УЛС ТӨР

СУРВАЛЖИЛГА: Засгийн газраас үнэ хямдруулж, үйлдвэрийг гурван сар зогсоосноос түлш тасалджээ

Иргэдийг хямд түлшээр хангаж, утаа бууруулж байгаа гэх Тавантолгой түлш компанийн сайн нэрний ард юу өрнөж байсан нь нийгэмд ил болоод байна. Тавантолгой түлш компанийн үйлдвэрийн ажил хэвийн үргэлжилж байна, аравдугаар сарын 01 гэхэд 600 цэгээр түлш тараана хэмээн Тавантолгой түлш болон НЗДТГ-ын зүгээс өнгөрсөн сараас хойш мэдээ цацаж, попорцгоов.

-30 ЖИЛИЙН ӨМНӨХ КАРТЫН БАРААНЫ ҮЕДЭЭ ЭРГЭН ОЧСОН ӨРӨВДӨЛТЭЙ МОНГОЛЧУУД ТҮЛШИНДЭЭ ДУГААРЛАЖ БАЙНА-

Гэтэл бодит байдал дээр  цэг байгуулах байтугай өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 25 тонноор бага түлшний нөөцтэй, иргэд нь хот даяар 200 гаруйхан цэгг өдөр шөнөгүй оочирлож, гал алдчихгүйхэн шиг амь зогоож байна. Олон цаг дараалалд зогссон иргэдэд түлш нь хүрэлцэхгүй дуусч, яах учраа олохгүй дэмий л хоорондоо хэрэлдэж, хэлцэлдэж байна.

Өнгөрсөн жилийн хэрэглэж байгаад үлдээсэн тав, гурван шуудай түлшээ дуусгасан иргэд өдрийн од мэт ховор нүүрсний цэгүүдэд уртаас урт дараалал үүсгээд байна. Хэдхэн хоногийн өмнө шатахуунд дугаарлаж, нэгдүгээр эгнээг автомашины зогсоол болгож байсан бол өнөөдөр түлш авахаар нэгдүгээр эгнээг эзэлжээ.

Гэртээ түлэх түлшгүй, нялх хойтон хүүхэдтэй, даарч хөрсөн гэх олон янзын зовлон ярьсан иргэд бөөн тэмцэл дунд зургаан шуудай түлш олж аваад баярлаж байгааг харах өрөвдөлтэй. Картын барааны үеэс гараад 30 жил болж буй монголууд эргээд картын үедээ очиж буй дүр зургийг ийн харах үнэхээр эмгэнэл билээ.

Харин түлшинд өдөржин дугаарлаж зогсоод яг авахын алдад түлш нь дуусаж, хоосон хоцорсон иргэд уур бухимдлаа нэгэндээ гаргаж, түлшний цэгийн ажилчдад омогдож байх нь бас л нэг эмгэнэл. Өнөөдрийн энэ байдалд хүрч, монголчууд нэг нэгнийгээ хэмлэж байгаа эл дүр зураг болвоос бидний дээр ямар хүмүүс, ямар чадвар, чансаатай төр байгааг л харуулаад буй хэрэг юм.

Ийнхүү түлшний нөөц иргэдэд хүрэлцэхгүй Тавантолгой түлшийн удирдлагууд бажгадаж байх зуур тус компанийн ажилчид зэрэгцэн жагсаал цуглаан зохион байгуулсан нь энэ компани дотор юу өрнөөд байгаа, яагаад түлшний нөөц  ийм хэмжээнд очсоныг, дээд түвшний тохироо нь компанийн ажилчдыг яаж хохироосон, энэ нь эргээд иргэдэд ямар их чирэгдэл учруулж байгааг ил болох нь тэр. Тавантолгой түлшийн ажилчид яг ямар асуудлаар жагсав.

Х.БУЯНЖАРГАЛ: ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ АЖИЛЧИДТАЙГАА НУУЦЫН ГЭРЭЭ БАЙГУУЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙНА

Энэ асуудлаар тэдний эрх ашгийг хамгаалж буй Монголын Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Буянжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Тавантолгой түлш” компанийн ажилчид есдүгээр сарын 30-нд сануулах ажил хаялт зарласан. Надад хандсан зүйл байхгүй. Үйлдвэрчний хороондоо ч хандаагүй юм билээ. Ажилчид өөрсдийн санаачилгаар ажил хаясан. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл 30 гаруй хүмүүс надтай уулзсан.

Нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэлийн өр өнгөрсөн жилийн 12 сараас хойш төлөгдөөгүй. Тиймээс зээл ч авч чадахгүй байдалд хүрсэн байна. Яагаад өртэй болсон юм бэ. Энэ компанийн түлшийг Засгийн газраас шийдвэр гаргаж, хямд борлуулаад, түүний мөнгийг Эрдэнэс тавантолгой ХХК олгож байгаа. Тэгэхээр яагаад ийм өртэй болсон бэ. Юунаас болж хуримтлагдсан өр вэ.

Хоёрдугаарт ажилчдыг 2021 оны тав, зургаа, долдугаар сард сул зогсоосон. Үүнийхээ мөнгийг хуулиар 60 хувиар олгох ёстой. Олгоогүй. Нэг ажилтан сул зогсолтын мөнгө гэж 1.8 саяын хохирол учруулсан. Үүнийг нөхөн төлүүлэх ёстой.

2021 оны нэгдүгээр сард 22 настай эрэгтэй холигч машин цэвэрлэж байгаад үйлдвэрлэлийн ослын улмаас амиа алдсан. Энэ хэргээс хойш ч гэсэн үйлдвэрлэлийн осол гарсаар л байна. Энэ тухайд ажилчид нь сэтгэлээ эмзэглүүлэн ярьж байна. Өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангуулахын төлөө дуугарах нь зөв шүү дээ. “Тавантолгой түлш” компани Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн.

Дээрээс нь тус компани ажилтнуудтайгаа байгууллагын нууц хадгалах гэрээ байгуулсан. Эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж байна. Үгээ хэлэх боломжгүй болгож байна. Байгууллагын бүх үйл явц нууц гэж гэрээлсэн. Хоорондоо ярилцах эрхгүй. Үл итгэлцэж байна. Компанид байдаг хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Тэнд ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын 50 хувь нь мэргэжлийн бус хүмүүс байна. Тиймээс салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо дэмжиж байгаа. Засаад залруулаад байвал бид хамтарч ажиллана. Би энэ компани дээр дөрвөн удаа очиж ажилласан. Гэтэл энэ ажилчид тэсэрч байхыг харвал засрахгүй байгаа юм шиг байна” хэмээв.

-ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ТҮЛШЭЭ ЗАРСАН НЬ “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙГ ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЖЭЭ-

Тавантолгой түлш ХХК-ийн эсэргүүцэл үзүүлсэн 30 гаруй ажилчдыг  ийнхүү компанийнхаа эсрэг бослого гаргасан хэмээн ажлыг нь хийлгэхгүй, ажлаас хална гэж сүрдүүлсэн талаар бидэнд мэдээлж байв. Улмаар өчигдөр өглөө тэд Монголын Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Буянжаргалтай хамтран хэвлэлийн хурал хийж, Захирал М.Ганбаатараа огцруулах шаардлага хүргүүлэх зар тараагаад байснаа өглөө нь цуцлав. Бид жагсаалд оролцсон зарим хүмүүстэй холбогдож тодруулахад “Бид учраа олсон. Өнөөдрөөс бүх хүн ажилдаа орсон. Ажлаа хэвийн хийж байна. Дахиж хэвлэлд яриа өгөх шаардлагагүй болсон” гэх нь тэр.

Дүгнэвэл тэмцэл нь үр дүнд хүрээгүй, эцэстээ ажлаас халагдахдаа тулсан тэднийг дахиж хэвлэлийн хурал хийхгүй, тэмцлээ зогсоовол ажилтай нь үлдээнэ гэдэг тохироо хийсэн бололтой. Ямартаа ч тэд эргээд ажилдаа орлоо. Гэхдээ нийгмийн даатгалын өрөө төлүүлж, сул зогсолтын цалин хөлсөө авахаар тохиролцсон эсэх эргэлзээтэй байна.

Тавантолгой түлш ХХК-ийн зүгээс өчигдөр өглөө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт нүүрсний нөөц яагаад тасалдсан, ажилчид яагаад жагсаал зохион байгуулах болсон, цаашид хэрхэн ажиллах талаараа тайлангаа тавьж мэдээлэл өгсөн. Харин энэ үеэр тус компанийн дэд захирал Г.Ундармаа сайжруулсан түлшийг өнгөрсөн жил 75 хувийн хөнгөлөлттэй, энэ жил 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргаснаас үүдэлтэй санхүүгийн бага зэргийн бэрхшээлд орсон.  Улмаар борлуулалтын орлогоороо дотоод санхүүгийн асуудлаа шийдэж, цалин пүнлүүгээ тавьдаг учраас санхүүгийн асуудалд орсон хэмээн зовлонгоо учирласан гэнэ. Өөрөөр хэлбэл УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эрх баригчдын иргэдэд хүртээсэн хайр халамж, нүүрсний үнэ хөнгөлсөн бэлэг нь эргээд энэ компаниа хүнд байдалд оруулж эхэлсэн нь энэ бололтой.

Б.ЖИГЖИД: ЭРЭЛТ ИХЭСЧ, АЖИЛЛАХ ХҮЧЭЭ НЭМСЭН НЬ ЗАРДЛЫГ ӨСГӨСӨН

Харин Тавантолгой түлш ХХК-ийн Үйлдвэр хариуцсан захирал Э.Жигжид дээрх асуудлаар огт өөр байр суурь илэрхийлж, компани ямар ч санхүүгийн асуудалгүй ажиллаж, ажилчдынхаа цалин хөлсийг өг, нийгмийн даатгалыг төлж байгаа хэмээв. Тэрбээр “Манай компанийн ажил хэвийн үргэлжилж байна. Компанийн нийт ажилчид биш 30-аад хүний гаргасан эсэргүүцэл байсан. Тэд ажлаасаа гарна гээд шийдчихсэн, ёс зүйн зөрчил гаргасан хүмүүс юм билээ. Манай компани зуны 5-7 сард жил бүр ажилчдаа амраадаг. Тэр журмаараа энэ жил амарсан. Цалин хөлс өгөхгүй байгаа асуудал байхгүй. Нийгмийн даатгалын хувьд ч тэр төлөөд явж байна. Цаанаа НДЕГ дээр төлөгдөөгүй гэж харагдаад байгаа юм билээ.

Нүүрсний үнэ өнгөрсөн жил 75 хувь, энэ жил 50 хувь хөнгөлсний зөрүүг Эрдэнэс тавантолгой компаниас манайд шилжүүлж, хөрөнгө оруулалтаа асуудалгүй хийж байгаа. Харин энэ хөнгөлөлтийг дагаад түлшний эрэлт ихэссэн учраас түүнийгээ дагаад нийлүүлэлтээ нэмэх шаардлагатай болсон. Улмаар ажиллах хүчээ нэмж ажиллахаас өөр аргагүй болсон. Ажиллах хүч нэмэгдсэн учраас бага зэрэг санхүүгийн бэрхшээлтэй байгаа мэт харагдаж байгаа ч ажилчдынхаа цалин хөлсийг тасалдуулсан зүйлгүй балансаа бариад хэвийн ажиллаж байна” гэлээ.

-БАРУУН БҮСИЙН ҮЙЛДВЭРИЙГ НҮҮЛГЭХ ГЭЖ ҮЙЛДВЭРИЙН ПРОЦЕССЫГ 4-8 САР ХҮРТЭЛ ЗОГСООЖЭЭ-

Түүнчлэн өчигдөр өглөө Таван толгой түлш компанийн удирдлагууд Нийслэлийн Засаг даргад нөөцийн асуудлаар танилцуулга хийх үед өнгөрсөн оны мөн үеэс 25 мянган тонноор бага түлшний нөөцтэй байгаагаа хэлсэн. Гэтэл ингэж нөөц тасалдсан нь түлшний үйлдвэрийг нүүлгэнэ хэмээж, зунжингаа амарсны гай байснаас үүдэлтэй байжээ.

Энэ талаар Нийслэлиийн Засаг дарга Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Д.Сугараас тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрсөн хоёрдугаар сард баруун бүсийн түлшний үйлдвэрийг зүүн бүс рүү нийлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ тогтоолтой холбоотой баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг 4-8 сар хүртэл зогсоосон юм билээ. Ингээд наймдугаар сараас өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангуулах, нөөцөө бүрдүүлэх асуудлаар нийслэлээс албан бичгээр шаардлага хүргүүлж байсан. Энэ хугацаанд баруун бүсийн үйлдвэрийг зогсоосон нь алдаа болсныг Нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар нүүрсний 281 цэг байна. Энэ хангалтгүй байгаа учраас 450 болгоно гэсэн мэдээллийг Тавантолгой түлш компаниас өгч байна.

Нийслэлийн хувьд сайжруулсан түлшний үйлдвэрлэл болон цэг байгуулах асуудлыг хариуцдаггүй. Цэгүүдэд сайжруулсан түлш хүргэх ажлыг хариуцаж ажилладаг. Гэхдээ нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдралтай холбоотой асуудал учраас хотын дарга асуудлыг Ерөнхий сайдад мэдэгдэхээ илэрхийлсэн. Хариуцаагүй ажил хэдий ч нийслэлийнхээ иргэдийн асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй” хэмээв.

-С.АМАРСАЙХАН, Н.ТАВИНБЭХИЙН САНААЧИЛГА, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР БОДЛОГЫН ТОМ АЛДАА БАЙСНЫГ ХОТЫН ДАРГА ОНЦЛОВ-

Таван толгой түлш компанийн баруун бүсийн түлшний үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэх шийдвэрийг ямар эрхмүүд гаргав. Яагаад түүнийгээ цаг хугацаанд нь хэрэгжүүлсэнгүй вэ. Тэдний ам, ажил зөрдгийн хар гайгаар өнөөдөр нийслэлийн иргэд ийн түлээний эрэлд хатаж явна.

Сануулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт очиж ажиллах үеэрээ орчны агаар бохирдуулж байгаа учраас Төв аймгийн Сэргэлэн суманд барьж буй баруун бүсийн үйлдвэр рүү яаралтай нүүлгэх гэх чиглэл өгсөн. Ингээд түүнээс гурав хоногийн дараа Засгийн газраас зүүн бүсийн үйлдвэрийг баруун бүс рүү нүүлгэх шийдвэр гарсан байдаг. Гэтэл түүнээс хойш найман сарын хугацаа өнгөрсөн байхад баруун бүсийн үйлдвэрийнх нь ажил ч ахиагүй, зүүн бүсийн үйлдвэр нь нүүгээ ч үгүй. Нүүх нэрийдлээр өвлийн нөөц бэлтгэх ажлаа хөсөр хаяснаас болж өнөөдрийн нүүрсний хомдол үүсээд буй юм. Нүүгээгүй шалтгаан нь мөн л санхүүгийн асуудлаас болсон гэх.

Тэгвэл эл шийдвэрийн талаар хотын дарга өчигдөр уулзалтын үеэр ихэд бухимдаж харагдана билээ. Тэрбээр “Засгийн газрын гаргасан үйлдвэр нүүлгэх эл шийдвэр бодлогын том алдаа байсан шүү. Энэ бүтэлгүй зүйл сэдсэн хүмүүс хариуцлага хүлээ. Улаанбаатар хотын гэр хорооллын дулаан хангамжийг ингэж тасалдуулдаг нь санаатай юм уу, санамсаргүй юм уу” хэмээн уурлав.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТОХУУРХАЛ ХЭРЭЭС ХЭТРЭВ-

Ингээд эцэстээ өчигдөр орой ажил тарахын алдад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийв. Тэр түлшний асуудлыг яаралтай шийдэж, иргэдэд чирэгдэл учруулсандаа уучлал гуйх ёстой байтал хэвлэлийнхнийг дуудаж ирүүлээд бараг л доромжлов.

Түүний хэлснээр иргэд нүүрсний үнэ нэмэгдэж магадгүй гэж бодоод өөр дэл сул картаар нүүрс авч нөөцөлж, уртаас урт дараалал үүсгэж байгаа болж таарав.

Түүнчлэн нүүрсний үнэ хямдарчихсан учраас эрэлт нь ихэсчихлээ. Хямдраагүй байсан бол өнөөдрийнх шиг дараалал үүсэхгүй байх байлаа хэмээв. Өөрөөр хэлбэл иргэд нь түүхий нүүрснээс нэг мөр татгалзаж, шахмал түлшийг нь бүх нийтээр хэрэглэх болсон нь Эрчим хүчний сайдын хувьд баярлах зүйл биш, харин ачаалал нэмэгдүүлж, гай болж байгаа бололтой.

Түүний албан байдлаар хийсэн маш чухал мэдэгдлээс ийм л үнэр ханхлав. Ямартаа ч Тавантолгой түлш ХХК-ийн хэвлэлийн ажилтан Г.Даваабаатарын хэлснээр Тавантолгой түлш компани 600 борлуулалтын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаагаас өчигдрийн байдлаар 281 байгаа, энэ тоогоо энэ долоо хоногт 450 -д хүргэнэ гэдгийг дуулгалаа. Ингэснээр эрэлт хэрэгцээ буурах тооцоотой байгаа гэнэ. Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хүлээж л байхаас.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 5, 2021 09:32

МАН баярладаа

б
б
10 сар 5, 2021 09:38

Иргэд их нүүрс хэрэглээд байна нөөцлөөд байна гээд буруутгаж байдаг. Үйлдвэр нүүлгэнэ гэж зунжин хачин юм болгож хаячихаад одоо ийм юм яриад сууж байхааасаа ичицгээгээч

Зочин
Зочин
10 сар 5, 2021 10:58

Үйлдвэр нүүлгэнэ гээд түлш тас�##�дсан байна шдээ ара2 нээрээ. Иргэд рүүгээ буруугаа чихэж мэхээд дэндүү юу

Зочин
Зочин
10 сар 6, 2021 01:09

Ээ хөөрхий дөө одоо тэгээд яах вэ? Дампуу дарга сайд нараа

Холбоотой мэдээ

Back to top button