УРЛАГ

Урлагийн хөгжлийг дэмжигч бүхнийг Б.Дөлгөөний “Soul” үзэсгэлэнд урьж байна

Уран бүтээлч Б.Дөлгөөн ирэх нэгдүгээр сард олон улсын томоохон хөтөлбөрт Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцохоор бэлтгэж байна. Барууны гэлтгүй дэлхийн бусад орнуудад уран бүтээлчид өөрсдийн тогтсон спонсортой байдаг ба үүгээрээ замын зардал гэж санаа зоволтгүй, зөвхөн уран бүтээлийн ажилдаа төвлөрдөг онцлогтой.

Гэвч манайд тийм уран бүтээлч ховор. Тэд олон улсын хөтөлбөрт оролцох зардлаа халааснаасаа шууд төлөх бүү хэл, бие даасан үзэсгэлэнгээ гаргах галлерейн түрээстээ ч олон талын туслалцаа, дэмжлэг авдаг. Б.Дөлгөөн улсаа төлөөлөөд Парис руу, нэр хүндтэй хөтөлбөр лүү явж байгаа ч түүнийг Монгол Улс биш, Франц улсын Элчин сайдын яамнаас илүү сэтгэл дэвсэн тусалж байгаа нь анхаарал татна.

Тайлбар: Б.Дөлгөөний "Synchronicity” үзэсгэлэнгийн үеэрх зураг.

“Надаас илүү санаа зовоод гүйж байгаа. Би ямар их баярлаж байгаа гээч” хэмээн Б.Дөлгөөн ярьж байна. Жилийн өмнөөс шалгаруулалтад нь тэнцсэнээс хойш “Alliance Francais” төвөөс түүнийг үнэ төлбөргүй франц хэлний сургалтад тогтмол хамруулжээ. Энэ нь тэд шууд мөнгөөр тусалж болохгүйтэй холбоотой. Ийм учраас “Өөр бололцоотой тусламж юу байна, хэлээрэй” хэмээж буй аж. Энэ ч үүднээс “Шинэ үзэсгэлэнгээ бүтээл худалдах зорилгоор нээгээд үз л дээ” гэж зөвлөжээ.

Францчуудын зөвлөгөөг хүлээн авч, Б.Дөлгөөн өнгөрсөн долоо хоногт “Soul” нэртэй үзэсгэлэнгээ дэлгээд байна. “MN Art Gallery”-д дэлгэгдэж буй эл үзэсгэлэн баасан гарагт бууна. Энэ зун тэрбээр “Synchronicity” хэмээх томоохон үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд энэ удаад уран бүтээлчийн хувиар цоо шинэ өнгө, элементийг өөртөө нээсэн нь алтан шаргал өнгө байв.

Сэтгүүлчийн хувьд "Soul”-ээр ороод, Б.Дөлгөөнтэй хальтхан ярилцаад гарахдаа өмгөөлөн өмөлзөж ийм бичвэртэй ирлээ.

“Soul”-ийн нэг булангаас цоо шинэ амирлал, хүсэл тэмүүлэл мэдрэгдэнэ. Б.Дөлгөөний бараан өнгө давамгайлсан, эдүгээх ертөнцийг мэдрэмжид суурилан өөр, ондоо байдлаар хэлбэржүүлдэг онцлог нь үүн дээр үл ялиг эвдэгдсэн гэлтэй. Сэнсэн хэлбэр бүхий дүрслэлүүд, мөн алтан шаргал өнгөтэй гоцлол элементүүд түүний эл үзэсгэлэнд зориулан урласан шинэ бүтээлүүдээс хүчирхэг хонхот аялгууг жингэнүүлж байна.

Өөрөөр хэлбэл, ихэд нам жим, цаг хугацааг удаашруулан зогсоосон мэт, ингэхдээ хамгийн автам, амьсгаа дарам чанадын бараан шинжтэй түүний бүтээлүүд дундаас энэ шинэ элемент удахгүй оролцох олон улсын хөтөлбөр, тэндээс горилж буй шинэ үр өгөөжид тэмүүллүүдийг нь илэрхийлж буй мэт.

Б.Дөлгөөний “Soul” үзэсгэлэнд холимог техникээр ажилласан, бидний эчнээ танил болсон бүтээлүүдээс гадна оёмол,  хатгамал хувцас ч гэмээр, хүн ч гэмээр биетүүд өлгөөтэй байна. Эдгээр нь нийлээд хүмүүсийн дотоод мэдрэмжүүд, бодлууд, хийсвэр шинж чанарууд Б.Дөлгөөний гараар бодит материалуудад шингэн, “шүглэжээ” гэмээр агзасхийм хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Францын нийслэл Парис хотноо гурван сарын турш зохион байгуулагдах “Cité internationale des arts” хөтөлбөрт Б.Дөлгөөн өөрийгөө баталж чадвал жил бүр монгол уран бүтээлчид тийш очиж, өөрсдийгөө дэлхийн хэмжээнд сорих аян зам нээгдэх юм. Б.Дөлгөөн “Элдэв зүйлд сатаарахгүй, яг гурван сарын турш тэр орчинд уусаж, уран бүтээлээ хийнэ гэдэг нь олзуурхууштай. Өөрийгөө бэлдэх, бэлтгэх чухал. Сэтгэл зүй болоод мэдрэмжээ бэлтгэж амжихгүй, зардал гэх мэт ахуйн асуудлуудад уягдаад байвал амаргүй шүү дээ” гээд инээв. Ямартай ч ирэх, очих онгоцны зардлыг нь Франц улсын Элчин сайдын яамнаас гаргаж өгчээ.

“Soul” үзэсгэлэн нээгдсэнээс хойш хоёр уран бүтээл худалдагджээ.

Энэ мэдээж Б.Дөлгөөний хувьд илтэд мөнгөн тусламжийг ард түмнээсээ гуйж байгаа хэрэг биш. Гэхдээ гадны улсын элчин сайдын яам нь урлагийг дэмжигч дотоодын төр болон төрийн бус байгууллага, иргэдээс илүү санаа, санаачилга гаргаж буйгаас нь бид нэгийг бодууштай. Өөрөөр хэлбэл санаачлан хийж буй “Soul” үзэсгэлэнд нь урлагт хайртай олон нийт өргөнөөр оролцож, таалагдсан бүтээлээ худалдаж авах нь нэг талаас ёс зүй, хүнлэг ёсны, нэг талаас үүрэг хариуцлагын асуудал ч гэлтэй.

“MN Art Gallery” нь “MN Tower”-ын дөрөвдүгээр давхарт шилжин байршаад буй. Уг үзэсгэлэн сонирхон сурвалжлах хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд бүрэн нээлттэй бөгөөд урлагт хайртай, Монгол дахь урлагийн хөгжлийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийг уриалан дуудаж байгаа юм. Та тэндээс Б.Дөлгөөний цоо шинэд тэмүүлэн, гал дүүрэн алтан шаргал элементийг олж хараад нэгэн мэдрэмжийг өөртөө тээнэ.


ӨМНӨХ ЯРИЛЦЛАГА| Контемпорари артист Б.Дөлгөөн: Хүсээгүй ч бид нэгэндээ нөлөөлж, бас хамаарч амьдардаг

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button