А.Ариунзаяа: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хуулийн орчныг сайжруулах шаардлагатай
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян өнөөдөр эхэлж байна. Энэ аяныг зохиох шалтгаан, нөхцөлийн талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхийн нийтээр 19 дэх жилдээ энэ өдрийг тэмдэглэж байгаа. Монгол Улс 2012 оноос хойш энэ өдрийн тэмдэглэж байна. Манай улс дэлхий нийтээс 10 жилээр хоцорч байгаа. Тиймээс "Нийгмийн хөгжил эрэгтэйчүүдийн манлайлал"-ын асуудлаар энэ сэдвийг хөндсөн. Эрчүүдийн өвчлөлд зүрх судас болон хорт хавдар эзэлж буй. Салбар бүрээр нь авч үзвэл олдмол шалтгаан их байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 52 хувь нь ослоор бэрхшээлтэй болдог гэх судалгаа бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр уул уурхай, барилгын салбарын асуудал гэж ойлгоод байдаг бол энэ нь бүх салбарт анхаарч байх ёстой асуудал юм. Статистик мэдээллийг харахад үйлдвэрлэлийн ослоор жилд 30 гаруй хүн нас барж 200 гаруй хүн хүнд бэртдэг. Үүний ихэнх нь эрчүүд байна. Ийм ослыг нуун дарагдуулах тал байдаг. Үүнийг нуух биш, урьдчилан сэргийлэх чухал юм.
Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах маш чухал. Хуулийн орчныг нь ч шинэчлэх шаардлага байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хувь хэмжээнээс хамаарч тэтгэмжийг олгодог. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ч мөн нийгмийн даатгалаас олгодог. Хэрэв үүнд хамрагдах боломжгүй бол халамжийн тэтгэвэр, тэтгэмж авна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.