СОНГУУЛИЙН АНИР: Ж.Сандагсүрэн “би орохгүй” хэмээн УХАРЧ, Н.Алтаншагай өөрийгөө СОЙЖ байна

Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд товлогдсон учир намууд нэр дэвшигчдээ есдүгээр сарын 10 гэхэд тодруулах учиртай. МАН-аас Сонгинохайрхан, Хэнтийн нөхөн сонгуульд ямар хүмүүсийн нэр яригдаж, хэн хэн амбиц гаргаж байгааг анирдаж байна.
Сонгинохайрханы тойрогт одоогоор МАН-аас тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн нэр яригдаж байна. Тэрбээр нэр дэвших бэлтгэлээ хэдийн базаагаад эхэлчихсэн байна. Түүнийг хөөргөж, цаашлаад нэр дэвшигчээр зүтгүүлж буй хүн бол Хотын мээр Д.Сумъяабазар. Дүүргийн Засаг дарга болгосон хүн ч тэр. 2020 онд дүүргийн иргэдийн төлөөлөгч болоод ирэхэд нь аравдугаар сард Засаг даргаар томилсон байдаг. Нийслэлийн МАН-ын улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, хотын намын хорооны дэд дарга хүртэл ажилласан. Ерөнхийдөө намд зүтгэдэг хурган дарга нарын нэг юм.
Гэхдээ АН-аас чухам хэн нэр дэвшихээс шалтгаалж МАН ямар өрсөлдөгч тавих гэдгээ анирдаж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, Асашёрюү Д.Дагвадорж нар Сонгинохайрханд ороод ирвэл МАН Н.Алтаншагайг тэдний өөдөөс тавиад барах уу гэдгээ дахиад бодно гэсэн үг.
Мөн нэр дэвшихээр горилогчдын дунд Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн нэр яригдаж байсан. Түүнийг мөн л Хотын мээр Д.Сумъяабазар сойж байгаа гэгдэж байв. Гэвч тэрбээр “Сонгинохайрханд нэр дэвшихгүй, явахгүй” хэмээн ухарч байгаа сурагтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.