НийгмийнУЛС ТӨР

ХУУЛИЙН ТӨСӨЛ: 3-5 настныг цэцэрлэгт хамруулж, хоёр настнуудын эрхийг “хөсөр хаяжээ”

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Намрын ээлжит чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэнэ. Тэдгээрийн нэг бол “Боловсролын ерөнхий хууль” юм. Уг хуулийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо санаачилж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.

Эл хууль нь найман бүлэг, 51 зүйлтэй. Харин дагалдах хуулийн төсөлд нэгэн чухал зүйл, заалт оржээ. Танилцуулбал,  

4.2-т “Сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхэд хамрагдана” хэмээн бичжээ. Энэ хууль хэрэв батлагдвал хоёр настай хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүйд хүрэх аж. Тоо баримт сөхвөл, жилд дунджаар 48 мянган хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ тооны эцэг эхчүүд хүүхдээ хараад ахин нэг жил гэртээ суух нь.

Сургуульд орохын өмнөх нас буюу таван настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах гэсэн учир энэхүү зүйл, заалтыг хуулийн төсөлд тусгасан бололтой. Энэ нь дагалдах хуулийн төслийн 4.4-т “Сургуулийн өмнөх боловсролыг 5 настай хүүхдэд заавал эзэмшүүлэх бөгөөд 200-аас доошгүй цагийн сургалтад хамруулсан байна” хэмээх зүйл, заалтаас харагдаж буй юм.

Энэ жилийн тухайд ч хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулаагүй. Гурван жил гэртээ хүүхдээ хараад суувал эмэгтэй хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлтүүд гардгийг, мөн гурван жил гэрээр хүмүүжих нь хүүхдэд ямар, ямар сөрөг нөлөөтэйг бид сэтгэл судлаач Б.Баярцэнгэлээс тодруулж байсан.

Тэрбээр “Залуу гэр бүлийг, эхчүүдийг дэмжиж, хөдөлмөрлөх нөхцөл бололцоогоор нь хангаж өгөх ёстой байтал нийгмийн ачааллыг гэр бүлд өөрт нь өгч байгааг гайхаж байна.

Залуу хосуудын нэг нь ажилгүй гэртээ сууж, түүний хэрээр өрхийн орлого буурснаас болж, маш их бухимддаг. Эцэг, эхийн бухимдалтай харилцаа, амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа байдлаас болоод хүүхэд айдас түгшүүртэй хүмүүжнэ. Мөн стресс нэмэгдэхээр хүчирхийлэл гарна. Гэр бүл салалтын тоо нэмэгдэнэ. Жилдээ 4000 гаруй гэр бүл гэрлэлтээ батлуулаад өдөрт 10 гэр бүл салж байна. Гэтэл энэ гэр бүлийн цаана 0-3 насны 1-3 хүүхэд байгаа. Тэгэхээр энэ мэт шийдвэр гаргахдаа нийгмийн ачааллуудыг гэр бүлд тохож, үүрүүлж болохгүй” хэмээж байсан юм.

Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байхын сөрөг нөлөөг хуулийн төслийг боловсруулсан хүмүүс анзаарсан бололтой. “Боловсролын ерөнхий хууль”-ийн дагалдах хуулийн төсөлд цэцэрлэгийн хүчин чадлаас хамаараад хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно гэсэн зүйл, заалтыг мөн хавсаргажээ. Энэ нь дагалдах хуулийн төслийн 4.3-т байна. Дэлгэрүүлбэл, “Цэцэрлэгийн хүчин чадал, бүлэг дүүргэлтийг харгалзан 2 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно” хэмээжээ.

Зураг

Гэвч энэ зүйл, заалт мөнгөтэй аав, ээжид л хамаатай бололтой. Учир нь энэ хуулийн төсөл батлагдвал эцэг эхчүүд сугалаа сугалахгүйгээр улсын цэцэрлэгүүдэд 3-5 насны хүүхдээ бүрэн хамруулчихна. Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэг дүүрчихнэ. Тэгэхээр хоёр настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд мөнгө төлж, хүүхдээ хувийн цэцэрлэгт сургах л сонголт санал болгож буй аж.

Уг хуулийн төсөлтэй энд дарж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2021 16:52

2 настай хүүхдийн боловсрол ч гэж юу ш�##�ихав. Харин эцэг эх нь ажил хийх зовлонтой болох юм даа.

Зочин
Зочин
10 сар 7, 2021 16:53

Цэцэрлэгийн хүрэлцээг гүэ мөн амархан шийдчихэж байгаам шүү

Багш
Багш
10 сар 8, 2021 20:34

Сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд төрөхөөсөө л эхлэн эзэмшинэ. 3-5 нас гэдэг бол зүгээр л захиргаад�##�тын нэг хэлбэр.

Холбоотой мэдээ

Back to top button