THE GUARDIAN: Жошуа Вонг бол олон мянган босогчдын нүүр царай

Хонг Конгийн бослогыг 2014 оны “Шүхэрт хөдөлгөөн”-с хойш удирдан явуулсан, про-демократик намын үүсгэн байгуулагч, 22 настай Жошуа Вонгийн тухай The Guardian сайт онцолсныг орчуулан хүргэж байна. /Нийтлэлч Таниа Браниган/
-“ЧАМАЙГ ХЯТАДЫН ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛБЭЛ ХОЁР САЯ ХҮН ГУДАМЖИНД ГАРНА”-
Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй залуу тэмцэгч Жошуа Вонг “Шүхэр хөдөлгөөн”-ийг өрнүүлснийхээ хариуд шоронд хоригдож байсан түүх 2014 онд болж хоцорчээ. Тэр үед бослого тэмцлүүд ил далд хэлбэрээр оргилон гарсаар байлаа...
Түүний найз бүсгүй Агнес Чоу нэгэнтээ, “Зургадугаар сарын 17-нд чи суллагдах учиртай. Гэвч үүнээс өмнө хэрэг аль хэдийнэ Хятадын шүүх рүү шилжих байх гэж би бодох юм. Ингээд хоёр сая хүн шууд гудамжинд гарах нь тодорхой” хэмээн хэлж байсныг нь Жошуа хожим дурссан байдаг.
Урьд хожид үзэгдээгүй олон нийтийн уур бухимдал хотын захирагч Кери Лэмийг шахалтанд оруулж, хэрэгтнийг Хятадын шүүх рүү шилжүүлдэг хуулийг хүчингүй болгохыг шаардсаар, тэмцэл үргэлжилсээр байсан. Гэвч процесс 13 дахь долоо хоногтоо шилжмэгц Вонг, Чоу нар баривчлагдсан хэдэн зуун хүний нэг болж орхив.
Вонгийг баривчлагдахын өмнөхөн, бослогыг өрнүүлж буй про-демократик намын нарийн бичгийн дарга хэвлэлд нэгэн ярилцлага өгсөн юм. Түүндээ, бослогыг ийм хэмжээнд хүртэл өргөжин тэлж, үймээн самууны хэлбэрт хүрнэ гэж огт төсөөлж байгаагүй тухайгаа ярьсан байдаг.
-ЭНЭ УДААГИЙН БОСЛОГОД УДИРДАГЧ ГЭЖ ҮГҮЙ-
Жошуа Вонг:
“Тэд Хонг Конгийг хэзээ ч дахин засаглаж чадахгүй. Таван жилийн өмнө залуус фронтын тэргүүн эгнээнд жагсаж, эцэг эхчүүд нь тэднийг шүүмжилж байлаа. Гэвч залуу үе үнэхээр их зүйлийг өөрчлөлт рүү авчирч чадсан нь өнөөдөр харагдаж байна. Магадгүй хүмүүст босогчдын үйлдэл таалагдахгүй байж болно. Гэхдээ босогч биш хэрнээ иргэдийн оршин суудаг бүс нутагт гал нээж, нулимс асгаруулагч хэрэглэж байгаа цагдаа нар илүү сонин харагдаж байгаа биз?” хэмээж байв.
Тэмцлийг зориудаар үймээн самууны хэлбэр лүү татан оруулж буй цагдаа нарын эсрэг нийт хүмүүсийн тавны нэг нь зоригтой зогсож чадсан. “Улстөрийн шаардлагыг иргэд ийм хүчтэйгээр тавьж буй тэмцэл, хөдөлгөөн Хонг Конгийн түүхэнд байгаагүй” гэж Вонг хэлжээ.
Бага цалинтай, хавчиг орон сууцтай амьдрал залууст хүндрэлтэй байсан боловч ийм асуудлаар тэмцэл, бослого өдөөх сонирхол тэдэнд байсангүй. Тэрбээр, "Хонконгчууд өнгөрсөн зууны турш барууны орнуудын эдэлдэг үндсэн эрхүүдээ авахыг л хүсдэг” гэж байв.
Вонг бол 2014 оны хөдөлгөөний удирдагч. Шинэ намыг үүсгэн байгуулсан оюутан лидер. Харин энэ удаагийн бослогод удирдагч гэж үгүй. Тэр ердөө олон мянган босогчдын нүүр царай. Босогчид гудамжинд хуран цуглаж, эсвэл онлайн санал хураалтаар өөрсдийн шийдвэрийг гаргадаг.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.