“Эх орондоо л очихсон” кино нээлтээ хийлээ

“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачлан бүтээсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ.
Киноны продюсероор тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул ажиллаж СГЗ, сэтгүүлч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшн бүтээжээ.
Кинонд Covid-19 цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан, гэр бүлтэйгээ уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан зэрэг олон тохиолдлын эзэд болон гадаадад бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтжээ.
“Эх орондоо л очихсон” киноны зохиолч Г.Золжаргал "Кино дөрвөн сар гаруйн хугацаанд бүтсэн. Энэхүү киногоор аливаа тушаал шийдвэр, хэн нэгнийг шүүмжлэх гээгүй. Иргэдийн туулж өнгөрүүлсэн бодит түүхийг харуулахыг зорьсон. Хүн бол эх орны хамгийн үнэт эрдэнэ. Тиймээс хүний эрхийг нэгдүгээрт тавин, иргэн бид эх орноороо бахархаж, эх орон биднээр бахархсан цагт зөв цаг ирнэ” гэлээ.
“Эх орондоо л очихсон” баримтат кино дөрвөн хэл дээр хөрвүүлэгдэж олон улсын кино наадмуудад өрсөлдөх тул нийтэд нээлттэйгээр үзүүлэх хугацаа болоогүй аж.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.