ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Дэлхий Омикронд залгиулах уу, зайлуулах уу

Дэлхий нийт шинэ гарсан 2022 оныг коронавируст цар тахал эцэс болох сайхан он гэсэн итгэл найдвар дүүрэн, ойрын ирээдүйд дахин ийм аймшигт өвчин эмгэг дэгдэхгүй гэсэн найдвар тээн угтан авав.

Гэтэл, аймшигт халдварт өвчний Омикрон хувилбарын хурдацтай тархалт нь дэлхийн олон улс оронд тархаж, халдварын тоо огцом нэмэгдсээр байна. Энэ нь эрх баригчдыг шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэж эхэлсэн.

Дэлхийн улс орнууд коронавирусийн халдварын тархалтыг зогсоохын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтэлсэн мэдээллээс товчлон хүргэе.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 2022 онд улс орнууд “КОВИД-19”-ийн халдварын тархалтыг хяналтад авахын төлөө хамтран ажиллаж, цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдсэн. “Хэрэв улс орнууд явцуу үндсэрхэг үзэлдээ хөтлөгдөн, вакциныг нөөцлөхөөс зайлсхийх шаардлагатай байгааг Тедрос Адханом Гебрейесус уриалав.

“КОВИД-19”-ийн халдварт цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд 2022.01.07-ны байдлаар 300 сая гаруй халдвар илэрсэн гэж Америкийн Жонс Хопкинсийн Их Сургууль мэдэгдэв. Их Сургуулийн мэдээлснээр, Монголын цагаар 10:30 цагийн байдлаар дэлхий дээр 300,002,021 хүн коронавирусийн халдвар авсан ба тэдний бараг 58.5 сая нь АНУ-д бүртгэгдээд байгаа аж.

Өдгөө дэлхий дахин шинэ жилийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэж, олон орон иргэдийн дунд халдвар хамгааллын хүрээнд хязгаарлалт тогтоов.

ТУЙЛДСАН АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР...

Улс орнууд хил гаалиа хааж, гэр бүлийн гишүүдийг ч тусгаарлаж, зарим оронд мөн л урьдын нэгэн адил амны хаалтгүйгээр гэрээсээ гарахгүй байхыг сануулсан гээд тэсвэр тэвчээр барагдсан, туйлдсан амьдрал үргэлжилсэн хэвээр. Коронавирусийн халдварын үр дагавар хүмүүсийн өдөр тутмын амьдралд ийнхүү сөргөөр нөлөөлсөн хэвээр л байна.

ДЭМБ-ын тэргүүн зарим улс орнууд вакциныг нөөцөлж байгаа нь тэгш байдлыг ганхуулж, Омикрон хувилбар шинээр үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж эхэлсэн. Цаашид энэ янзаараа үргэлжилсээр байвал вирус урьдчилан сэргийлэх, таамаглах боломжгүй хэлбэрээр хувьсан өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ гэдгийг онцлоод, “Хэрэв бид тэгш бус байдлыг зогсоож чадвал цар тахлыг зайлуулж чадна” хэмээн цохон тэмдэглэсэн.  

УЛС ОРНУУДЫН ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙД

Омикрон хувилбарын талаар дэлхий нийтэд анх мэдээлсэн Өмнөд Африкт шинэ хувилбарын халдварын оргил үе аль хэдийн өнгөрсөн бололтой байгааг мэдэгдэж, шөнийн цагаар тогтоосон хөл хорионы цагийг цуцалсан.

Омикрон хувилбараар халдварласан тохиолдлуудын хүндрэх эрсдэл нь харьцангуй бага байгаа талаар Германы вирус судлаач Кристиан Дростен онцлоод, 2022 оны эхэн саруудад харьцангуй хэвийн өвөл болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Их Британи, Итали, Грек зэрэг хэд хэдэн оронд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрч байгаа юм.

ИЗРАИЛЬ: НЭМЭЛТ ТУН

Израиль улс 2020 оны арванхоёрдугаар сард ард иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. “КОВИД-19”-ийн эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалтаараа Израиль тэргүүлж байгаа тул дахин вакцинжуулалтад найдаж байгаа аж. Тус улс Омикроны халдварын давлагааг зогсоохын тулд вакцины дөрөв дэх тунг баталсан анхны улс болсон гэдгээрээ онцлогтой.

Дархлаа султай хүмүүст хамгийн эхэнд нэмэлт вакцин хийх ёстой байсан ч нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн Израилийн 60-аас дээш насны бүх оршин суугчид болон эмнэлгийн ажилтнуудад хийхээр болов.  

ГОЛЛАНД, АВСТРИ: ХӨЛ ХОРИО

Омикроны халдварын тархалтыг зогсоохын тулд Голланд /заримдаа Нидерланд гэх/ улс арванхоёрдугаар сард улс даяар хөл хорио тогтоосон. Нэгдүгээр сарын 14 хүртэл онц чухал бус системтэй бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа юм. Сургуулиудыг нэгдүгээр сарын 9-нд нээхээр төлөвлөжээ.

Тус улс ийнхүү хөл хорио тогтоож, Есус Христийн мэндэлсний баяр болон шинэ жилийн баярт ихээхэн нөлөөлсөн хязгаарлалтын хатуу арга хэмжээ нь иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Нэг дор олон хүн бөөгнөрч цугларахыг хориглосон шийдвэр гарсан ч гэлээ нэгдүгээр сарын 2-нд олон мянган хүн хөл хориог эсэргүүцэн гудамж талбайд олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцов.  

2021 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Австри улс мөн гурван долоо хоногийн хөл хорио тогтоов. Одоо тус улсын ихэнх бүс нутагт зөвхөн вакцинд хамрагдаагүй иргэдэд өөрийгөө тусгаарлах шаардлага тавьж эхэлсэн. Хөл хорионы үеэр иргэдийг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах, эмчид үзүүлэх гэх мэт шаардлагатай тохиолдолд л гэрээсээ гарахыг нь зөвшөөрч байгаа юм.

ГЕРМАН: БАС Л ХОРИО ЦЭЭР

Герман улс Зул сарын баярын дараахан олон хүн нэг дор цугларахыг хориглов. Учир нь, коронавирусийн Омикрон халдварын давлагаанд бэлтгэлээ хангаж эхэлсэнтэй холбоотой.

Үүний зэрэгцээ Герман улс Их Британи болон Өмнөд Африкийн найман улсыг коронавирусийн шинэ мутаци тархсан бүс нутгийн жагсаалтаас хасч, “КОВИД-19”-ийн халдвар өндөртэй бүс нутаг хэмээн ангилав. Ингэснээр, дээрх орны жуулчдын хувьд Герман улсад нэвтрэх нөхцөл хөнгөлөгдсөн гэсэн үг юм. Гагцхүү вакцины тунд бүрэн хамрагдсан хүмүүс л хорио цээрийн дэглэмийг дагаж мөрдөх шаардлагагүй болсон гэсэн үг.

Коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан Герман улсын оршин суугчдын 14 хоногийн хорио цээрийн дэглэмийг бууруулах боломжийн талаар эрх баригчид хэлэлцэж эхэлсэн. Шалтгаан нь хэт олон хүнийг нэгэн зэрэг тусгаарлах нь эргээд эрүүл мэндийн систем, цагдаа, гал сөнөөгч зэрэг гол дэд бүтцэд хүний нөөцийн хомстол үүсгэнэ хэмээн мэргэжилтнүүд санаа зовж байгаа юм.  

Тусгаарлалтын хугацааг арав байсныг долоо хоног болгон бууруулсан Франц, Испани улсын жишээг Герман улс ийнхүү дагахаар болж байгаа аж. Нөгөөтээгүүр,  Францад тусгаарлалтын хугацааг бууруулсан журам нь зөвхөн вакцины бүрэн тунг хийлгэсэн хүмүүст хамаарах юм.

ФРАНЦ: АМНЫ ХААЛТ ЗҮҮСЭЭР Л

Францад 2021 оны арванхоёрдугаар сарын эцэс гэхэд Омикрон хувилбар давамгайлсан тул халдварын тоо эрс нэмэгдэж эхэлсэн. Халдварын тархалтыг хязгаарлахыг хичээж тус улсын эрх баригчид шинэ хязгаарлалт тогтоож, нэгдүгээр сарын 3-наас эхлэн нэг дор битүү орчинд олон нийтийн арга хэмжээнд оролцогчдын тоог хоёр мянга, задгай талбайд таван мянга хүртэл болгон бууруулав. Эл шийдвэрийг гурван долоо хоногийн хугацаанд дагаж мөрдөх аж.  

Түүнчлэн ажил олгогчид ажилтнуудаа долоо хоногт гурваас доошгүй өдөр гэрээсээ ажиллах боломж олгохыг үүрэг болгосон. Мөн холын зайн нийтийн тээвэр, кино театрт хоол, ундаа худалдах, хэрэглэхийг мөн хориглов.

Хотын төв хороололд дахин амны хаалт зүүх шаардлагатай болов. Гэсэн ч, Эрүүл Мэндийн сайд Оливье Вераны хэлснээр, Францын эрх баригчид хөл хорио тогтоохоос татгалзаж байгаа нь ард иргэдийг амьдралаас нь бүрэн тусгаарлаж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж.   

ЯПОН, ТАЙЛАНД: ИЛҮҮ ХАТУУ НӨХЦӨЛ

Одоогийн байдлаар Азийн ихэнх улс орнууд Омикрон хувилбарын тархалтыг зогсоож чадсан ч гэлээ эргээд халдварын тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж эхлэв. Сүүлийн өдрүүдэд, тухайлбал, Энэтхэгт өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдсээр байна.

Тайланд болон Японы Засгийн газрууд сүүлийн долоо хоногт улс оронд нь Омикрон халдварын анхны тохиолдол илэрсэн даруйд гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх журамд хязгаарлалтын арга хэмжээг дахин сэргээв.

Хамгийн хатуу шаардлага тавьдаг, дэг журам чангатай Японы хувьд ихэнх гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглов.

Аялал жуулчлалын салбар нь тахал өвчинд нэрвэгдсэн Тайланд улс бусад орны жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн хэвээр байгаа ч тэд заавал хорио цээрийн дэглэмд хамрагдаж, өөрсдийгөө тусгаарлах журам үйлчилж эхэлсэн. Мөн “Test & Go” хөтөлбөрийг түр зогсоогоод байна.

ОХУ: ОМИКРОНЫ ХҮЛЭЭЛТ

ОХУ-д хоёрдугаар сарын эхээр Омикрон хувилбараас үүдэлтэй коронавирусийн өвчлөл шинээр нэмэгдэх төлөвтэй байна. Албан ёсны мэдээллээр, нэгдүгээр сарын эхээр тус улсад коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан 103 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

2021 оны арванхоёрдугаар сарын дундуур “Роспотребназдор” хүн амыг Омикроноос хамгаалах шинэ арга хэмжээний талаар зарлав. Үүнд, Омикрон хувилбарт халдвар авах эрсдэл өндөртэй орноос ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах хорио цээрийн дэглэм баримталж, PCR-ийн шинжилгээний хугацааг 72 цаг байсныг 48 цаг болгон бууруулах зэрэг шинэ журам мөрдөж эхлэх аж.

Үүний зэрэгцээ, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Владимир Стародубов хэлэхдээ, түүний хэлснээр энэ журам нь Омикрон халдвар илэрч байгаа ч ОХУ нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авах шаардлагагүй хэмээн мэдэгдэв.  

МОНГОЛ УЛС: ОМИКРОНЫ АРВААД ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Монгол Улсын хэмжээнд дотоодод Омикрон хувилбарт халдварын тохиолдол илрээгүй хэмээн тус улсын Эрүүл Мэндийн Яамнаас мэдээлэв. Батлагдсан бүх тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гэв.

Омикроны арав гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Өмнөд Суданаас ирсэн энхийг сахиулагч 10 цэрэг, Бангкок болон Туркээс ирсэн жуулчдад тус бүр Омикрон халдвар илэрчээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 773 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээлэв. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 393,550 болтлоо нэмэгдлээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 597 нь Улаанбаатар хотод байгаа ба халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд ба 143 нь орон нутагт, 33 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Одоогоор эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэж буй нийт өвчтөнүүдийн 725 нь хөнгөн, 1994 хүний ​​биеийн байдал хүнд, 463 хүний ​​биеийн байдал хүндэвтэр, 25 хүний ​​биеийн байдал маш хүнд байна. Нэг өдрийн дотор нэг хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Ийнхүү Монгол Улсад “КОВИД-19”-ийн улмаас нас барсан хүний ​​тоо 1,995 болж нэмэгдлээ.

ДЭМБ цар тахлыг зогсоохын тулд 2022 онд шинэ зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь долдугаар сар гэхэд дэлхийн бүх улс орны хүн амын 70 хувийг вакцинжуулалтад хамруулах юм.

Омикрон хувилбарт шинэ халдварыг дэлхий нийт хамтын хүчээр даван туулна гэдгийг ДЭМБ, олон улсын байгууллагууд санал нэгтэй мэдэгдэж байгаа юм. Тиймээс Омикрон, коронавирусийг зайлуулж чадах эсэх нь улс орнуудын хамтын ажиллагаа, вакцины тэгш хувaарилалт, ард иргэдийн дэг журам, ухамсраас шууд хамаарах зүйл болоод байна. Дэлхий Омикронд залгиулах уу, аль эсвэл түүнийг зайлуулах уу.

(Эх сурвалж: DW; Canews; BBC)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
самбуу
самбуу
1 сар 9, 2022 17:14

Цаана чинь шинэ хувилбар гарчихаад ( дельта омикроны гибрид ) делтакрон гэж нэрлэжээ.

Зочин
Зочин
1 сар 9, 2022 19:50

Манайхан чинь Шинэ жилээ тэмдэглэх болохоороо ямар ч вирусээс айхаа больчихдог юм байна лээ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button