
Афганистаны тэргүүн дэд Ерөнхийлөгч Амрулла Салех Афганистан улсаа, ард түмнээ орхихгүй гэдгээ мэдэгдлээ. Холбогдох бичлэг түүний “Твиттер” /Twitter/ хуудсанд гарсан байна.
“Өөрийн нутаг дээрээ, бодит шалтгаан, бодит зорилготойгоор, зөв шударга байдалд бат итгэлтэйгээр ард түмэнтэйгээ үлдэнэ”.
Өмнө нь, Салех мөн “Твиттер” хуудсаараа дамжуулан “хэзээ ч, ямар ч нөхцөлд талибанчуудын өмнө бөхийхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.
“Талибан” хөдөлгөөний дайчид ням гараг /2021.08.15/-т нийслэл Кабул хотод ямар нэгэн тулаан тэмцэлгүйгээр тайван орж ирсэн ба Засгийн газрын цэргүүдийн орхисон төрийн байгууллагуудыг эзэлж эхэлсэн мэдээлэл байна.
Харин, тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани улсаасаа дүрвэн гарсан. Хожим нь Талибанчууд Афганистаны нийслэл хотын бүх хэсэгт хяналт тогтоож байгаагаа зарласан.
“Талибан” хөдөлгөөн Ерөнхийлөгч Ашраф Ганигийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан ба ийнхүү тус улсад төрийн эрх мэдэл шилжилтийн Засгийн газарт шилжлээ. ОХУ-ын хувьд шинэ эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа хэдий ч “Талибан” хөдөлгөөнийг урьдын нэгэн адил хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Афганистан дахь Үндэсний Эвлэрлийн Дээд Зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла хэлэхдээ:
“Ерөнхийлөгч асан улс орноо, ард түмнээ ийм байдалд орхиод зугтлаа. Одоо бол Бурхан түүний шүүгч, ард түмэн түүнийг үнэлэх болно”.
Абдулла Абдулла Кабулын оршин суугчдыг сандрахгүй байхыг, талибанчуудыг улс төрийн шийдвэр гаргах хүртэл хот руу орохгүй байхыг уриалав. Гэвч Ерөнхийлөгч нь албан тушаалаа өгч, эх орноосоо дүрвэн гарсан тухай мэдээлэл цацагдсаны дараа зэвсэгт этгээдүүд “аюулгүй байдлыг хангах, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд” нийслэлийг эзэлж эхэлсэн байна.
Тус улсын эрх мэдлийг Үндэсний Эвлэрүүлэх Дээд Зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла төрийн эрхийг Ерөнхийлөгч асан Хамид Карзай нарын мэдэлд шилжүүлсэн. Зөвлөл эрх мэдлээ тайван замаар талибанчуудад шилжүүлэх аж. Түүнчлэн, “Талибан” хөдөлгөөний хүчний командлагч Абдул Гани Барадар тэргүүтэй төлөөлөгчид Афганистаны Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тэргүүлнэ. ОХУ тус улсын шилжилтийн үеийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаа ч “Талибан” хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа хэмээн Оросын ГХЯ мэдэгдэв.
Катарын улс төрийн албаны албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим “Аль Жазира” телевизэд өгсөн ярилцлагадаа, Талибанчуудтай “яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа Афганистаны улс төрч”-дийн аюулгүй байдлыг хангана гэдгээ амласан байна.
(Эх сурвалж: kommersant.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.