НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Өнөр бүл”-ийн асрамжинд ургаж буй “Kids style” бүжгийн хамтлаг

“Өнөр бүл”-ийн О.Нандин-Эрдэнэ, Г.Отгонзаяа, Б.Ууганжаргал, Б.Энхмаа, М.Ариунтуяа, Ц.Элбэгсайхан, Н.Анхзул, Б.Ариунзаяа. Тэд инээлдэн, ирээдүйд хэн байх, юу хийх тухайгаа ний нуугүй ярилцана. Зарим нь хоёр настайдаа, зарим нь хүн санаа төвхнөсөн хойноо буюу 12, 13 настайдаа “Өнөр бүл” хүүхдийн төвд ирж байжээ. Харин өнөөдөр тэд “Kids style” нэртэй бүжгийн хамтлаг байгуулж, нэгэн нэрийн дор бүжиглэцгээж байна. Асрамжийн газар танилцаж, нөхөрлөн бие биедээ зовлон, жаргалаа ярьж явсан охидыг урлаг нэгтгэж. Бид тэднийг энэ удаа онцолж байна.


...Хандгайт хүүхдийн зуслан. Шороон зам дагаж өгссөөр бид “Хараацай зуслан” гэх самбарын өмнө тулж ирлээ. Сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбай, түүний ард дүнсийх бор өнгийн байшингууд. Энд “Өнөр бүл”-ийнхэн зун амардаг. Аав ээжийнх нь аль нэг нь хорих ангид ял эдэлж буй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан эсвэл сэтгэцийн өвчтэй, архины хамааралтай зэрэг зайлшгүй шалтгаанаар харгалзах хүнгүй үлдсэн 185 зүрх. Тэд 18 нас хүртлээ халамж, үйлчилгээ аваад асрамжийн төвөөсөө явна. Харин тэр хүртэл найзуудтай болж, хамтдаа хөгжин, хүсэл мөрөөдлөө “олж авна”. 

Манай сурвалжлах багыг “Өнөр бүл” төвийн сэтгэл зүйч Мөнхбаярын Энхцэцэг тосож авлаа. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, зуслангийн байр руу гадны хүн оруулахгүй байгаа аж. Иймд “Kids style” бүжгийн хамтлагийн охидтой хөл бөмбөгийн талбайд уулзлаа. Тус бүжгийн хамтлаг 2018 онд есөн гишүүнтэй байгуулагдаж байжээ. Хамтлагийн нэг гишүүн ар гэрийнхэнтэйгээ нэгдэж, хамт амьдрахаар болсон тул төвөөс явжээ. Тэд хэрхэн нэг хамтлаг болж байснаа ийнхүү эргэн дурслаа.

“2018 он. “Улаан туг” хамтлагийн ахлагч Б.Билгүүний зарласан бүжгийн тэмцээнд бид нэг хамтлаг болж оролцож, түрүүлсэн. Түүнээс хойш Б.Билгүүн багш бидэнд бүжиг зааж өгч байгаа. Бид Б.Билгүүн багштай хамтран “Бидний гэр бүл”, хүүхдийн дуучин Борхулантай хамтран “Хөгжмөө тултал чангал”, “Kids style” дуу, Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүдтэй хамтран “Бидний ертөнц” тоглолт, өөрсдийн бүжгийн танилцуулга клип, “Янзага” дуу зэрэг олон олон уран бүтээлийг гаргасан. Анхны бие даасан тоглолтоо “Бидний ертөнц” нэртэйгээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн. Цаашид дан ганц бүжгийн хамтлаг биш, өөрсдөө дуулж, бүжиглэнэ. Илүү шинэлэг уран бүтээл гаргана” хэмээсэн юм.

Тэд уран бүтээлээ гаргаж, хичээлдээ авахын хажуугаар хүүхдийн хандивын тоглолтод оролцдог аж. Мөн шинэ жилээр албан байгууллагуудаас их урилга ирдэг гэнэ. Тэдэнтэй танилцацгаая.

М.АРИУНТУЯА

Би хоёр настайдаа “Өнөр бүл” төвд ирсэн. Одоо 14 настай. Энэ намар есдүгээр ангид орно. Чөлөөт цагаараа хөгжим сонсож, ном унших дуртай. Бас “Өнөр бүл” төвөөс явуулдаг олон дугуйланд явдаг. Бараг л бүх дугуйланд нь явдаг юм байна. Хөгжмийн, дууны, компьютер, гар урлал, зургийн дугайланд явдаг. “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр манай “Өнөр бүл” төвийг бие хамгаалах урлагийн дэвжээ, клубтэй болгож өгсөн байна лээ. Есдүгээр сарын 1-нээс бие хамгаалах урлагийн дугуйланд явна. Хүн болгонд авьяас “май энэ чинийх” гээд заяачихдаггүй гэж боддог. Өөрөө л хичээж байж авьяасаа олж, нээнэ. Би энэ төвд ирээд өөрийнхөө авьяасыг олж, нээсэн. Бүжиг бол миний амьдралд хэзээ ч илүүдэхгүй, хэрэгтэй зүйл.

Би одоохондоо мэргэжлээ сонгоогүй байгаа. Ямартай ч есдүгээр ангиа төгсчхөөд “Шинэ монгол” сургуульд шалгалт өгч үзнэ. Англи хэл сурж байгаа.Ер нь бол гадаад хэл сайн сураад гаднын орон руу явж, сурч хөгжихийг хүсдэг.

Ц.ЭЛБЭГСАЙХАН

“Өнөр бүл”-д зургаан настай жаахан охин ирж байлаа. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ намар Их Засаг лицей сургуульд хууль эрх зүйн чиглэлээр сурна. Багийн минь мөрөөдөл гэхэд болно. Зургадугаар ангиасаа хойш хууль эрхзүйн чиглэлээр сурна гэж бодож байгаа. Цаашдаа БНХАУ руу явж, мэргэжил дээшлүүлнэ. Өөр чиглэлээр сурж байгаа гээд бүжгээ орхихгүй.

Бүжиг бүжиглэх нь аз жаргал. Жаахан бухимдангуй байгаа үедээ бүжиг бүжиглэхээр тайвширчихдаг. Би баярладаг юм. Хэрэв би “Өнөр бүл” төвд ирээгүй бол сургуульд ороогүй, бичиг үсэг сураагүй байгаа байх. Тэгэхээр өнөөдрийн намайг “Өнөр бүл” төвийн багш нар бүтээсэн. Багш нартаа баярлаж явдаг.

Б.ЭНХМАА

Би 14 настай. Энэ намар есдүгээр ангид орно. Бага нас минь “Өнөр бүл” төвд өнгөрсөн. Энд ирэхээсээ өмнө би их ичимхий хүүхэд байсан. “Өнөр бүл” төвд ирээд өөрийнхөө үеийн олон хүүхдүүдтэй харьцаж, өөрийгөө нээж, таньсан. Одоо бүжиг миний амьдралын хамгийн чухал зүйл. Хэрэв бүжиглэж сураагүй бол маш их харамсах байсан байх.

Бүжиглэхийн хажуугаар чөлөөт цагаараа эвлүүлдэг тоглоом тоглох дуртай. Мөн зургийн дугуйланд явдаг. Одоохондоо хараахан мэргэжлээ хараахан сонгоогүй байгаа. Гэхдээ англи хэлээ сайн сураад гадагшаа явах тэмүүлэлтэй байна.

Г.ОТГОНЗАЯА

Хоёр настайдаа “Өнөр бүл” төвд ирж байсан. Одоо 14 настай. Энэ намар есдүгээр ангид орно. Чөлөөт цагаараа дуу сонсож, бүжиглэх дуртай. Гадаад сурах мөрөөдөлтэй. Гадаад хэл сайн сураад орон орноор аялахыг хүсэж байна.

Багасаа монгол бүжигт сонирхолтой байсан. Хамтлагийн нэг гишүүн болж чадсанаараа бахархдаг. Бүжиг бол миний амьдралын алдаж болохгүй нэгэн чухал зүйл. Бүрэг ичимхий намайг өөртөө итгэлтэй бие хүн болгож төлөвшүүлсэн.

Б.УУГАНЖАРГАЛ

Багадаа “Өнөр бүл” төвд ирсэн. Одоо 14 настай. Энэ намар есдүгээр ангид орно. Их ичимхий, ердөөсөө ярьж чаддаггүй, ярихаараа л улайгаад байдаг хүүхэд байлаа. Харин бүжгийн хамтлагийн нэг гишүүн болсноор их нээлттэй болж эхэлсэн. Тиймдээ ч энэ төвд ирсэндээ маш их баярладаг. Бүжиглэхээр нэг их жаргалтай болдог. Цаашид хэлээ л сайн сурна даа. Тэгээд гадагшаа явж, боловсрол эзэмшинэ.

Б.АРИУНЗАЯА

13 настайдаа “Өнөр бүл” төвд ирж байсан. Одоо 16 настай. Энд ирэхээсээ өмнө би юу ч мэддэггүй, хаалттай хүүхэд байсан. Хүнтэй нэг их юм ярьдаггүй. Харин “Өнөр бүл”-д ирээд гаднах нөхцөлийг маш их хардаг, анзаардаг болсон. Мөн өөрийгөө хүнд ойлгуулж чадахаар нээлттэй болсон. Түүнчлэн өрийгөө хөгжүүлж, авьяасаа нээсэн. Одоо бүжиг бол миний амьдралын нэгээхэн хэсэг болсон. Цаашдаа бүжгийн багшаар суралцаж, ажиллана.

О.НАНДИН-ЭРДЭНЭ

Зургаан настайдаа “Өнөр бүл” төвд ирж байлаа. Энэ төв надад маш олон боломжийг өгсөн. Маш олон сургалт, дугуйланд сууж, өөрийгөө таньж мэдэж байна. Өөртөө итгэлгүй байдлыг минь үгүй хийж, өөртөө итгэлтэй бие хүн болгож, төлөвшүүлж байна. Мөн бүжиглэж, найз нөхөдтэй болж, хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлж байна. Цаашид өөр чиглэлээр сурч, ажилласан ч бүжгээсээ урвахгүй. Ямартай ч есдүгээр ангиа төгсчхөөд өөрийгөө юу хүсээд байгааг ойлгоод мэргэжлээ сонгоно.

Н.АНХЗУЛ

Дөрвөн настайдаа “Өнөр бүл” төвийн нэгэн гишүүн болж, ирсэн. Энэ намар есдүгээр ангид орно. Загвар өмсөгч болно. Кино надад маш их нөлөөлсөн. Тэгээд загвар өмсөгч болно гэсэн хүсэл тэмүүлэлтэй болгосон. Ер нь бол орон орны хэл сурж, олон орноор аялна.

Бүжиг бол миний найз. Орхиж боломгүй найз. Бүжиглэхгүй бол амьдрал давсгүй хоол шиг санагдах байх. Тиймээс бүжгээ орхихгүй, урвахгүй.

Гаднын орнууд руу явж, сурна, боловсорно гэсэн тэмүүлэлтэй яваа охид. Тэдний зарим нь бага нас Улаанбаатарын яг чухам хаана өнгөрснийг, юу туулснаа мэдэхгүй. Учир нь мэдээ ороогүй байхдаа “Өнөр бүл”-д ирсэн. Харин хүн санаа төвхнөсөн хойноо ирсэн охид гэр хороололд амьдарч байснаа санадаг хэмээн ярина. Тэд өнөөдөр “Өнөр бүл” төвийн халамжид торниж байгаа ч аав ээжтэйгээ холбоотой байдаг аж. Энэ тухайгаа бүгд нэгэн дуугаар ярьцгаалаа.

Тэдэнд үлгэр жишээ авч, урам зориг өгдөг уран бүтээлчид бий. “Ододтой бүжиглэе” шоуны шилдэг оролцогч Б.Халиун шиг эмэгтэй болохыг , “Blackpink” шиг бүжгийн хамтлаг болохыг хүсдэг тухайгаа ам уралдан ярьцгаана.

Мөн “Ододтой бүжиглэе” шоуны дугаар бүрийг алгасалгүй хамтдаа үздэг байсан тухайгаа хэллээ. Заримдаа давталтыг нь үздэг байжээ. Тэд “Авьяаслаг монголчууд”, “Ододтой бүжиглэе” шиг шоунд орох юмсан гэж битүүхэн хүсэж, мөрөөдөж явдаг аж. Энэ зуны амралтаар “дээлтэй монгол”, “Dance Chance” чэллэнжид оролцож, шилдэг аравын нэгээр шалгарчээ. Хамтлагаараа оролцолгүй “Өнөр бүл” төвийн дүү нар, ах эгч нартаа бүжгийг нь зааж өгч 30 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Мөн тэд энэ зуныхаа амралтыг их үр бүтээлтэй өнгөрүүлжээ. Цэнгээнт бүжиг сурж, спортоор хичээллэсэн байна. Жил бүр зусланд амарч, багш нарынхаа зохиосон буухиа тэмцээн болон асуулт хариултын тэмцээнд оролцож байгаа тэд анх үүсгэн байгуулагдаад бүжиглэж байсан бүжгээ бүжиглэж үзүүлэв. Мөн дараа нь дээлтэй монгол”, “Dance Chance” чэллэнжид оролцсон бүжгээ бүжиглэж бэлэг барив.

Тэднийг бүжиглэж дууссаны дараа сэтгэл зүйч М.Энхцэцэгээс бүжгээр хичээллэснээр охидын сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөж буйг тодрууллаа. Тэрбээр “Өнөр бүл” төвд Би 2004 оноос хойш ажиллаж байгаа аж.

“Бүжгээр хичээллэснээс хойш хүүхдүүдийн зан ааш, сэтгэл зүй өөрчлөгдөж байгаа. Бүжиг хүүхдэд төлөвшил, өсвөр насны хүүхэд сэтгэл зүйн хямралаа даван туулахад тус болдог. Мөн тэсвэр хатуужил, өөртөө итгэлтэй байдал, багаар ажиллах чадварыг нь сайжруулдаг. Мөн зорилготой, тууштай байхад давуу талтай, эерэг нөлөө үзүүлдэг. Манай хүүхдүүд бүжгээр хичээллэж өөрсдийнхөө сэтгэл зүйн асуудлыг даван туулж, үе тэнгийнхэн, дүү нар найз нөхдөдөө эерэгээр нөлөөлж байгаа. Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудал их бий. Бага насандаа хагацал өнчрөл, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн зэрэг олон шалгааны улмаас ирсэн  болохоор тэр хэмжээгээр сэтгэл зүй нь гэмтчихсэн байдаг. Үүнийг илааршуулахын тулд зөвхөн сэтгэл зүйн  үйлчилгээ биш багаараа үйлчилгээ үзүүлдэг. Хөдөлгөөнөөр дамжуулж нийгэмшил олгодог” гэлээ.

Ярилцлагын төгсгөлд охид “Улаан туг” хамтлагийн ахлагч Б.Билгүүний тухай ярилаа. Тэд  цар тахлын улмаас уулзаж, уран бүтээлээ хийж чадахгүй байгаа аж. Охид “Бидэнд тэсвэр тэвчээр, хатуужилтай байхыг үлгэрлэж буй Б.Билгүүн багшдаа баярлаж явдаг. “Та нар дуртай юмандаа жаргалтай бай” гэж хэлдэг. Энэ үг биднийг ирээдүй рүү түлхэх хүч болдог юм” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 19, 2021 20:36

Хөөрхөн юм бэ. Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button