СУРВАЛЖИЛГА: Дорнод аймгийн Баян-Уул сумын ДРОНТОЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД
Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль хамгаалагчид эргүүлийн ажлаа нисдэг камераар /дрон/ хийх болжээ. Ингэснээр тэд байгаль хамгаалагчийн ажлыг зөвхөн өөрсдийн хөл хүрч явж болох газартаа бус бүхий л орчинд хийх боломж нь нээгдэж, ажлын үр дүн нь ахисан байлаа. Иймд бид Дорнод аймгийн Баян-Уул сумын байгаль орчин улсын байцаагч Ж.Лхагвадоржтой энэ талаар хуучиллаа.
-НИСДЭГ КАМЕРААР ЭРГҮҮЛ ХИЙХ САНААГ БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЗОРИЛГОТОЙГООР САНААЧИЛСАН-

-Сайн байна уу? Танайх сумын байгаль хамгаалагчид дроноор эргүүлж хийж байгаа нь их авууштай санагдлаа. Хэзээнээс энэ ажлыг хийж эхлүүлсэн бэ?
-2019 оны гуравдугаар сараас эхлэн байгаль орчны гэмт хэрэгтэй тэнцэх, урьдчилан сэргийлэх ажилд дроныг ашиглаж эхэлсэн. Ингэхдээ МХЕГ-ын даргын албан даалгавраар ан амьтан агнах идэвхтэй үе, мод хууль бусаар огтолж, тээвэрлэх зэрэгт хяналт шалгах тавих үүднээс үүрэгт ажлынхаа тоонд тусган ажиллаж байна.
-Байгаль орчны ажилд дрон ашиглах санааг анхлан яаж гаргасан бэ?
-Байгаль хамгаалагчид бид сумын иргэдийн төлөөлөгчдөд санал болгон, дэмжигдэж уг ажлыг эхлүүлэх болсон. Бид байгаль орчны гэмт хэргийг гарсных нь дараа илрүүлэх бус, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахаар уг нисдэг камерын эргүүлийн ажлыг санаачилсан.

-Төсөв мөнгөө хэрхэн зохицуулж, дроноо авсан бэ. Одоогийн байдлаар ямар ямар техник хэрэгсэлтэй байна бэ?
-Одоогийн байдлаар ганцхан бий. Төсөв мөнгөний хувьд 2018 оны сумын төсвөөс гаргасан. Дрон маань захиалж авчруулсан учир 2019 оны нэгдүгээр сард бидэнд ирсэн. Үнийн дүнгийн хувьд ойролцоогоор дөрвөн сая гаруй төгрөг гэж таамаглаж байна. Санхүү хариуцсан ажилтан маань байхгүй байгаа учраас баттай санхүү төсвийн үнийг хэлэхгүй боломжгүй.
-ДРОН АШИГЛАЖ ЭХЭЛСНЭЭР ЦАГ ХУГАЦАА, ТӨСӨВ МӨНГӨНД ХЭМНЭЛТ, АЖЛЫН ҮР ДҮНД АХИЦ ГАРСАН-
-Дрон ажиллуулах тусгай ажилтан гаргасан уу. Өөрсдөө болгоод л явж байна уу?
-Байгаль орчин улсын байцаагч Ж.Лхагвадорж миний бие, гурван ой хамгаалагчийн хамтаар уг ажлыг хийдэг. Харин дрон ажиллуулах тал дээр, газрын байцаагч болон манай сумын мэдээллийн ажилтан бид гурав ээлжлэн ажиллуулж байгаа. Ямар нэгэн тусдаа орон тоо байхгүй.

-Та бүхний цаг завыг мөн ч их хэмнэж байна уу?
-Тэгэлгүй яахав.Ер нь хүн хүчний хүрэлцээ муутай байдаг. Ойгоос нэгэн зэрэг арван машинтай хүн арван чиглэл рүү гарахад бид дөрөв хаана ч хүрэхгүй барьж чадах хүмүүсээ барин, холбогдох шатныханд хүлээлгэдэг. Дрон ажиллаж эхэлснээр бид өөрсдөө газар бүрт явж хийдэг байсан хайгуулын ажлыг хөнгөвчилж, бензин тос, цаг завыг үнэхээр хэмнэж чадаж байна. Гэхдээ л ажилчдын тоо бага учир бүх хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжгүй хэвээр байгаа.
-Дроноор шалгалт хийлгэх ажлыг, өдөрт хэдэн цаг хийж байна вэ? Өдөр бүр шалгалт хийж чадаж байна уу?
-Ой мод маань сумын төвөөс нэг талдаа 50 км учир учир бид санхүү төсвөөс шалтгаалан, долоо хоногт хоёр удаа шалгалтаар явдаг. Ингэхдээ бүхэл өдрийн турш дроноо нисгэж эргүүлийн ажлаа гүйцэтгэж байна. Гэхдээ дрон чинь техник л хойно эвдэрч гэмтэж магадгүй гэсэн үүднээс бид бага завсарлагаатай ажлаа хийдэг. Харин бусад үед машин техник, морь гэх мэт уламжлалт аргаараа хяналт шалгалтын ажлаа хийж үргэлжлүүлж байгаа шүү.
-БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРЭГ 40-50-ААР БУУРСАН-

-Ажиллуулж эхэлснээс хойш ямар ямар хэргүүд илрүүлсэн бэ?
-Ихэвчлэн ой модны холбогдолтой хэргүүдийг илрүүлээд байгаа. Тухайлбал, зөвшөөрөлгүй хүмүүс мод огтлох, эсвэл зөвшөөрөгдөөгүй газраас мод авах, ачих гэх мэт. Түүнчлэн дрон нисгэж эхэлснээс хойш ард иргэдэд энэ талын мэдээлэл очиж, хууль бусаар ан агнуур хийх, мод тээвэрлэх зэрэг нь багассан. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш үр дүнтэй авч байгаа гэж бодож байгаа.
-Хууль бус ан агнуур болон ховор амьтдыг дроноор харж бүртгэж байгаа байх тийм үү?
-Хууль бус ан агнуурын илрүүлэлт бий. Ер нь манай суманд ихэвчлэн хүмүүс цагаан зээр, бор гөрөөс, буга, тарвага ихэвчлэн агнадаг. Буга ангах тохиолдол эрс багассан, таслан зогсоосон гэж хэлсэн ч болно. Учир нь өмнөх жилүүдэд бугын эвэр авч, хилээр гаргадаг байсныг таслан зогсоосноос үүдэн хууль бус ан хийхээ болиод буй. Мөн цагаан зээр манай сумын урд зэлүүд хэсгээр их байдаг учраас анчид шөнийн цагаар гэрэл тусган хөөж агнах болсон. Иймд бид үүнтэй тэнцэх арга хэмжээ авч байгаа.

-Ажлын үр дүн хэр ахицтай байна гэж дүгнэж болохоор байна бэ?
-Одоогийн байдлаар дүгнэвэл 40-50 хувь буурсан гэхэд болно. Гэхдээ дүгнэлт гаргах хугацаа болоогүй байна. Бид 2019 оны 12-р сард эцсийн дүгнэлт судалгааг гаргах бөгөөд ингэхдээ өмнөх гурван жилийн харьцуулсан тоон үзүүлэлт хийнэ.

-Өөрөөр уг дроныг танай сум хэрхэн ашиглаж байна вэ?
-Газрын кадастрт давхар ашигладаг. Газрын хэмжилт, зураг гаргах гэх мэт ажилд ашиглаж байна. Ингэснээр бидэнд ямар нэг маргаан ч үүсэхгүй илүү дэвшилт байгаа шүү дээ.
-Танай сумаас үлгэр авч, туршлага судлахаар бусад орон нутаг, сумынхан ирж байна уу?
-Одоогоор ирсэн хүмүүс байхгүй л байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.