Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар өндөрлөлөө. Чуулганы хуралдааны эцэст УИХ-ын дарга "Монголынхоо нийт ард түмэнд, дэлхий даяар тархан суугаа монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлээд хаасан юм.
Гишүүдийнх нь тал хувь нь шахуу Ерөнхий сайдаа дагаад Сингапур руу "намирчихсан" тул өчигдөр УИХ-ын чуулганы танхим эзгүй шахам, "хурдхан дуусгаад амрах юмсан" гэх залхсан хэдэн царайтай хэдхэн гишүүдтэйгээр хаалтаа хийлээ.
-80 ХОНОГТ 341 ХУУЛЬ, 44 ТОГТООЛ БАТАЛЖЭЭ-
МАН-ын олонхийн бүлэг хаврын чуулганы хугацаанд олон хууль баталсныг нь тооцвол маш сайн ажиллалаа. Гэхдээ тооноос илүү чанар, үр дүн гэж нэг юм бий. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал маш хүндэрсэн, иргэдийн цалин цаваг хаанаа ч хүрэхээ больсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэд хоногийн хоолоо арай ядан залгуулдаг болчхоод байхад ТЭД тоонд ач холбогдол өгч, болсон болоогүй хуулийн төсөл баталж, үл мэдэхийн үлгэрээр нүд балай, чих дүлий суусаар наадам хүргэв.
"Иргэдийн асуудлыг шийдэх мөнгө алга, аргагүй байдал хэмээн" хойш тавьчхаад энэ асуудлуудаа ойрын хугацаанд шийдэж болох бодлогын, "амьдралтай" хуулиуд төдийлөн баталсангүй. Морь малтай, бөх сонирхдог хэсэг гишүүдийн лобби орсон Баяр наадмын хуулийг наадмаас өмнө амжуулаад баталж чадлаа. Улс орны бодлогын асуудал ярих байтал морь мал, бөх гэж төрийн ордондоо талцан хуваагдаж, хэрэлдэж байгаа нь муухай харагдаж байгааг ч дотроосоо анзаарсан гишүүд шүүмжилж байв. Гэх мэт.
-ИРГЭДЭЭС АЙСАН ЭРХ БАРИГЧИД ҮХНӨ ХИЙХЭЭС ЭМЭЭВ-
Түүнчлэн дарга нар, эрх баригчдын толгойд дахиад цаашаа хэдэн жил олонх байж болох вэ, яавал дахиад олуулаа төр барих вэ, яавал Засгаа олонхоосоо бүрдүүлж, яавал олон гишүүнтэй болж, төсвийн мөнгө хуваах вэ гэх бодлууд л эргэлдэх шиг. Хаврын чуулганы өдрүүдэд салбарын голдуу хэсэг хуулийн төсөл баталснаас гадна ҮХНӨ хийж болзошгүй хэмээн баахан бужигнууллаа.
Уг нь тэр эрчээрээ ҮХНӨ-өө хаврын чуулгандаа багтаагаад баталчих байсан ч иргэдийнх нь амьжиргаа, ядуурал, нөхцөл байдал тартагтаа тулж, ҮХНӨ-д анхаарах байтугай хоногийн хоолоо залгуулах хүчгүй болж, маш их бухимдалтай байгааг гишүүд нь тойрогтоо ажиллах долоохон хоногийн хугацаандаа мэдрээд ирэв. Тиймдээ ч шуудхан ҮХНӨ хийхийг иргэд дэмжиж байна гэчихэж чадалгүйгээр, намын бүлэг дотроо нууцхан ярилцаад, энэ асуудлыг түр хойшлуулж буй бололтой дүр зураг харагдаж байна. Гэхдээ наадмын дараахан ээлжит бус чуулган зарлаад, гэнэт хэлэлцэхийг ч үгүйсгэхгүй.
-АН-ЫХАН УЛСЫН АЖИЛ ХИЙСЭНГҮЙ-
Харин УИХ дахь АН-ын хэсэг нөхөд хаврын чуулганаар хэрэлдэж, албан тушаал, бүлгийн даргын сандал суудлын хэрүүлээ хийсээр хайран дөрвөн сарыг барлаа.
Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой тэд өөрсдийнхөө ч учрыг олохгүй хэдэн сар хэрэлдсэний эцэст, хаврын чуулганы хуралдааны өмнөх өдөр л нэг юм учраа олох гарцыг нээв.
О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломжийг нээх заалт бүхий Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Улмаар уг хуулийн төсөлд хориг тавьж болох Ерөнхийлөгчийн мэдлийн тав хоногийн хугацаа өчигдрөөр тасалбар болж, эл хууль хүчин төгөлдөр болж байна. Ингэснээр найман сар намын бүлгийн ажлыг гацааж, АН-аа улам хүнд байдалд оруулсан Д.Ганбат "бууж өгөв".
Үндсэндээ АН-ын бүлгийнхэн энэ хугацаанд улсын ажил хийсэнгүй. Чуулганы хуралдаанд ч тэд хүчгүйдэж, олонхийн бүлэг хуулийн төслүүдээ "хүчиндэж" баталсаар дуусгалаа. АН-ынхан сүүлдээ чуулганы хуралдаанд намынхаа асуудлаас өөр зүйл ярихаа больж, тэгж л хүчгүйдэж, шалдаа бууснаа харуулсан хаврын чуулган байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН-ынхан сүүлдээ чуулганы хур�##�даанд намынхаа асуудлаас өөр зүйл ярихаа больж, тэгж л хүчгүйдэж, ш�##�даа бууснаа харуулсан хаврын чуулган
Тогоо тойрсон ахуйн хэрүүүлээс өндийдгүй улс төрчид
АН-хан яг үнэнэээ хэлэхэд улсын ажил хийсэнгүй