Малайзын харваачдад 6:2-оор дийлдэв.
Ингэснээр багаараа Токиогийн олимпод оролцох эрх авч чадсангүй. Улмаар эрэгтэй харваачдаас ганцхан ОУХМ Баатархуягийн Отгонболд “Токио-2020”-д цэц сорихоор боллоо. Тэрбээр 2019 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрх авсан юм.
Эмэгтэй харваачид олимпын хоёр эрх авах боломж бий. Олимпын эрхийн эзэд өнөөдөр тодорно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.