Сурвалжилга, Нийтлэл

Иргэдийн хурууны хээний мэдээллийг авч, оронд нь зээл өгч буй нь СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ҮҮ

Монгол Улсын иргэд хурууны хээгээ зөвхөн төрдөө даатгаж өгдөг. Улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна” гэж заасан байдаг. Гэвч зарим томоохон сүлжээ дэлгүүр үйлчлүүлэгчдийнхээ хурууны хээгээр бонус карт ашиглуулах тохиолдол гардаг. Хувь хүний нууцын зэрэглэлд хамаарах хурууны хээг хувь хүн, албан байгууллага авах эрхгүй. Тэгвэл Булган аймгийн төвд бага хэмжээний мөнгө удаа дараа зээлүүлэн, иргэдийн хурууны хээг хоёр янзаар авч байна гэх мэдээлэл иргэдээс ирсэн. Яг ямар зорилгоор иргэдийн хурууны хээний мэдээллийг цуглуулж байгаа нь ихэд анхаарал татахаар байна.

-ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ БАРЬЦААЛЖ, ХУРУУНЫ ХЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ АВААД 10-70 МЯНГА ХҮРТЭЛХ ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙНА -

Булган аймагт иргэний үнэмлэх барьцаалж, зээл олгож байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн засаг дарга З.Батзоригтой холбогдож асуухад “Одоогоор мэдсэн зүйл байхгүй байна. Цагдаа нарт үүрэг өглөө” гэсэн хариу өгсөн юм.

Нутгийн иргэдээс дараах тодруулгыг авлаа. Тэдний хэлж буйгаар “Аймгийн төв дээр иргэний үнэмлэх барьцаалж, хурууны хээ уншдаг машинаар хүмүүсийн хурууны хээг аваад 10-70 мянга хүртэлх төгрөгний зээл өгдөг хоёр гурван хувь хүмүүс байдаг. Мөн мөнгө зээлүүлж буй хүмүүс Булган аймгийн иргэд биш бөгөөд хоёроос дээш удаа зээл авч буй хүмүүс иргэний үнэмлэхний шаардлагагүй, шууд л хурууныхаа хээг уншуулаад 5-10 хувийн хүүтэй 10-70 мянган төгрөгний зээл авдаг” гэсэн мэдээллийг өглөө.

-ХУРУУНЫ ХЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ ХЭН НЭГЭНД ХАДГАЛАГДАХ НЬ АЮУЛТАЙ -

Хуулиар хамгаалагдсан хувь хүний бүхий л мэдээллийг агуулах хурууны хээг үл мэдэгдэх хэсэг хүмүүс  ийнхүү дур зоргоороо цуглуулах нь хүний хувийн мэдээллийг тараах, залилан хийх зэрэг олон эрсдэлд аваачиж болно.

Хурууны хээний тусламжтайгаар тухайн хүний банк санхүүгийн мэдээлэл, бүртгэл, нууцлал, аюулгүй байдал зэрэгт халдаж болно. Ингэснээр гэмт хэрэгт  холбогдуулахыг үгүйсгэхгүй, тэр ч бүү хэл гадаадад зорчих, хилээр нэвтрэх зэрэг олон боломжуудыг таны өмнөөс хийж болохыг анхаарах хэрэгтэй. Ямар ч хуулиар таны алдсан, мэдээллийг хайрлан хамгаалж, сахин биелүүлэх үүргийг хуулийн этгээд хүлээхгүй, эрсдэл гарахад бүх хариуцлагыг хувь хүн өөрөө хүлээдэг байна.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button