“Хатан” хамтлаг “Дэлхийн дуу хөгжим" наадмаас дэд байрын шагнал хүртлээ

Хатан хамтлаг олон улсын ардын урлагийн наадамд оролцон дэд байр эзэлжээ
UNESCO- ын биет бус соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох “Дэлхийн дуу хөгжим олон улсын ардын урлагийн наадам”-д Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, өмнөх амжилтыг ахиулан дэд байранд шалгарлаа.
Узбекстан улсын Самаркaнд хотноо 12 дахь удаагаа зохиогдож буй уг наадамд дэлхийн 75 орон оролцсоноос Монгол улсаас эмэгтэй уран бүтээлчдийн Хатан хамтлаг хоёр дугаар байр эзлээд байгаа юм.
Хатан ¨хамтлагийн уран бүтээлчид бүтээлүүдээ өөрсдөө зохиож найруулдаг бөгөөд энэ удаагийн.наадамд Хатан, Бөө, Говь , Бүсгүйн заяа бүтээлүүдээрээ оролцжээ. Оногдсон 20 минутын хугацаанд Монгол хөгжмийн баялаг дуугаралт Монгол ёс заншлаа таниулахыг зорьж дээрх дөрвөн бүтээлийг бэлдсэн байв. “Говь” зохиолд ботгоо голсон ингэ хөөслөx, “Бөө” зохиолд бөөгийн уриа дуудлагыг амилуулан харуулсан ба хуур, шанз, ятгын гоцлол болон уртын дуу, хөөмий гээд бүгдийг нь багтаан харуулжээ. Хатан хамтлагийн уран бутээлч Н.Уранчимэгийн бүтээлүүд болох ¨Хатан ¨, ¨Бөө¨ гэсэн зохиолууд үзэгч олны таашаалд ихээхэн нийцэж, халуун алга ташилтаар тэднийг дэмжиж байлаа.
Хатан хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хөгжимчин, нэг бүжигчинтэй. Хамтлагийн бүрэлдэхүүнд шанз, морин хуур хөгжимчин Ж.Энхтуяа, хөөмэйч Π.Өсөхжаргал, шанз, ятга хөгжимчин Н.Уранчимэг, морин хуурч Н.Хулан, бүжигчин Ц.Ариунаа нар байна. Тэд Герман улсад тус чиглэлээр ажиллаж амьдардаг бөгөөд Европын орнуудад Монголынхоо соёл урлагийг сурталчлан таниулсаар өдгөө зургаан жилийг ардаа үджээ.
Тус тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд манай улсаас анх 1997 оны анхдугаар наадамд хөгжмийн зохиолч ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайгаар ахлуулсан Ардын дуу бүжгийн чуулгын хамтлаг оролцон гуравдугаар байр хүртэж байсан түүхтэй.
Т.САНТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.