Улсдаа ганц дотуур туяа эмчилгээний аппарат ЭВДЭРЧ хавдартай 20 хүний эмчилгээ зогсов
Хавдар судлалын үндэсний төвийн улсдаа ганц байгаа дотуур туяа эмчилгээний аппарат эвдэрч, өвчтөнүүд эмчилгээгээ хийлгэж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Иймд бид тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч М.Минжмаагаас энэ талаар тодруулан мэдээлэл бэлтгэлээ.
М.Минжмаа: Ганцхан аппараттай, тэр нь эвдэрснээр өвчтөнүүд маань 10/1 хүртэл эмчилгээнд орох боломжгүй болсон
-Дотуур туяа эмчилгээний аппарат ямар зориулалттай болох талаар та тайлбарлаж өгнө үү
-Дотуур туяа эмчилгээний аппаратаар умай болон умайн хүзүүний хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэдэг. Хавдрын эмчилгээнд мэс засал, хими болон туяа гэсэн гурван гол эмчилгээ бий. Үүнээс туяа эмчилгээ нь зайн буюу гадна шарлага, дотуур туяа эмчилгээ гэсэн хоёр төрөлтэй. Умайн хавдартай өвчтөнүүд зайн шарлагынхаа дараа дотуур туяа эмчилгээнд орох ёстой байдаг. Гэвч дотуур туяа эмчилгээний аппаратын цацраг идэвхт үүсгүүртэй холбоотой программын алдаа заасан. Иймд бид эмчилгээг зогсоосон. Манай улсад ганцхан байдаг учраас, өвчтөнүүдийн эмчилгээ 8-р сарын 14-оос эхлээд зогсоод байна.
-Аппарат юуны учир эвдэрсэн бэ?
-Манай дотуур туяа эмчилгээний аппарат нь 2010 онд хавдар судлалын үндэсний төвд ирсэн. Арван жил орчим болж байна. Олон жил хэрэглэсэн учраас үүсгэврийн идэвхжил маш бага болсон. Ойлгомжтойгоор тайлбарлавал дунджаар 10 минут орчим шарлага хийдэг байсан аппарат үүсгүүрийн идэвхжил буурснаас болж шарлага хийх хугацаа нь 40-50 минут болж уртассан. Бид уг аппаратын үүсгүүр доторх дамжуулах эд ангид эвдрэл гарсан болов уу гэж магадалж байгаа.
-Хэр олон өвчтөний эмчилгээ тасалдаад байна вэ?
-Жилд дунджаар умай болон умайн хүзүүний хавдартай 220 орчим хүн уг аппаратаар эмчилгээ хийлгэдэг. Нэг өвчтөн дунджаар долоо хоногт 1-2 удаа дотор туяаны аппаратаар эмчилгээ хийлгэдэг. Өдөрт 5-6 өвчтөн эмчилгээ хийлгэнэ. Нэг өвчтөн нь сард дөрвөн удаа эмчилгээ хийлгэх ба сардаа давхардаагүй тоогоор дунджаар 17-18 хүн эмчилгээ хийлгэдэг. Одоогийн байдлаар 10 гаруй хүн зайн шарлагын эмчилгээгээ дуусгаж, дотуур туяа эмчилгээгээ хүлээж байна.
-Монголд өөр дотуур туяа эмчилгээний хийх боломжтой эмнэлэг байхгүй юу?
-Манай улсад туяа эмчилгээний тусламж үйлчилгээг зөвхөн хавдар судлалын үндэсний төвд үзүүлдэг.
-ЗАСГИЙН ГАЗРААС 2016 ОНД ДОТУУР ТУЯА ЭМЧИЛГЭЭНИЙ АППАРАТ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛД 50 МЯНГАН ЕВРОГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БАЙСАН Ч ЗОГССОН-
-Холбогдох байгууллагад нь хандаж, засвар үйлчилгээ хийлгэх саналаа хүргүүлсэн үү?
-Бид 2015 онд дотуур туяа эмчилгээний хоёр хэмжээст технологиос гурван хэмжээст рүү шилжүүлэх төсөл бичин олон улсын атомын энергийн агентлагт хүсэлт гарсан. Улмаар бидний хүсэлтийг хүлээн авч 220 мянган еврогийн санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж, техник тоног төхөөрөмж олгохоор болсон. Ингээд 2018 оны 11-р сараас гурван хэмжээст дотуур туяа эмчилгээний шинэ технологи нэвтэрсэн.

Мөн төслийн нэг гол зорилт нь хуучирсан үүсгүүрийг солих байсан. Уг төслийн 220 мянган еврогийн 50 мянган евро нь Монголын засгийн газрын хувь нэмэр хэмээн тусгагдан байсан. Гэвч манай улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн 2016 оноос уг 50 мянган еврогийн хувь нэмрийн гүйлгээ хийгдээгүй. Иймд бид олон улсын атомын энергийн агентлагт энд тулгарч буй бүх асуудлаа тайлбарласан. Харин энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж манай төслийг хариуцсан эрхэм ойлгож нааштай хүлээн авч, олон улсын атомын энергийн агентлагийн донор орнуудын хөрөнгө оруулалтаас 50 мянга евро татаж, шинэ үүсгүүр авах бүрэн боломжтой болсон. Өнөөдөр өглөө /2019.08.22/ шинэ үүсгүүр Кобальт-60 маань гааль дээр бууж, бид хүлээн авсан байгаа.
-10 сар хүртэл өвчтөнүүд эмчилгээ хийлгэх боломжгүй гэж байгаа. Шинэ үүсгүүр ирчхээд байхад яагаад ингэж удах болсон бэ?
-Ирэх сарын дундуур шинэ үүсгэврийг байрлуулж солих мэргэжилтэн Герман улсаас буюу үйлдвэрээс нь ирж хийнэ. Үүний дараа олон улсын атомын энергийн агентлагаас өндөр хэмжээний эксперт /мэргэжилтэн/ ирж, тохиргоо хэмжилт зэргийг хийж шалгаж хүлээн авснаар эмчилгээ хийх бүрэн боломжтой болж байгаа. Бидний төлөвлөснөөр энэ хугацаа нь 9-р сарын 30 хавьцаа болж байгаа юм. Иймд 10-р сарын 1 хүртэл дотуур туяа эмчилгээ сар гаруй хугацаанд зайлшгүй зогсохоос өөр аргагүйд хүрээд байна.

-АППАРАТУУДАА ЭВДРЭХИЙГ НЬ ХҮЛЭЭХ БУС ЭВДРЭЭГҮЙ ҮЕД БАЙНГЫН АРЧИЛЖ ТОРДОХ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨСӨД БИДЭНД НЭН ШААРДЛАГАТАЙ БАЙГАА-
-Үүсгүүр солих засвар үйлчилгээний тал дээр төрөөс ямар нэгэн дэмжлэг санхүүжилт гарч байгаа юу?
-Дотуур туяа эмчилгээний аппаратын засвар үйлчилгээ, солих бүх зардал Монгол талд ямар ч эдийн засгийн дарамт учруулахгүй байхаар олон улсын атомын энергийн агентлагаас гарч, шийдвэрлэж өгсөн.
-Шинэ аппарат авч, хүчин чадлаа нэмнэ гэж тооцвол хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй бол. Та бүхэн холбогдох албан тушаалтан, төр засгийнханд хандаж үзсэн үү?
-Шинэ аппаратын үнэ 350-400 мянган ам.долларын ханштай байгаа. Ер нь бол 10-р сарын 1-ээс шинэ үүсгүүр ажиллагаанд орж, гурван хэмжээст дотуур туяа эмчилгээ бүрэн хэрэгжиж эхэлнэ. Гурван хэмжээст эмчилгээг хийхэд нэг өвчтөнд 3-4 цаг зарцуулдаг маш нарийн технологи. Иймд бид бүх хүмүүст гурван хэмжээст технологиор эмчилгээ хийхэд цагийн хувьд их. Иймд бид олон улсын атомын энергийн агентлагт хандсантай адил Монгол улсынхаа засгийн газарт хандсан дотуур туяа эмчилгээний хоёр дахь аппаратыг авахаар шинэ төсөл бичиж, бэлтгэж байна.
Хэрэв бид дэмжлэг авч чадвал эмчлүүлэх хүмүүсийн тоо ахиж, эмчилгээний чанар ихэснэ. Түүнчлэн ганцхан биш хоёр аппараттай болж байгаа учраас нэг нь эвдэрсэн ч, өвчтөнүүдийн эмчилгээ тасрахгүй болно. Төр засаг маань байнгын засвар үйлчилгээний зардлыг төсөвт тусгаж өгөөч ээ гэж хүсмээр байна. Ямар ч сайн аппарат авсан байнгын тордлогоо засвар үйлчилгээ хийхгүй бол тогтвортой ажиллах ямар ч боломжгүй. Хэрэв бидэнд засвар үйлчилгээний хөрөнгө мөнгө байсан бол иймэрхүү улсдаа ганцхан аппарат, тоног төхөөрөмжөө эвдэртэл нь эдлэхгүй. Цаг тухайд нь засаж янзлан одоогийнх шиг нөхцөл байдал үүсгэхгүй байна шүү дээ.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.