Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Шатахууны үнийг дагаад таксины үнэ километр тутамдаа 1300 болжээ

Шатахууны үнэ өссөнтэй холбоотой шүүмжлэл иргэдийн дунд нилээдгүй байна. Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнэ өнгөрсөн жилийн тавдугаар сарын үеэс тогтмол 1450 төгрөг байсан бол энэ оны долдугаар сарын эхэн үед литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн сарын 30-ны өдөр энэ үнэ дахин 300 төгрөгөөр өсөж одоогоор 2050 төгрөгт хүрээд байна.

Тэгвэл энэхүү өсөлтийг дагаад таксины үнэ тавин хувь хүртэл нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу бид жолооч болон иргэдтэй уулзан газар дээрээс нь сурвалжиллаа.

ХУВИАРАА ТАКСИНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ИРГЭН Б: ТАКСИНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН Ч ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТОО ЦӨӨРӨӨГҮЙ

-Та нэг километрт хэдэн төгрөгийн төлбөртэйгөөр иргэдэд үйлчилж байна вэ?

-Миний хувьд үйлчлүүлэгчдийнхээ боломжоос шалтгаалаад 1200-1300 төгрөгөөр явж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн учир төлбөрөө тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй болсон. Ингэж нэмлээ гээд жолооч нар илүү ашигтай ажиллаж байгаа зүйл байхгүй байна. Такси үйлчлүүлэгчгүй сул газар их явдаг. Үүн дээр шатахууны үнэ нэмэгдсэн учир илүү олсон хэдэн төгрөг маань эдгээрт зарцуулагдаад л дуусаж байна. Би 10 дахь жилдээ такси барьж байна. Тэр үеийн үнэ одоогийн үнэ тэнгэр газар шиг зөрөөтэй. Мэдээж төгрөгийн ханш ч их өөрчлөгдсөн байх.

-Таксины үнэ нэмэгдсэнд үйлчлүүлж буй иргэд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Манай монголчуудын амьдрал хэцүү. Гэхдээ нийтийн тээвэр нь асуудалтай болохоор аргагүйн эрхэнд таксигаар үйлчлүүлдэг. Таксины хэрэглээ манай улсад талхтай адилхан их. Тэгэхээр үнэ нь нэмэгдсэн ч такси барих хүний тоо багасаагүй л байна.

Үйлчлүүлж буй хүмүүсийг хараад байхад мөнгөө төлөхдөө зарим хүмүүс зүгээр өгч байгаа бол заримынх нь гол нь гонсойж байгаа нь мэдэгддэг.

Зарим хүмүүс мөнгөө бүрэн төлж чадахгүй бууна. Хоосон явж шатахуунаа үрж байхаар мөнгөө дутуу төлөх хүн суулгах нь бараг дээр байдаг учир хааяадаа тийм хүмүүсийг суулгадаг. Харин гадаадад байсан зарим хүмүүс цайны мөнгө гэж илүү төлбөр төлдөг юм билээ.

-Олсон орлого нь амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Миний хувьд давхар ажил эрхлээд түүнийхээ хажуугаар таксинд явдаг учир эдийн засгийн хувьд асуудал багатай. Зүгээр суухаар гээд завтай үедээ таксинд явдаг. Гэхдээ тэгэж их ашиг олж чаддаггүй. Ингээд бодохоор зөвхөн таксигаар амьдралаа залгуулдаг хүмүүсийг бас бодож үзэх хэрэгтэй.

-Зарим таксины жолооч километр тутамд 1500 төгрөгөөр явж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?

-Дуудлагаар үйлчилдэг таксины компаниуд л өндөр үнээр иргэдэд үйлчилж байна. Тэд 1500 төгрөгөөр үнээ тогтоосон хэрнээ дуудлагын мөнгө тусад нь авдаг. Ингээд бодохоор албаны таксинууд дампуурсан шүү дээ. Хувь жолооч нар л голдуу үйлчилгээ үзүүлж байна.

1250-аар үнээ тогтооход үйлчлүүлэгчдээ ч тэр, бидэнд ч тэр болох байх. Бид чинь шатахуун түгжрэлд үрээд, бас сардаа хэд хэдэн удаа торгуулна. Хүмүүс тэр бүр мэддэггүй л байх. Жолооч нар их эрсдэл үүрч ажилладаг. Байнга зам дээр ажилладаг учир хичнээн анхааралтай байсан ч торгуулах асуудал зайлшгүй гарна. Өдөрт 50-60 мянган төгрөг халтуур хийгээд олсон ч, нэг машинтай багахан шүргэлцээд л цагдаа нарт орлогоо хураалгачихаад юу ч үгүй хоцордог.

Түүний хэлсний дагуу бид дуудлагын таксины үйлчилгээ эрхэлдэг “UBcab” компанийн таксины жолоочтой уулзаж, километр тутамд хэдэн төгрөгөөр явж байгааг асуув. Тус байгууллагын бүртгэлийн аппликэйшн руу такси дуудлага өгөхөөр хандахад стандарт таксиных нь нэг километрийн үнэ нэмэгдээгүй 1000 төгрөг хэвээр байв.

“UBCAB” КОМПАНИЙН ТАКСИНЫ ЖОЛООЧ Б: ЦАЛИНГИЙН ҮНЭЛГЭЭ, ТӨГРӨГИЙН ХАНШ ДАГААД БУУРАХ УЧИР ТАКСИНЫ ҮНЭЭ НЭМЭХГҮЙ

-Шатахууны үнэ өссөн ч танайх таксиныхаа үнийг нэмээгүй юм байна. Үнээ нэмээгүй нь ямар шалтгаантай гэж та бодож байна?

-Гадуур үнээ нэмж үйлчилгээ үзүүлж буй такси их байна. Миний хувьд шатахууны үнэ нэмэгдсэний зоргоор үнээ нэмээд байх шаардлагагүй гэж үзсэн. Би “Ubcab”-ийн дуудлагаар биш хувиараа таксинд явах үедээ ч гэсэн 1000 төгрөгөөр хүмүүст үйлчилж байгаа. Ямар нэг зүйлийн үнэ өсөхийг дагаад манай улсын иргэд бүх юмныхаа үнийг нэмдэг. Үүний дараа төгрөгийн ханш унаж бид өөрсдөө ч хохирдог. Одоо сая төгрөгөөр дөрвөн хонь ч авч хүрэхгүй байна шүү дээ. Би таксины жолоочид үнээ нэмээсэй гэж биш, харин шатахууны үнэ л буураасай  гэж хүсэж байна.

-Шатахууны үнэ өссөн нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би дөнгөж сая машиндаа 21,000 төгрөгөөр шатахуун хийлгэлээ. Өмнө нь 15 литр ордог байсан бол өнөөдөр 10 литр л шатахуун орж байна. Таван литр гэхээр бага юм шиг сонсогдож болох ч илүү томоор харвал 210,000 төгрөгөнд би 50 литр шатахуун алдаж байна гэсэн үг. Мэдээж амьдралд хүнд тусаж байна.

Гэхдээ ингэлээ гээд тав, арван мянгын илүүг харж үнээ нэмбэл би буцаад л бусад газарт нэмэгдсэн үнээр худалдан авалт хийхдээ тэр олсон илүү төгрөгөө зарцуулах болно. Эцэстээ цалингийн үнэлгээ, төгрөгийн ханш л буурах учир миний хувьд таксины жолооч нар үнээ нэмэх нь буруу.

  • Таны харж байгаагаар таксины үнийн өсөлттэй холбоотойгоор байгууллагууд арга хэмжээ авч байна уу?

-Энэ талаар улсаас арга хэмжээ авч байгаа эсэхийг мэдэхгүй юм. Харин дуудлагын таксины компаниуд өөрсдөө үнээ нэмэхгүй бодлого барьж, бусдыг дагаж намирахгүй байгаа нь авууштай санагдаж байгаа. Миний холбоотой ажиллаж буй Ubcab компанийн зүгээс жолооч нартаа ямар нэг шаардлага тавиагүй, үнээ нэм гэж ч хэлээгүй.

Яг л хуучны тарифаараа үйлчилгээгээ үзүүлж байгаа. Над шиг жолоочид дуудлагын компанийн аппликэйшн дээр заасан үнээрээ л иргэдээс төлбөр авдаг. Харин хэрэв аппликэйшн дээр заасан хэмжээнээс илүү төлбөр авах гэж оролдвол үйлчлүүлэгчийн гомдлын дагуу компаниас арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл жолоочид дахиж үйлчлүүлэгч олж өгөхгүй гэсэн үг. Ийм зарчмаар ажилладаг учир такси дуудлагын компанитай хамтарч ажиллаж буй жолооч нар төлбөрийн хэмжээг хүссэнээрээ нэмэх боломжгүй.

-Та хувиараа мөн таксинд ажилладаг гэсэн. Ингэхдээ ч цаашдаа нэмэгдээгүй үнээр үйлчилгээ үзүүлэх үү?

-Таксинд маань суусан хүүхдүүд 1500-аар явж байна уу гэж ойрын өдрүүдэд их асууж байна. Миний хувьд үнээ нэмэх бодол байхгүй. Мэдээж нэмж буй жолооч нар мөн л амьдрах аргагүйдээ тийм үйлдэл хийж байгаа биз. Гэхдээ нөгөө талаас харвал энэ нь тэдний ямар ухамсаргүй байгааг харуулж байна.

Таксины жолооч нар шатахууны үнийг дагаж үнээ нэмэхийн оронд тэмцэх хэрэгтэй. Наадам болно, болохгүй гэдэг дээр жагсаж байсан ард түмэн яагаад шатахууны үнэ 600-аар өсчихөөд байхад зүгээр суугаад байгааг би ойлгохгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрч огт болохгүй. Төлбөрөө нэмээд байгаа жолооч нар хувь тавилантайгаа эвлэрээд ард иргэдийн хармаанаас мөнгө суйлж байна л гэж би хувьдаа харж байна.

Таксины жолооч нар нэг километрт бодогдох үнийг аль болох өсгөхгүй байх гэдэг байр суурьтай байна. Тэгвэл энэ талаарх иргэдийн санал бодол, өнөөгийн нөхцөл байдлыг хүргэе.

ИРГЭН: Өмнө нь ойрхон газар такси барьчихдаг байсан. Одоо үнэ нь нэмэгдсэн болохоор такси барих хэцүү, алхаад явдаг болсон. Хэдхэн хоногийн өмнө 2000 төгрөг гардаг байсан газар саяхан такси барьсан төлбөр 3000 төгрөг гарч байна лээ. Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор таксины үнэ дагаад өсөх нь аргагүй л байх. Гэхдээ Монголчууд ингэж шат шатандаа юмныхаа үнийг нэмсээр эцэстээ өөрсдөө л хохирч үлдэнэ. Дэлгүүр ороод үзэхэд л энэ тодорхой харагдаж байна. Хүнсний барааны үнэ асар их нэмэгдсэн байна шүү дээ.

ИРГЭН: Хааяа хурдан нэг тийшээ очих хэрэг гарахад автобусаар явах гэхээр хэт удаан байдаг. Мөн эмэгтэй хүн оройн цагаар гэр рүүгээ алхаж явах хэцүү. Эдгээр тохиолдолд такси барих хэрэг гарна. Би оюутан учраас одоо дадлага хийж байх үед ийм асуудал их гарч байна. Өглөөдөө автобус бага байдгаас хоцрохгүйн тулд такси барих тохиолдол цөөнгүй бий.

Манай гэр хотоос зайдуу байрлалтай болохоор таксины үнэ өндөр гардаг. Шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө таксины үнэ 10,000 төгрөгөөс доош гардаг байсан бол одоо хамаагүй их төлбөр гардаг болсон. Ийм болохоор аль болох такси барихгүйг хичээж байгаа ч зайлшгүй нөхцөл байдалд ашиглахаас өөр аргагүй.

Одоо юм хөгжөөд таксины нэгдсэн компаниуд бий болсон. Тиймээс таксинууд нэг зохион байгуулалтад ажиллаж, ижил үнэтэй байвал иргэдэд илүү хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр зарим жолооч нар үнээ хэт нэмээд байж чадахгүй болно. Сая таксины үнэ гэнэт өссөн санагдсан. Энэ нь шатахууны үнэ нэмэгдсэнтэй ч холбоотой байх. Жолооч, таксигаар үйлчлүүлэгчдийн аль алинд л хэцүү байна.

ИРГЭН: Би өөрөө машин барьдаг. Өмнө нь шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэхэд шатахууны банкаа дүүргэхэд 20 мянган төгрөг илүү төлж байсан. Одоо ч ийм нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Үнэ нь литр тутамдаа ахиад л 300 төгрөгөөр өсчихлөө шүү дээ. Миний хувьд шатахууны үнэ нэмэгдэхийн яг өмнөхөн банкаа дүүргэсэн байсан учир одоохондоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ шатахууныг дагаад такси ч гэлтгүй бүх л юмны үнэ өсөж байна. Шатахуун худалдаж авахгүй ч бусад юмны үнийн өсөлтөөр дамжуулаад нөлөөг нь мэдэрч эхэлсэн.

ИРГЭН: Өчигдөр такси барихад нэг км нь 1300 төгрөг болсон. Өмнө нь 1000-аар явдаг байсан шүү дээ. Би өөрөө машингүй, хааяа такси барьчихдаг. Миний хувьд хэдий үнэ нь өссөн нь тиймхэн байгаа ч такси ашиглахгүй байж чадахгүй. Үнэ нэмэгдсэн асуудалд би таксины жолооч нарыг буруутай гэж бодохгүй байна. Гол түүхий эд болох шатахуун нь өсчихсөн болохоор тэдгээр хүмүүс ч бас үнээ нэмэхээс өөр аргагүй байдалтай байгаа гэж үзэж байна.

Биднийг иргэдтэй ярилцах зуур дөнгөж таксинаас бууж буй эмэгтэй харагдав. Түүнээс тухайн такси хэдэн төгрөгийн үнээр явсныг тодруулахад  урьдын адил километр нь 1000 төгрөгөөр бодогдсон хэмээн хариулсан юм. Дуудлагын таксины үйлчилгээ эрхлэгч компаниуд үнээ ерөнхийдөө нэмээгүй байна. Харин хувиараа таксин үйлчилгээ үзүүлдэг жолоочид нэг километрийн төлбөрөө 500 хүртэлх төгрөгөөр хоорондоо харилцан адилгүй нэмжээ. Иргэдийн амьдралд энэ нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч жолоочид үнээ буулгах ёстой гэхээс илүү шатахууны үнийг багасгах хэрэгтэй гэх байр суурийг тэд барьж байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 4, 2021 08:42

Ene taxi davarsan garuud be, nodnin benzinii une buuhad buugaagui baij. Buun dalim

Зочин
Зочин
8 сар 4, 2021 10:51

1500 bolson bna le

Зочин
Зочин
8 сар 4, 2021 20:48

ТАКСИНЫ ҮНЭ ӨСЧИХЛӨӨ ГЭЖ ГОМДОЛЛОДОГ ҮНЭН ДАВАРСАН АРД ТҮМЭН ШҮҮ ХА ХА ХА УС ТОГ ДУЛААНАА ҮНЭГҮЙ ХЭРЭГЛЭНЭ ХАНГАМЖИЙН ХҮНС АВЧИХНА БАС ХОЁРООС ДООШ МАШИН УНАЧИХНА ЁО ЁО

Зочин
Зочин
8 сар 7, 2021 22:52

Ub cab хүмүүсээс дуудлагын 1000. Хүлээлгийн мөнгө. Түгжрэлийн мөнгө гэж тусад нь авдаг гэсэн. Тэгэж бодохоор хувийн такси хямдхан явдаг шүү дээ.

Zochin
Zochin
8 сар 12, 2021 10:29

Nemehgui geed yah blee dee..

АЙ ТАКСИ
АЙ ТАКСИ
8 сар 12, 2021 11:23

БИ ЯМАР ТЭНЭГ ТАХИА ВЭ?! ЭНЭ МЭДЭЭГ ОЛЖ ХАРААГҮЙ 1000 Р ЯВЖ БАЙНА, ОДОО ТЭГЭХГҮЙ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button