“Замын-Үүд” чөлөөт бүс гацаанаас гарч, ХӨГЖЛИЙН ЗАМДАА орлоо

Дэлхийн 147 оронд 5387 гаруй чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж, улс орныхоо нийгэм, эдийн засагт том нөлөө үзүүлэн, хөгжлийн түлхүүр болж, бүс нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ болсоор.
Одоогийн байдлаар Монгол Улсын хувьд “Замын-Үүд”, “Алтанбулаг”, “Цагааннуур” гэсэн гурван чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоолоор “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосон байдаг.
Анх 1995 онд “Эдийн засгийн чөлөөт бүсийн үзэл баримтлал”, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай хууль”, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг тус тус баталснаар “Замын-Үүд” чөлөөт бүсийг байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Мөн Улсын Их Хурлаас 2015 онд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар өмнө нь мөрдөж байсан “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болгож Чөлөөт бүсийн тухай нэгдсэн нэг хуультай болсон.
Тэгвэл 2019 онд уг хуулийн зарим нэр томьёоны болон зүйл, заалт хоорондын зөрчил, хийдлийг арилгах үүднээс нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газраас өргөн мэдүүлснээр 2021 онд УИХ-аас /2021.12.17/ баталсан Хууль батлагдсанаар өмнөх хуулийн зүйл, хэсэг, заалт хоорондын хийдэл арилж төр болон хувийн хэвшлийн үйл ажиллагаа саадгүй, тогтвортой, хэвийн явагдах нөхцөл боломжийг бүрдүүлж, эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бий болгож өгсөн байна.
Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн /2021.12.23/ хуралдаанаар “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг”-ийг соёрхон баталсан. Энэхүү Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлагдсанаар хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлээд зогсохгүй бүтээн байгуулалтыг урагшлуулах, тухайн бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болж хөгжих гэх мэт олон эерэг зүйлийг бий болгох онцлогтой юм байна.
“Замын-Үүд” чөлөөт бүс дээр одоогийн байдлаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу 58,8 сая долларын хөнгөлөлттэй зээлээр авто зам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж, байгуулан 2017 онд улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр станцууд бүрэн ашиглалтад ороогүй байсан юм. Тэгвэл 2021 онд 90 мВ хүчин чадалтай Дулааны станцын туршилт, тохируулга хийхэд шаардлагатай нэг тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шийдвэрлүүлж, туршилт тохируулгын ажлууд хийгдэн Замын-Үүд сумын хэрэглэгчдийг нэгдсэн эх үүсвэрээс дулаанаар 100 хувь хангаж эхэлжээ.
2022 онд дээрх дэд бүтцийн станцуудын ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ариутгах татуургын станц, ус цэвэршүүлэх үйлдвэрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлуудыг нь хангаад байгаа юм байна. Мөн оны эхний улиралд багтаан чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийг цахилгаанаар бүрэн хангах үүднээс цахилгаан хангамжийн 16 ширхэг /2×630 кВА-ийн 10/04 кВ-ын/ дэд өртөөнөөс хэрэглэгчийг холбох тоноглолыг угсрах болон засварын ажлын зардлыг төсөвт суулган, шийдвэрлүүлсэн байна.
“Замын-Үүд” чөлөөт бүсэд өдгөө 66 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулагчдад 101.4 га талбайг төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар эзэмшүүлээд байгаа бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар 7 га, үйлдвэрлэлийн зориулалтаар 47.45 га, худалдаа үйлчилгээний чиглэлээр 20.05 га, агуулах ложистикийн 25.5 га, шатахуун түгээх станцын зориулалтаар 1.4 га талбайг тус тус олгосон бөгөөд бүтээн байгуулалтын ажлууд эхнээсээ хийгдэж, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Ийнхүү олон жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагаа эрчимжиж, дэд бүтцийн станцууд ашиглалтад орж, хууль, эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн төдийгүй цаашид аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх зэрэг бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, Евро-Азийг холбох гүүр болж хөгжих боломжууд нээгдэж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм.
РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.