ТОЙМ: Ахмадууд гялайж, Э.Мөнхжаргал ёндоорч, монголчууд цар тахлын айдсаас салсан өдрүүд

Өнгөрсөн долоо хоног буюу сар шинийн өдрүүдэд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЛҮНДЭНГЭЭР ТӨСӨВ ТОДОТГОЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭВ-
Сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд, ХНХ-ийн сайд нарт тэтгэвэр нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Гэхдээ олон нийт үүнийг зүгээр л ахмадуудаас оноо авах гэсэн ээлжит попрол нь гэж дүгнэж байв. Гэвч энэ удаа тийм байсангүй. Эл асуудлыг холбогдох хүмүүс нь маш яаравчлан шийдэв.
Засгийн газар яаралтай хуралдаж, тэтгэвэр, тэтгэмж нэмэх мөнгөн хөрөнгийг хаанаас гаргах талаар хэлэлцсэн. Тодруулбал, 2022 оны төсөвт тусгасан хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн Богд Зонхова цогцолбор, түүнчлэн Булган аймагт хийх Айрагны өргөө гэх мэт бүтээн байгуулалтуудыг нэн чухал биш хэмээн үзэж, түүнд төсөвлөсөн хөрөнгөөр тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр шийдсэн. Улмаар эл асуудлыг байнгын хороодоод хэлэлцүүлээд, битүүний урд өдөр УИХ-ын чуулганаар төсөвт тодотгол хийж, эцэслэн баталлаа. Өөрөөр хэлбэл төсөв тодотгохгүй, боломжгүй, тэтгэвэр нэмэх мөнгөгүй хэмээж байсан дарга нар Ерөнхийлөгчөөс нэг л лүндэн буулгахад бүгдийг зохицуулчихаж байна.

-“ХУУЛИЙН ХУЛГАЙ” ХИЙЖ, ЦАР ТАХЛЫН ХУУЛИЙГ ДАХИН СУНГАВ-
Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх сургаар олон нийт, ахмадууд баясан баярлаж суух хооронд УИХ чоно борооноор гэгчээр Төсвийн тодотголтой зэрэгцүүлэн хуулийн “хулгай хийв”. Тодруулбал, Цар тахлын хуулийг дахин зургаан сараар сунгаад баталчихав.
Уг нь сарын өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлээд байв. Тэгвэл эл хугацааг дахин зургаан сараар сунгаж, ирэх 12-р сар хүртэл сунгалаа.
Иргэд, олон нийт, улс төрчдийн зүгээс уг хуулийг дахин сунгах шаардлагагүй гэж үзэж байсан ч эрх баригчид хүч түрэн ийнхүү сунгаж буй юм.

-АХМАДУУДЫН МАГНАЙ ТЭНИЙЖ, САР ШИНИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААХ МӨНГӨТЭЙ БОЛОВ-
Төсвийн тодотгол хийж, маш шуурхайлан шийдсэн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг нэг л өдрийн дараа буюу битүүний өдөр ахмадуудын данс руу шилжүүлсэн нь ёстой магнай тэнийлгэсэн үйл явдал болов. Хэдийгээр ахмадуудын тэтгэврийг ийн нэмэх нь ирээдүйн тэтгэврийн сангийн өр алдагдал үүсгэх эрсдэлтэй байгаа хэдий ч яг одоо ахмадуудаа тэтгэж, дэмжихгүй бол тэд маань тэнгэрт хадсан юмны үнэд сөхөрч суусан билээ.
Битүүний өдөр үдээс хойшдоо багтаж бүх ахмадуудын тэтгэвэр нэмэгдсэн дүнгээр дансанд нь оров. Ахмадууд ч банкны АТМ-д өдөржин дугаарлан байж тэтгэврээ авч, сар шинийнхээ бэлтгэлийг хангав бололтой. Энэ удаа ахмадуудын тэтгэвэр дараах байдлаар нэмэгдсэн юм.
●Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөс 500,000 төгрөг,
●Хувь тэнцүүлсэн доод хэмжээг 300,000 төгрөгөөс 400,000 төгрөг
●500,000 төгрөгөөс дээш тэтгэврийг 15 хувиар
●Халамжийн тэтгэврийг 188,000 төгрөгөөс 288,000 төгрөг болгон тус тус нэмсэн юм.

-ГУРВАН ЖИЛИЙН ДАРААХ ХАВТГАЙРСАН ЗОЛГОЛТ-
Гурван жил цах тахалд дарлуулж, наадам, элдэв баяр цэнгэл, ёслол, сар шинээ тэмдэглэж чадаагүй нийслэлчүүүд үнэхээр ангаж цангаж байсан бололтой. 17-р жарны Сайжруулагч хэмээн усан бар жилийн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ удаа хэн ч хөл хоригдохыг хүссэнгүй.
Уг нь төр засгийн зүгээс гэр гэртээ ёслохыг уриалаад байсан. Гэвч цар тахлыг тоосон ч үгүй. Нийслэл болон орон нутагт хавтгайрсан золголт болж өнгөрч байна. Арга ч үгүй биз. Гурван жил цагдаагаар орон гэрээ хамгаалуулж, цагаан сараар машинаа унаад гэрээсээ алхам ч холдож чадахгүй хөл хорионы нөхцөл байдалд баярласан шүү дээ.
Энэ байдлаас ажиглавал монголчууд одоо цар тахлыг сэтгэлзүйн хувьд ялан дийлсэн бололтой. Одоо цаашид ямар ч хөл хорио, мутациас айхгүйгээр, зэрэгцэн амьдрах замыг сонгоод байна.

-ОД НЬ ГҮЙСЭН АЙМГИЙН ЗААН, УРАН БАРИЛДААНТ Т.БААСАНХҮҮ НАРААР ӨНГӨЛСӨН САР ШИНИЙН БАРИЛДААН-
Хэл ам, хэрүүл тэмцэлтэй байсан монгол бөхийн барилдаан Н.Батсуурь аварга буулт хийсний үр дүнд энэ удаа амжилттай болж, сар шинийн баярт зориулсан барилдаан сайхан болж өнгөрлөө.
Бөх сонирхогчдын таамаг дэвшүүлж байсан улсын цолтнууд бүгдээрээ өвдөг зороодож, од нь гүйсэн аймгийн заан, ирээдүйтэй залуу бөх Э.Мөнхжаргал урамтай сайхан барилдаж түрүүллээ. Э.Мөнхжаргал Архангай аймгийн Хотонд сумын харьяат бөгөөд 1996 онд төрсөн залуу бөх юм. Түүний уран хурц барилдааныг үзэж, сэтгэлийн цэнгэл эдэлсэн монголчууд монгол бөхийн тэр их хэрүүл тэмцлийг угаах шиг болов хэмээн ярьцгааж байна.
Түүнчлэн уран хурц барилдаанд улсын харцага Т.Баасанүү О.Хангайг этэж давсан тэр л мэх монгол түмнийг хэдэн өдөр ярих яриатай суулгав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tetgeweriin zoruu arilgana gedgee mdku humuus l tetgeweriin zoruug arilgaad bh ym. Emchiin tetgewer emchteigee adilhan ajilchiniih ajilchintaigaa adilhan vaihiig l zoruu arilgana gd bga shd ene udaagiinh uneheer ur dungui nemelt bolson zarim n 150, 200k nemuulj bhad zarim n 50 60k
3 жил цагаан сар хийж чадаагүй гэнэ,та бүхэн хараагүй болохоос хөл хориотойч гэсэн золгоод л байсан шүү...та нар юу мэдэх вэ дээ.